Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01692

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01911 дүгээр шийдвэртэй, Г.А-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Улаанбаатар хотын даатгал” ХХК-иас өөрийн эд хөрөнгийг барьцаалж 50 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаанд мөнгөө төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч Н-аар албадан төлүүлэхээр болсон. Н “Мөнх-Оргил трейд” ХХК-иар барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан. Дараагийн дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болохыг надад мэдэгдсэн. Үнэлгээний компани миний барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул зөвшөөрөхгүй. Иймд барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд талбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Г.А-өөс 59 701 084 төгрөг гаргуулж “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Г.А-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 49 дүгээр барилгын 4 давхарын 162 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Г.А, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Д, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийх “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтооход 180 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/27186, 4/27188 дугаар үнэлгээний мэдэгдлүүдийг хүлээлгэн өгч, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шинжээчийн үнэлсэн 180 500 000 төгрөгийн 70 хувь буюу 126 350 000 төгрөгөөр эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдэл мөн хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр талуудад мэдэгдлээр мэдэгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 90 250 000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч гуравдагч этгээдээр Г.Долгионыг оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А давж заалдах гомдолдоо: Миний бие "Улаанбаатар хотын даатгал" ХХК-иас 2015 онд 162 м.кв талбай бүхий өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьж, 50 000 000 төгрөгийн зээл авсан. Гэтэл миний бие зээлээ эргүүлэн төлж чадаагүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу "Улаанбаатар хотын даатгал" ХХК нь Н-аар албадан төлүүлэхээр болсон. Н шийдвэр гүйцэтгэлийн журмын дагуу зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийг "Мөнх-Оргил трейд" ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан болно. Түүнчлэн тус газраас дараагийн дуудлага худалдаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болохыг надад мэдэгдсэн. Гэтэл дээрх хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээ нь миний барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит бус үнэлсэн гэж миний бие үзэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан. Үүний дагуу тус шүүхээс хөрөнгийн үнэлгээний "Итгэлт Эстимэйт" ХХК-ийг томилон миний дээр дурдсан эд хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэсэн бөгөөд 224 574 466 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Тус шүүхийн шүүгчийн томилсноор дахин үнэлгээ хийлгэж, үнэлгээний хөлсөнд 200 000 төгрөг төлсөн. Миний бие өөрийн авсан зээлийг төлж чадахгүй санхүүгийн асуудалд орсон энэ үед нэмж зардал гарган дахин үнэлгээ хийлгэсний дараа шүүгч өөрийн гаргасан шийдвэрээ өөрчлөн дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн анх үнэлгээ хийсэн "Мөнх Оргил трейд" ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хувь хүний эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөн, зах зээлийн үнэд нийцэхгүй үнэлгээ гаргасныг шинжээч томилон нотолж өгнө үү. Дээрх шалтгааны улмаас миний бие өөрийн эд хөрөнгөө дахин үнэлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.А хариуцагч Н-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04672 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын даатгал” ХХК-иас нэхэмжилсэн 59 458 254 төгрөгийг хариуцагч Г.А төлөхийг хүлээн зөвшөөрсийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 5-6 дугаар тал/

Төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Н-аас Г.А-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 49 дүгээр барилгын 4 дүгээр давхрын орон сууцны зориулалттай 162 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. /хэргийн 41-42, 46-47 дугаар тал/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар  шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Н-аас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хэргийн 50, 52, 53-69 дүгээр тал/

Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны зориулалттай хэсгийн өнөөгийн зах зээлийн бодит үнийг 180 500 000 төгрөгөөр тодорхойлсон дүгнэлтийг нэхэмжлэгч Г.А-д 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдсэн байхад нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу 7 хоногийн хугацааг хэтрүүлж шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчөөгүй, шинжээч дүгнэлт гаргахдаа үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Г.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь энэ талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА