Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч Я.*******

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг Ивээл хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, ******* овогт ******* ******* /*******/.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 02 шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын байранд эхнэр Я.*******ийг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

   Хохирогч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.******* ажлаасаа бууснаас хойш 2-3 хоногийн дараа шөнө гэртээ ирсэн. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр П.******* хамт архи ууж байсан хүмүүсээ дуудаад гэртээ архи уугаад унтчихсан. Би хүүтэйгээ хамт дэлгүүр орох гээд хувцсаа өмсөөд гар утсаа аваад гарах гэтэл П.******* гэнэт босож ирээд “чи муу юу гэнэ ээ” гээд миний хамар руу цохисон. Миний хамарнаас их хэмжээний цус гарсныг тогтоогоод П.*******ыг аргадаад унтуулсан. П.******* шөнө сэрээд эмэгтэй хүнтэй утсаар яриад гэрээс гарах гэхээр нь гэрээс гаргахгүй гэхэд “би чамаас сална” гэж хэлээд бид хоёр маргалдаад намайг 3 удаа чирч гулдарсан. Намайг жирэмсэн байхад хамар руу минь цохиж, чирч гулдарсанд гомдолтой байна. Энэ байдлаас болоод хамар битүүрэх, толгой өвдөх, хүүхдээ цаашид тээх боломжгүй болж авхуулах хэмжээнд хүргэсэнд гомдолтой байна...” гэв. /хх-ийн 12-16 тал/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 тоот дүгнэлтэд:

1. Я.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, умайн булчингийн чангарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/  

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 тал/

- П.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын байранд эхнэр Я.*******ийг зодож түүний биед “хамар ясны хугарал,  хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхын үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч П.*******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч П.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Я.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өнөөдрийн хуралд эмчилгээ хийлгэсэн нотлох баримтуудаа өгч амжаагүй тул цаашид хийгдэх эмчилгээ болон бусад зардлыг нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанд хохирогчид учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Я.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Харин Я.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон ба шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******аас сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

 

 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч П.*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух, хохирогч Я.******* //-д олгосугай. 

6. Хохирогч Я.******* нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ