Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол /ҮД:1642/,

Шүүгдэгч Г.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Ганбаатарын Алтансүхэд холбогдох эрүүгийн 201626031531 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24 дүгээр гудамж, 09 тоотод оршин суух, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 435 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ВЙ91091716/ Тэмээчин овогт Ганбаатарын Алтансүх нь:

- 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 хороо, Дэнжийн автобусны буудлын орчим Н.Тодгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, Н.Тодгэрэлийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-10 /,  

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-14 /,

Хохирогч Н.Тодгэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Яармагийн Дэнжийн автобусны буудлын худаг дээр найз Б.Мөнхжин, М.Ганхуяг нарын хамт архи уугаад байж байсан юм. Тэгтэл замын цаана Г.Алтансүх 2 хүнтэй машинтай байж байсан.  М.Ганхуяг тэдэнтэй уулзахаар очсон ба араас нь Б.Мөнхжин бид хоёр очсон. Бид нар архиа хувааж ууж дуусгачихаад  дахин архи авч  Г.Алтансүхийн найз нартай нийлж ууцгаасан. Б.Мөнхжин, Г.Алтансүх хоёрыг яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Энэ хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би дундуур салгаад Б.Мөнхжинг “боль” гэсэн чинь Б.Мөнхжин больчихсон юм. Тэгтэл Г.Алтансүх орилоод дайраад байхаар нь би 1 удаа цохисон. Гэтэл намайг зөрүүлээд архины шилээр цохисон. Тэгээд би Г.Алтансүхийг архины шилээр цохихоор нь “ чи намайг шилээр цохьчихлоо” гээд шилийг нь булааж авах гэтэл Г.Алтансүх газар унасан. Би дээр нь Г.Алтансүхийн дээр нь гараад цохиод байсан чинь Г.Алтансүх газраас нэг юм аваад намайг цохичихсон. Тухайн үед би юугаар цохисныг хараагүй. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. ...Би Г.Алтансүхийг танина. Багын нэг нэгнийгээ мэддэг, найзууд байгаа юм...” гэжээ. / хх 21-22, 23-25 /,

Гэрч Б.Мөнхжин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед М.Ганхуяг, Н.Тодгэрэл бид гурав Дэнжийн автобусны буудлын улаан худаг дээр 1 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж ууж байтал Г.Алтансүх, Улаанаа, Бороо гурав архи уучихсан явж байсан юм. Бид гурав авсан архи дуусаагүй байхад М.Ганхуяг түрүүлээд Г.Алтансүх тэр гурав дээр очсон. Араас нь Н.Тодгэрэл бид хоёр очсон. Тэгээд бид нар мөнгөө нийлүүлж дахин нэг шил архи ууцгаасан. Г.Алтансүх нээх уухгүй гээд байсан. Би Алтансүхтэй юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн үед би согтчихсон байсан. Миний санаж байгаагаар Г.Алтансүхтэй муудалцаад Н.Тодгэрэл “больцгоо” гэж байсныг санаж байна. Маргааш нь М.Ганхуяг, “Н.Тодгэрийн толгой нь хагарсан” гэхээр нь би “толгой хагарсан бол гайгүй байлгүйдээ” гээд очсон чинь нүүр, толгой нь аймаар болчихсон, оёдол тавиулчихсан байсан... ” гэжээ. / хх 26 /,

Гэрч Л.Хүлэгсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн Дэнжийн автобусны буудал дээр нүүрс мод зардаг юм. Миний танил Г.Алтансүх, Батбаяр хоёр над дээр ирсэн юм. Тэгээд бид гурав юм яриад байж байсан чинь замын цаанаас Н.Тодгэрэл, 2 залуутай ирсэн. Би тэр хоёр залууг нь сайн мэдэхгүй урьд нь зүс бол харж байсан. Н.Тодгэрэлтэй хамт явж байсан 2 архи уучихсан байсан. Тэд нар дэлгүүрээс дахиад архи авчихсан ирсэн. Авсан архиа ууцгаах болоод манай ажлын хажуухан талд бид нар ууцгаасан. Тэгтэл замын хажууханд Н.Тодгэрэл, Г.Алтансүх хоёр маргалдаж байсан. Намайг очоод салгах гэтэл Н.Тодгэрэл Алтансүхийг 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Ингээд би тэр хоёрыг салгасан. Гэтэл Н.Тодгэрэл, Г.Алтансүх нар дахин маргалдаж, Н.Тодгэрэл Г.Алтансүхийг газар унагаагаад дээр нь гараад цохиод, газар хөрвөөгөөд байсан. Г.Алтансүх Тодгэрэлийг цохисон. Ойртоод харсан чинь Г.Алтансүхийн гарт ямар нэгэн зүйл харагдаагүй, би юугаар цохисон талаар нь мэдэхгүй байна. ...Тодгэрэл босож ирээд гайгүй байсан ба гэнэт хацарнаас нь цус гарсан. Тэгэхээр нь би түргэн дуудаж үзүүлсэн юм...” гэжээ. / хх 29 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15344 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Тодгэрэлийн биед  баруун гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, баруун хацар, духанд шарх, зүүн гарын сарвуунд шарх, зулгаралт, баруун гарын сарвуунууд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.5 Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгэдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэжээ. / хх 36 /,

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Н.Тодгэрэлийн биед учирсан гэмтлийн баруун гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. / хх 39/,

Шүүгдэгч Г.Алтансүхийг 2016.11.28-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 48-50 /,  2016.12.28-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 52-55 /,

Шүүгдэгч Г.Алтансүхийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 71 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтансүх мэдүүлэхдээ:  “…Он, сар, өдрөө сайн санахгүй байна. Тухайн үед Батбаяр гэдэг найзтайгаа уулзаад, Бороо ахын чингэлэг дээр очоод юм уугаад сууж байтал Ган-Эрдэнэ, Б.Мөнхжин, Н.Тодгэрэл нар ирсэн. Тэгээд Ган-Эрдэнэтэй юм яриад зогсож байтал Н.Тодгэрэл ирээд намайг 2 удаа цохиод авсан. Би юм яриагүй. Тэгээд бид нар худаг дээр очиж 75 гр тал шил “ Хараа” архи байснаас “уухуу” гэхээр нь би уугаагүй. Тэр архийг ууж дуусгаад дахиад 75 гр “Хараа” архи авч, манай найзын машин дотор сууж ууцгаасан. Тэгсэн Н.Тодгэрэл намайг дахиад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би “хоёулаа хүний машинаас бууя” гэсэн. Машинаас дөнгөж буугаад намайг татаж унагаад дээр гараад цохиод байсан.  Би тухайн үед  Н.Тодгэрэлийг юугаар цохисоноо мэдэхгүй байна.  Босоод ирсэн чинь Н.Тодгэрэлийн нүүрнээс нь цус гарч байсан. Бид хоёр багын найзууд. Би тухайн үед пиво уусан байсан. Хохиролд нийт 1.600.000 төгрөг өгсөн. Миний буруугаас болж Н.Тодгэрэлийн биед гэмтэл учирсан. Үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж барилгын ажил хийж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Алтансүх нь -2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 хороо, Дэнжийн автобусны буудлын орчим Н.Тодгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, Н.Тодгэрэлийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-10/,  

-  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-14 /,

 - “...Б.Мөнхжин, Г.Алтансүх хоёрыг яг юунаас болж маргалдасныг мэдэхгүй байна. Тэгтэл Г.Алтансүх орилоод дайраад байхаар нь би 1 удаа цохисон. Гэтэл намайг зөрүүлээд архины шилээр цохисон. Тэгээд би Г.Алтансүхийг архины шилээр цохихоор нь “ чи намайг шилээр цохьчихлоо” гээд шилийг нь булааж авах гэтэл Г.Алтансүх газар унасан. Би Г.Алтансүхийн дээр нь гараад цохиод байсан чинь Г.Алтансүх газраас нэг юм аваад намайг цохичихсон. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Н.Тодгэрэлийн мэдүүлэг/ хх 21-22, 23-25 /,

- “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед М.Ганхуяг, Н.Тодгэрэл, Г.Алтансүх, Улаанаа, Бороо бид нар мөнгөө нийлүүлж нэг шил архи ууцгаасан. Тухайн үед би согтчихсон байсан. Маргааш нь М.Ганхуяг, “Н.Тодгэрийн толгой нь хагарсан” гэхээр нь би “толгой хагарсан бол гайгүй байлгүйдээ” гээд очсон чинь нүүр, толгой нь аймаар болчихсон, оёдол тавиулчихсан байсан... ” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Мөнхжингийн мэдүүлэг  / хх 26 /,

 - “...Замын уулзварын хажууханд Н.Тодгэрэл, Г.Алтансүх хоёр маргалдаж байсан. Намайг очоод салгах гэтэл Н.Тодгэрэл Алтансүхийг 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Ингээд би тэр хоёрыг салгасан. Гэтэл Н.Тодгэрэл, Г.Алтансүх нар дахин маргалдаж, Н.Тодгэрэл Г.Алтансүхийг газар унагаагаад дээр нь гараад цохиод, газар хөрвөөгөөд байсан. Ойртоод харсан чинь Г.Алтансүхийн гарт ямар нэгэн зүйл харагдаагүй, би юугаар цохисон талаар нь мэдэхгүй байна. ...Тодгэрэл босож ирээд гайгүй байсан ба гэнэт хацарнаас нь цус гарсан. Тэгэхээр нь би түргэн дуудаж үзүүлсэн юм...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Л.Хүлэгсүрэнгийн мэдүүлэг/ хх 29 /,

- “...Хохирогч Н.Тодгэрэлийн биед баруун гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, баруун хацар, духанд шарх, зүүн гарын сарвуунд шарх, зулгаралт, баруун гарын сарвуунууд зулгаралт, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15344 тоот дүгнэлт...”  / хх 36 /,

- “...Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Н.Тодгэрэлийн биед учирсан гэмтлийн баруун гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг / хх 39/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Алтансүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Алтансүх нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 435 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Г.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Тэмээчин овогт Ганбаатарын Алтансүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтансүхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Алтансүхэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД