Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/03009

 

 

  2020         11             05

                  183/ШШ2020/03009

                    

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, .............. тоотод байрлах “Ц ХХК/РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. оршин суух Х овогт Ц-гийн  Б /РД:........./-д холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 93.744.800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, Н.А, Ё.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

          Нэхэмжлэгч “Ц ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд  гаргасан шаардлагадаа: Зээлдэгч Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ-0000 дугаартай зээлийн гэрээг байгуулан 60.000.000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зээлдэгч нь үндсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, мөн  гэрээний 4.7-д зээлийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн төлбөрт богдогдох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Ц.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлэн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй байна. Зээлдэгч Ц.Б-той байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-0000 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зээлийн хугацаа 6 сар буюу 2018 оны 02 дугаар сарын 13-нас 2018 оны 08 дугаар сарын 13-г хүртэл байна гэж заасны дагуу  зээлийн гэрээний хугацаа дууссан тул шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл үүсээд байна. Мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зээл төлөгдөх хугацаа дууссан нь  гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь зээлдэгчийг  зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж зааснаар төлбөрөө барагдуулахын тулд шүүхэд хандаж, зээлийн гэрээний өр төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............ дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрших 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн үндсэн хүүгийн үлдэгдэл 29.640.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.104.000 төгрөг, нийт 93.744.800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Ц.Б-оос 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-00000 дугаартай зээлийн гэрээний өр төлбөрт нийт 93.744.800 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Ү-......... дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 0  дүгээр байрны 0 тоот хаягт байрших 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан тусгаж өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Б-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч “Ц ХХК нь хариуцагч Ц.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93.744.800  төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 91.744.800 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

          Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч “Ц ХХК-иас 60.000.000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын  хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг  үргэлжлүүлэн сунгаагүй байна.  

          Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Ц.Б зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 3.000.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Ц ХХК-иас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудтай нийцэж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Хариуцагч Ц.Б-оос гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 2.000.000 төгрөгийг  үндсэн зээлээс  дутуу хасаж тооцсоныг зөвтгөж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлийг 58.000.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд  шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй.

Зээлдэгчид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 60.000.000 төгрөгийг олгосон тул 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн төлбөр 13.680.000 /60.000.000х3.8=2.280.000х6=13.680.000/ төгрөг болж байх бөгөөд үүнээс гэрээний хугацаанд төлсөн хүү 3.000.000 төгрөгийг хасаж тооцоход 10.680.000 төгрөгийг зээлийн хүүгийн үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцоход 20.520.000 /60.000.000х3.8=2.280.000х9 сар=20.520.000 төгрөг болж байна.

Гэвч нэхэмжлэгч “Ц ХХК-иас зээлийн гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 29.640.800 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ хэмжээгээр хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 4.140.000 төгрөгийг хангах үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.      

Иймд хариуцагч Ц.Б-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 58.000.000 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 29.640.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.104.000 төгрөг, нийт 91.744.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан Ц.Б-ын өмчлөлийн өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 616.674 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-оос 91.744.800 /ерэн нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Ц.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 616.674 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР