| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 221/2026/0027/З |
| Дугаар | 221/ШШ2026/0020 |
| Огноо | 2026-09-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 221/ШШ2026/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга,
Шүүгч Ц.Одмаа
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалтын “...хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ч.Б, Б.О, иргэдийн төлөөлөгч Г.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Хэргийн индекс: 221/2026/0027/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...1. Нэхэмжлэгч нь “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль”-д заасан Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байна.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу “татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийн дагуу татварын тооцоолол, тохируулга хийх” гэх мэт татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлдэг.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн дагуу Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд татварын холбогдолтой хэм хэмжээний актуудын талаар хуулийн дагуу тодорхой ойлголттой байх учиртай. Агуулгын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсвэл холбогдох байгууллагад хандан Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үйл ажиллагаанд өөрийн үүргийг гүйцэтгэж, хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ба хуулиар хүлээх үүрэгтэй.
Захиргааны хэм хэмжээний тус акттай холбогдох нэхэмжлэлийг гаргаж, маргаан бүхий асуудлыг шүүхийн журмаар хянуулан, нэг мөр шийдвэрлүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн.
2. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хэм хэмжээний актын заалтыг хүчингүй болгох агуулга бүхий гомдол, хүсэлт, шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газарт тус тус хандаж 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Эрх бүхий байгууллагуудаас хуулийн хугацаанд ямар нэг шийдэл бүхий хариу ирүүлээгүй.
Татварын ерөнхий газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “...журмыг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд... уламжилсан...” гэх агуулгатай албан бичиг ирүүлсэн.
3. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон “нөхөн ногдуулалтын акт үйлдэх” агуулга бүхий хэм хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.4, 60.1.6 заалтуудаар тодорхойлогдсон хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудад нийцээгүй байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна.
Манай үйлчлүүлэгчид экспортыг дэмжих төрийн бодлогод хамаарах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Журам”-ын энэ заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн төдийгүй үйлчлүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.
3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэн бүр хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй. Татварын төрөл, хувь, хэмжээг зөвхөн Улсын Их Хурлаар батлагдсан хуульд зааснаар тогтооно.
Татварын алба нь татвар шинээр зохиох биш, харин Улсын Их Хурлаас баталсан хуулийн хүрээнд татвар ногдуулах, тайлагнах, төсөвт төлүүлэх үүргийг гүйцэтгэдэг.
Гэтэл “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 заалтад “...хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” гэж журамласнаар “хуулиар ногдуулаагүй албан татвар”-ыг шинээр бий болгож байна.
Практикт “Журам”-ын 2.6 дахь заалтыг баримталж, хуульд заасан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт”-ыг орлуулан “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, хуулиар тусгайлан зохицуулаагүй татварын үүрэг, хариуцлагын үр дагавар бий болгох нөхцөл бүрдүүлж байна. Энэ байдал нь татвар зөвхөн хуулиар тогтоогдох Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн, экспортыг татвараар дэмжсэн төрийн бодлогын эсрэг чиглэсэн шинжтэй байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.
3.2. Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт “Татварын хяналт шалгалт хийх” харилцааг зохицуулсан.
Уг бүлгийн 41-44 дүгээр зүйлүүд нь “Татварын хяналт шалгалт” буюу “Татвар төлөгч хууль тогтоомжид заасны төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” агуулгын хүрээнд явагдана.
Харин 45 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт” буюу “Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт (төсвөөс буцаан авахаар тайлагнасан татвар) хуульд нийцсэн эсэхийг татварын алба хянан шалгана” агуулгын хүрээнд явагдана.
Маргаан бүхий журмын 2.6 заалт нь хуулийн 45 дугаар заалтын агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл журмын 2.6 заалтын тусгайлан эрх олгосон хууль нь Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл болно.
Тусгайлан эрх олгосон хуулийн зорилго нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл Албан татварын тэг “0” хувь хэрэглэх журмаар экспортыг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх.
Агуулга нь экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний орлогод тэг “0” хувиар Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах тул Улсын төсөвт албан татвар төлөх үүрэггүй. Иймээс худалдан авалтад төлсөн албан татварыг төсвөөс буцаан авах эрхтэй.
Хүрээ нь татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн хэмжээ болно.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт” нь татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх зорилготой. Хяналт шалгалтын үр дүнд илүү төлөлтийн хуульд нийцсэн хэсгийн үлдэгдлийг баталгаажуулж төсвөөс буцаан олгох, хуульд нийцээгүй хэсгийн дүнгээр илүү төлөлтийн үлдэгдлийг бууруулах нөлөөлөх бүхий “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт” болон уг актын салшгүй хэсэг болох “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан тооцоо” /ХШ-12 маягт/-ыг үйлдэхээр хуульчилсан.
Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан хяналт шалгалтын үр дүнд зөвхөн “Баталгаажуулах акт” үйлдэхээр хуульчилсан, үүнээс өөр захиргааны акт үйлдэх буюу “сонгох боломж”-ийг Татварын албанд олгоогүй, уг харилцаанд ерөнхий хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөтгөн хэрэглэх ёсгүй. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт”-ын загвар маягт нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэх үлдэгдлийг хэрхэн баталгаажуулах харилцааг туйлын ойлгомжтой тодорхойлсон.
Гэтэл журмын 2.6-д “…хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” гэж журамласан нь тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй.
Тухайлбал, Экспортыг дэмжих төрийн бодлогын эсрэг чиглэсэн буюу экспортлогч татвар төлөгчид татварын дарамт үүсгэх, “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэх замаар татвар төлөгчид хуульд заагаагүй нэмэлт татвар ногдуулах, нэг захиргааны актыг үндэслэж татварын өр үүсгэх болон илүү төлөлтийг бууруулах нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэх байх (Non bis in idem) шударга ёсны зарчмыг зөрчих үр дагавартай байна.
Иймээс энэ үндэслэлээр маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.
3.3. Татварын ерөнхий газрын даргын баталсан 2023 оны А/34 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын маягтыг, 3 дугаар хавсралтаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тооцоо” /ХШ-12 маягт/-г тус тус баталсан байдаг.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” нь татварын зөрчлийг тодорхойлох, нөхөн татварыг тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцох, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулах асуудлыг бүхэлд нь өөртөө багтаасан агуулгатай хэм хэмжээний акт юм.
Мөн “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.5 дахь заалтаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тооцоо” /ХШ-12 маягт/ нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын салшгүй хэсэг байна” гэж хуулийн дагуу журамласан.
Дээрх зохицуулалтын агуулга нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт”-ын үр дүнд “Баталгаажуулсан акт” үйлдэхээр системчилсэн, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн агуулга, зорилго, хүрээнд бүрэн нийцсэн болохыг илэрхийлнэ.
Тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн хэм хэмжээг А/34 тушаалын хавсралтуудаар (дээр дурдсанаар) ойлгомжтой, бүрэн хэмжээнд тодорхойлсон байхад мөн тушаалаар батлагдсан журмын 2.6 заалтад энэ хэм хэмжээний эсрэг агуулга бүхий “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэхээр журамласан нь хууль бус байна.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т заасан шийдвэрийн заалт хоорондоо зөрчилдөхгүй байх зарчмыг зөрчсөн. Нэг тушаалаар батлагдсан журмын заалт хоорондоо зөрчилдсөнөөс татварын хяналт шалгалтын практикт дараах зөрчлүүд гарч, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тухайлбал:
-Журмын 2.6 заалтыг баримтлан “Нөхөн ногдуулалтын акт” үйлдсэн тохиолдолд хууль ёсны “Баталгаажуулах акт”-ыг үйлдэх боломжгүй болж байна.
-Нэгэнт хууль ёсны актыг үйлдэх боломжгүй, гэвч хуульд заавал “Баталгаажуулах акт”-ыг үйлдэхээр шаардана. Энэ тохиолдолд “Нөхөн ногдуулалтын акт”-ын “Тэмдэглэх нь:” хэсэгт хэлбэрийн төдий нэг параграф болгон орлуулж байна.
-Ингэж хууль бусаар орлуулсан “Баталгаажуулсан акт” нь эрх зүйн ямар ч үйлчлэлгүй байна. Энэ актыг үндэслэж, хяналт шалгалтын гол зорилго болох Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн илүү төлөлтөөс зөрчилтэй хэсгийн дүнгээр буруулах болон “баталгаажуулсан үлдэгдэл”-ийг буцаан олгох харилцааг хэрэгжүүлэх боломжгүй байна.
Журмын заалт хоорондоо зөрчилдсөнөөс шалтгаалж тусгайлан эрх олгосон хуульд заагаагүй төрлийн акт үйлдэх нөхцөл бүрдүүлсэн төдийгүй хамгийн ноцтой нь Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлээр тусгайлан заасан “Баталгаажуулах акт” үйлдэх хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх, хуулийн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус журмын заалтаар орлуулах хууль бус практикийг бий болгосон байна. Иймээс энэ үндэслэлээр маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.
3.4. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар татварын албанд зөвхөн “Баталгаажуулах акт” үйлдэх эрхийг олгосон. Гэтэл журамд хуулиар эрх олгоогүй “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэхээр хэм хэмжээ тогтоосон, практикт хуулийг бус энэ хууль бус хэм хэмжээг баримталж байгаа нь татвар төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Иймээс энэ үндэслэлээр маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” эгжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2.1. Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг баталж дагаж мөрдөж байна” гэж гомджээ.
Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалыг ажлын 3 хоногт багтаан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/439 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр зохих бүрдлийг хангуулж хүргүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх бөгөөд хуулийн нөхцөл шаардлага хангаагүй бол 65.2 дахь хэсэгт зааснаар бүртгэлд бүртгэхээс татгалзаж, (60-62дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй) зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлтийг гаргаж, бичгээр холбогдох захиргааны байгууллагад хүргүүлэх зохицуулалттай.
Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байна гэж үзэж улсын нэгдсэн сангийн 6182 дугаарт бүртгэж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн байдаг.
Иймд нэхэмжлэлийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлсэн буюу хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.4, 60.1.6 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж дурдсан нь бүхэлдээ үндэслэлгүй юм.
Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт гэж Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно”, 67.3 “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” байхыг ойлгохоор заасанд хамаарахгүй болно.
2.2. Татварын ерөнхий хууль нь 14 бүлэг 86 зүйлээр татварын харилцааг зохицуулдаг бөгөөд есдүгээр бүлэг нь татварын хяналт шалгалт хийх харилцааг зохицуулсан 41-45 зүйл хамаарч байна. Тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж, мөн хуулийн 41.11-т “Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно:”, 41.11.1 “энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх;” гэж тус тус зааснаас үзэхэд татварын албан татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хяналт шалгалт хийх боломжтой.
Уг хуулийн 45 дугаар зүйлийн дагуу татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтад хамрагдах хүсэлтийг өөрөө харьяа дүүргийн татварын хэлтэст гаргаснаар тухай алба хянан шалган, баталгаажуулж, саналыг Том татвар төлөгчийн газрын хариуцсан нэгжид шилжүүлдэг. Тус хяналт шалгалтыг хийх явцад татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хянан үзэх бөгөөд аливаа зөрчил илэрсэн тохиолдолд татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт үйлдэх хийх эрхтэй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахаар хяналт шалгалт хийх явцад зөрчил илэрсний дагуу Нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн ямар сөрөг үр дагавар үүсгэж буйг нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.6-д заасан шаардлагыг хангахгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд “...татвараа төлөх нь зөв гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалтын “...хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6-д “Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэнэ” гэжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж зааснаас үзвэл, захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулж “хүчингүй болгох”, “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлага гаргаж болох бөгөөд шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д хүрээнд шийдвэр гаргахаар байна.
4. Тодруулбал, нэхэмжлэгчээс захиргааны хэм хэмжээний актыг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой бөгөөд зорилго нь захиргааны хэм хэмжээний акт “хүчин төгөлдөр болоогүй” гэдгийг тогтоолгоход чиглэгдэж байгаа бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой байх ёстой.
5. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно...” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/82 дугаар лавлагаанаас үзэхэд Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6182 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9 дугаарт нийтлэгдсэн болох тогтоогдсон буюу нэгэнт хүчин төгөлдөр болсон нөхцөл байдал тогтоогдож байна.
6. Нөгөөтээгүүр, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж тус тус зааснаас үзвэл, татварын алба эрсдэлд үндэслэн өөрийн санаачилгаар, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хяналт шалгалт явуулахаар байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын хувьд дээрх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т тус тус зааснаар татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ, улмаар дээрх саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэхээр зохицуулсан.
Түүнчлэн маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалт нь гагцхүү татвар төлөгчөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авахаар гаргасан хүсэлтэд үндэслэн хийсэн хяналт шалгалтад хамаарах бөгөөд ийнхүү хяналт шалгалт хийх хугацаанд зөрчил илрээгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдэх бол зөрчил илэрсэн тохиолдолд нөхөн ногдуулалтын акт үйлдэхээр зохицуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь Татварын ерөнхий хуулийн дээр дурдсан зохицуулалтууд болон “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалтыг системчлэн авч үзвэл, татварын алба татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын явцад зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд дахин тусдаа хяналт шалгалт явуулж, улмаар нөхөн ногдуулалтын акт үйлдэх ёстой гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, татварын алба нэгэнт хяналт шалгалт явуулах явцад татвар төлөгчийн зөрчил тогтоогдвол, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж зааснаар нөхөн ногдуулалтын акт үйлдэх нь хуульд нийцнэ.
7. Мөн Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Монгол Улсын татварын төрлүүдийг нэг бүрчлэн дурдсан бөгөөд “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалтад “...хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” гэж журамласнаар “хуулиар ногдуулаагүй албан татвар”-ыг шинээр бий болгосон гэх үндэслэл тогтоогдсонгүй.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтын үр дүнд “Баталгаажуулсан акт” үйлдэхээр системчилсэн байхад журмын 2.6 заалтад эсрэг агуулга бүхий “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэхээр журамласан нь хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан шийдвэрийн заалт хоорондоо зөрчилдөхгүй байх зарчмыг зөрчсөн” гэж тайлбарлах боловч нэг хяналт, шалгалтаар нөхөн ногдуулалтын акт болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг баталгаажуулсан актыг нэгэн зэрэг үйлдэхгүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бага зөрчил илэрсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдэх бөгөөд ингэхдээ татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тэмдэглэж, улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн илүү төлөлтөөс зөрчлийг суутгаж тооцож, үлдэх илүү төлөлтийг тус актаар баталгаажуулдаг бол албан татварын илүү төлөлтөөс давсан зөрчил илэрсэн тохиолдолд татварын алба нөхөн ногдуулалтын актыг үйлдэхээр байна.
Эдгээрээс үзвэл маргаан бүхий журмын заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” шаардлагад нийцсэн гэж үзэх бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй.
9. Дээрхээс үзвэл, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалтын холбогдох хэсэг нь Татварын ерөнхий хуулийг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудад нийцсэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр хэм хэмжээний акт байна.
10. Харин нэхэмжлэгч компанийн хувьд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байгаа энэ тохиолдолд маргаан бүхий журмын холбогдох зохицуулалт нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгээгүйн зэрэгцээ маргаан бүхий журмын үйлчлэлд огт өртөгдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн ямар сөрөг үр дагавар үүсгэж буйг нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой тусгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
11. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ийнхүү шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн “татвараа төлөх нь зөв гэж үзэж байна” гэх талаарх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т тус тус заасныг баримтлан “Б” ХХК-иас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6 дахь заалтын “...хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА