Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* /РД: *******/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын ************** гэх газар шалтгаангүйгээр зүүн хөл хэсэгт нь хутгалсаны улмаас зүүн цавь хэсэгт суваг нээгдсэн, дээш хэвлийн хана хүрсэн, доош хуухнагт хөндий үүсгэсэн шарх гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэр төрсөн эгч болох 17 цагийн орчим очоод ойр зуур юм хийж байтал орой болчихсон. ...Машин руу нь алхаж байтал ******* ах машинаас бууж ирээд мэнд усгүй миний зүүн хөл рүү дүрчих шиг болсон. Удалгүй хөл дагуу халуун оргих шиг болохоор нь хамт эгчийнд ороод өмдөө тайлж үзтэл зүүн хөлийн цавь хавьцаанаас цус гарч байсан. Ойролцоогоор 2 см байх шиг байсан. Согтуу л байсан байх. Хоорондоо тэр үед юм ярилцаагүй юу ч дугараагүй ирээд л шууд хөл рүү дүрчихсэн. ...Надад гомдол санал байхгүй санаандгүй л асуудал болчихлоо гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 тал/,

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: манай хадам ээжийн гэрээс ганцаараа гарч бид нарыг чиглээд ирж байтал ******* миний хажуугаас машинаас буунгуутаа гараараа түлхэх шиг болсон. Тэгтэл “намайг хутгалчихлаа, шаачихлаа” гээд орилтол би машинаасаа буугаад цааш нь түлхээд ээжийн гэр рүү авч орсон. Тэгээд гэрт оруулаад хартал зүүн хөлний цавь хавьцаанаас цус гараад байхаар нь би машиндаа суугаад эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хүмүүс шуугилдаад байхаар нь сэртэл шөнө болчихсон *** ****ийн хөл рүү нь хутгаар хатгачихлаа гээд байхаар нь босоод ***гийн хөлийг хартал гуяных нь дотор талаас цус гарчихсан байсныг нь би харсан. Тэгээд би буцаад унтчихсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 тал/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай ...1. Үзүүлэгч **** биед зүүн цавь хэсэгт цавын суваг нээгдсэн, дээш хэвлийн хана хүрсэн, доош хуухнагт хөндий үүссэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 64-66 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 3-5 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 33-36 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 91-93 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч **** нь согтуугаар шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын **** баг **** гэх газар шалтгаангүйгээр **** зүүн хөл хэсэгт нь хутгалсаны улмаас зүүн цавь хэсэгт суваг нээгдсэн, дээш хэвлийн хана хүрсэн, доош хуухнагт хөндий үүсгэсэн шарх гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

 Шүүгдэгч **** хохирогч ****гийн бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна.

Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч ****д шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт хэрэгт гаргасан /хавтаст хэргийн 104 тал/ байна. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч ****н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

                                               Бусад асуудлаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгийн өмд нэг ширхэг, хар өнгийн босоо судалтай ноосон өмд нэг ширхэг, хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэгийг *****д буцаан олгож, хутга нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт *********г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгийн өмд нэг ширхэг, хар өнгийн босоо судалтай ноосон өмд нэг ширхэг, хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэгийг хохирогч *********д буцаан олгож, хутга нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА