Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн сумын ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* овогт ******* /РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг байранд хамтран амьдрагч “гичий минь юугаа хийгээд байгаа юм, гэртээ хариач” гэж хэлээд удаа дараа хана мөргүүлж, гараараа болон түлхүүрээр нүүр хэсэгт нь 2 удаа цохиж тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** цагийн орчим намайг ажил дээрээ байх үед манай нөхөр *** нилээд согтуу ирээд ...гичий минь юугаа хийгээд байгаа юм. Гэртээ хариач... гэж хэлээд ажлын үүдний коридорын ханыг миний толгойгоор 3 удаа мөргүүлж, гараараа миний нүүрний зүүн хэсэг рүү 1 удаа цохиж дараагаар нь гартаа түлхүүр барьж байгаад ахиад нүүрний зүүн хэсэг рүү 1 удаа цохиж зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. Тухайн үед болсон явдлыг миний том хүү *** хараад зогсож байсан бөгөөд *** боль гэж хориход “...чи дуугүй бай, ээжтэй чинь хамт ална шүү...” гээд байсан. ...**** урьд өмнө намайг 3 удаа цохиж зодож байсан. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ гэртээ согтуу ирээд агсам тавьж миний толгой руу гараараа 2 удаа, цээжний зүүн хэсэг рүү гараараа 2 удаа цохиж зодож байсан. Тухайн үед миний цээж хэсэгт хөхрөлт үүссэн байсан. 2022 оны 10 дугаар сард /өдрийн санахгүй байна/ намайг гэртээ малын өвс өгөөд малын хашаан дээрээ зогсож байтал **** согтуу ирээд “...чи наад үхэж байгаа малнууддаа яах гэж өвс өгөөд байгаа юм...” гэж уурлаад намайг малын хашаан дээрээс татаж унагаагаад нуруу руу өшиглөөд баруун шанаа хэсэг рүү алгадаж байсан. 2022 оны цагаан сарын үеэр /шинийн нэгний орой/ гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ “...чи өөрийнхөө морийг өөрийнхөө хүүхдээр унуулахгүй байж баячуудын морийг хүүхдээрээ унууллаа. Чи надаас хүүхдээ харамлалаа...” гээд уурлаад агсам тавьж миний толгой цээж, нуруу хэсэг рүү гараараа цохиж, өшиглөж, дэвсэж зодож байсан бөгөөд энэ удаагийнх 4 дэх нь болж байна. Би **** гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдраад 7 жил болж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 тал/,

Насанд хүрээгүй гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Аав намайг цохиж зодоогүй. Ээжтэй чинь хамт ална шүү гэж хэлсэн. Аав урьд нь намайг ээжийг, дүү нарыг, цохиж зодож байгаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 тал/,

Шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай: “...1. **** биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлуүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрхи гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-3 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Шүүгдэгч **** нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Г.Гандөш нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан тул хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч *****г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч ***** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хавтаст хэргийн 54 тал/ байна. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хохирол төлснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                          Бусад асуудлаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт **********г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА