| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын дугаар () багийн 01-******* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Ховд аймгийн сумын 12 дугаар (Цамбагарав) багийн нутаг дэвсгэрт 36 айлын орон сууцны үүдэнд 2023 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 21-22 цагийн орчимд хохирогч той таксины төлбөрөөс болж маргалдан харилцан зодолдож, улмаар хохирогчийн эрүү, нүүрний хэсэгт гараараа цохиж дээд эрүүний баруун талын 7 дугаар шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), хохирогч ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), шүүгдэгч *******ын биед хэргийн материалаар дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 04 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч ******* нь хохирогчид 288’000 төгрөгийг өгсөн нь шүүгдэгчийн дансны хуулгаар нотлогдсон (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас), мөн хохирогч “...Надад гаргасан гомдолтой холбоотой санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний хохирлыг барагдуулсан, миний шүдийг шинээр хийлгэж өгсөн” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Харин дээрх торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь үндэслэлгүй гэж дүгнэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.
Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид хуулиар 120 хоногийн дотор хэсэгчлэн, эсхүл бүтнээр нь төлөх боломж олгосон байхад түүний эрх зүйн байдлыг дордуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА