| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03417/И |
| Дугаар | 183/ШШ2020/02784 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2020/02784
| 2020 10 14 | 183/ШШ2020/02782 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн .................. тоотод оршин суух, Ш овогт Л.Д /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Гэр бүлийн байдлыг буруу бичигдсэнийг зөвөөр тогтоолгож, залруулга хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:“... Миний охин ОХУ-ын В хотод амьдарч байсан хамтран амьдрагч Б.Г дээр очихоор 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Б-ний хамт өөрөө жирэмсэн 1998 оны 3 дугаар сарын 07-ны өдөр С боомтоор хил гарч очоод охин Н.Е-г 1998 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрүүлсэн юм. Миний хүү Н.Б нь 1998 оны 9 дүгээр сард 6 настай ОХУ-ын В хотод Орос сургуулийн 1-р ангид элсэн суралцаж байгаад өвчний улмаас 1999 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан юм. 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А боомтоор хил нэвтэрч охин Е-гийн хамт гэртээ ирсэн. Хүү Б.Б-ний лавлагааг судалгаанд хамрагдах зорилгоор гаргуулахад ОХУ-руу С боомтоор хил гарсан 1998 оны 3 дугаар сары 07-ны өдөр хүү Б.Б-ийг нас барсан гэж бүртгэгдсэн болохыг мэдсэн болно. Иймд хүү Б.Б-ний нас барсаны бүртгэлд залруулга хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Д нь гэр бүлийн байдлыг буруу бичигдсэнийг зөвөөр тогтоолгож, залруулга хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Л.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гарагх эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Л.Д нь Д.Б нарын хамт С төмөр замын боомтоор 1998 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гарч, 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Л.Д нь охин Д.Е-гийн хамт А авто замын боомтоор улсын хилээр орж ирсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Л.Д-гийн гадаад пасторт, ..................... газрын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Хүү Д.Бд 1998 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн болон 1998 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн эмчийн үзлэг хийсэн баримт, гэрч нарын мэдүүлгээр 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг нотолж байна.
Иймд 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Н.Б /рд:00000000/-ийг 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоож, Л.Д-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Н.Б /рд:00000000/-ийг 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ