Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/03005

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020               11               05

                            183/ШШ2020/03005

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

                     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ......................................... тоот хаягт оршин суух, 1963 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Б овогт У.С /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...................................... тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Б овогт Л.Ц /рд:00000000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, хариуцагч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Л.Ц нь М.Б-ын өмчлөлийн, ................... дүүргийн 0 дугаар хороонд байрлах, 180 м.кв талбай бүхий, 0 давхар барилга барих зөвшөөрөлтэй, улсын бүртгэлийн Ү-000000000 гэрчилгээний 0000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр үнэлж, үүнээс 150 000 000 төгрөгт хаус барьж өгөхөөр, үлдэх 150 000 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч Л.Ц-ид өмчлөх эрхийг шилжүүлсэн, харин Л.Ц нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. М.Б нь энэ асуудлаар урд нь шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эхнэр У.С нь хууль ёсны өвлөгчийн хувьд уг шаардлагыг гаргаж байна. Иймд Л.Ц нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М.Б-той байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хүчингүйд тооцож, түүний эхнэр У.С-гийн хөндөгдсөн эрхийг сэргээж шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 180 м2 талбайтай 9 давхар барилга барих зөвшөөрөлтэй газар байсан. Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарын гэрчилгээтэй, 00000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг У.С-д шилжүүлж өгөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.С нь нь хариуцагч Л.Ц-ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, хөндөгдсөн эрхийг сэргээж, шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч зөвшөөрчээ. 

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны эцэст түүний шаардлагыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай гэж тодорхойлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М.Б, Л.Ц нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М.Б-ын өмчлөлийн, .................................. тоотод байрлах, 180 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг 150 000 000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцсон байна.

 

Худалдагч М.Б нь гэрээгээр хүлээсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.Цид шилжүүлэх үүргээ биелүүлж, Л.Ц-ид 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, харин Л.Ц нь гэрээгээр хүлээсэн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 150 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болжээ.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг.

 

Иймд М.Б нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар ...................................................... тоотод байрлах, 180 м.кв талбайтай үйлчилгээний барилгын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдагч тал болох М.Б нас барснаар түүний гаргасан нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд талийгаач М.Б нэхэмжлэгч У.С-гийн нөхөр болох нь түүний тайлбар, гэрлэсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдсон, У.С Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч, уг шаардлагыг гаргах эрхтэй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 150 төгрөгийн 70 200 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 907 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой боловч шүүх хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг,

маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2018/00000 дүгээр захирамжийн дагуу түдгэлзүүлсэн байдал нь уг шаардлагыг шийдвэрлэх, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй, саад болохгүй болохыг,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт шаардлагагүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ........................... тоотод байрлах, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч У.С-д шилжүүлэхийг, Л.Ц-ид даалгасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 150 төгрөгийн 70 200 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 907 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНГӨНТУУЛ