| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/04134/И |
| Дугаар | 183/ШШ2020/03042 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2020/03042
2020 11 09 183/ШШ2020/03042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................... тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 39 настай эрэгтэй, У овогт Ч.Э /рд:00000000/,
Нэхэмжлэгч: ............................ тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 34 настай эмэгтэй, З овогт М.Г /рд:0000000/ нарын,
Хариуцагч: ................................... тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Ш овогт А.Г /рд:0000000000/-д холбогдуулан гаргасан хохирол 2 479 950 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч: ........................................... тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 52 настай эмэгтэй, П овогт Д.Э /рд:0000000/-д холбогдуулан гаргасан 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгч Ч.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон М.Г, Ч.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Э ХХК-тай 2019 оны 10 сард байрны захиалга гүйцэтгэх гэрээний дагуу тухайн Баянзүрх дүүргийн байрыг очиж үзээд, А.Г, Э ХХК-тай ярилцаж тохиролцсоны дагуу .......................... өрөө орон сууцыг авахаар болж, урьдчилгаанд нь 29 000 000 төгрөгийг Э ХХК-д төлсөн. Үүний дараа, 2019 оны 11 дүгээр сард Д.Э-тай харилцан тохиролцож, түүнээс 0 өрөөг 0 өрөө болгох зөвшөөрөл авахад тэрээр манайх засвараа өөрсдөө хийнэ гэсэн тул 500 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Ингээд бид 3-4 хүний бүрэлдэхүүнтэй засварын багийг хөлслөөд, 1 200 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлж, 1 279 950 төгрөгийн барилгын барилгын материалыг худалдан авч, 2 өрөөг нь 3 өрөө болгож, өрөө тус бүрийг уналттай таазтай болгож, харанхуй өрөө нэмж гарган, жижиг өрөөтэй болгож, ариун цэврийн өрөөний плитаг бүрэн сольж тохижуулсан. Гэтэл засвар хийж дууссаны дараа бидэнд “энэ байрыг та нарт өгөх боломжгүй болсон, гэрээ цуцлагдсан” гэж утсаар мэдэгдсэн. Одоо бид өнөөдрийг хүртэл түрээсийн байранд, 4 хүүхдийн хамт амьдарч байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 500 000 төгрөгийг Д.Э-аас, засвар үйлчилгээний зардалд мөнгө гаргаж хохирсон тул 2 479 950 төгрөгийг А.Гаас тус тус гаргуулна” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх А.Г нь Э ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан, үүний төлбөрт дээрх орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар Э ХХК нь М.Г-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар ирж уулзаад байранд засвар хийе, 2 өрөөг 3 өрөө болгоё гэсэн санал тавьсан. Д.Э нэхэмжлэгч нарт зураг төслийн хүрээнд баригдсан барилга байдаг 2 өрөөг 3 өрөө болгоход зайлшгүй шинээр зураг төсөл хийх шаардлагатай, даацын хана гэх мэтэд өөрчлөлт орно гэж хэлсэн. Ингээд зургийн өөрчлөлт оруулахад ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн, үүний 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нар өгсөн юм. Иймд өрөөнд өөрчлөлт оруулсан талаар зураг нь байгаа, ямар нэгэн байдлаар Д.Э үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Гол нь 2 өрөөг 3 өрөө болгоход нь зориулж гаргасан төлбөр юм. Гэтэл Э ХХК нь цахилгаан шат нийлүүлэх боломжгүй болсон тул бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, уг орон сууцыг нэхэмжлэгч нарт өгөх боломжгүй болсон тул 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, буцаагаад 3 өрөөг, 2 өрөө болгож, хуурч унаад байгаа плита зэргийг өөрсдийн хөрөнгөөр засварласан байгаа. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э, М.Г нар нь анх шүүхэд хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг гаргуулах, Д.Э-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 500 000 төгрөгийг гаргуулах, А.Г-д холбогдуулан хохирол 2 479 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэгч нар хариуцагч Э ХХК-тай нэхэмжлэлийн шаардлага 29 000 000 төгрөг төлөх талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасныг баримтлан Ч.Э, М.Г нарын хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тусгаарлаж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02906 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд тус хуралдаанаар нэхэмжлэгч Ч.Э, М.Г нарын Д.Э-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 500 000 төгрөгийг гаргуулах, А.Г-ад холбогдуулан гаргасан хохирол 2 479 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд, дараах үндэслэлээр Д.Э-аас 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, А.Г-ад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримт, талуудын тайлбараар, Э ХХК, хариуцагч А.Г нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Цахилгаан шат нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Э ХХК нь 85 792 699 төгрөгийн үнэ бүхий цахилгаан шатыг А.Г-ад худалдах, А.Г нь төлбөрийг 100 хувь бартераар буюу ........................ талбайтай, 105 480 000 төгрөгийг үнэ бүхий 2 өрөө орон сууцыг цахилгааны шатны төлбөрт тус компанид шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Улмаар Э ХХК нь дээрх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Ч.Э, М.Г нартай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцыг 1 м2-ыг 1 400 000 төгрөг, нийт 81 200 000 төгрөгөөр нэхэмжлэгч нарт худалдахаар, нэхэмжлэгч нар урьдчилгаанд 29 000 000 төгрөг төлж, 2020 оны 5, 8, 12 дугаар саруудад сар бүр 17 400 000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч нар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 29 000 000 төгрөгийг Э ХХК шилжүүлж, гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлжээ.
Харин Э ХХК нь А.Г-ын өмнө гэрээгээр хүлээсэн цахилгаан шат нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, улмаар Э ХХК нь Ч.Э, М.Г нарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь мөн тогтоогдох тул нэхэмжлэгч нарын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандан, Э ХХК-иас гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
Улмаар талууд дээрх шаардлагын хүрээнд, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар харилцан тохиролцон эвлэрсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байна.
Иймд дээрх үйл баримтаар худалдагч тал болох Э ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон, үүнтэй холбогдон нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээний тал болох Э ХХК-иас шаардах эрхтэй байтал А.Г-аас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нар Д.Э-ын эзэмшдэг Хаан банк дахь 000000000000 дугаар дансанд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэлээ “...2 өрөө байрыг 3 өрөө болгох засвар хийхэд нь зориулж шилжүүлсэн боловч юу ч хийгээгүй тул үүнийгээ гаргуулна” гэж, хариуцагч Д.Э “...өрөө тусгаарлах, засвар хийх саналууд орж ирсний дагуу зургийн компанид хандсан” гэж тус тус тайлбарласан боловч хариуцагч нь уг татгалзлаа баримтаар нотлоогүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар хохирол 2 479 950 төгрөгийг Э ХХК-иас гаргуулахаар шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нарын нийт 31 979 950 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд төлсөн 317 850 төгрөгөөс өмнөх эвлэрсэн шаардлагад 255 221 төгрөгт холбогдох хэсгийг хуваарилсан тул үлдэх 62 629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А.Г-аас 2 479 950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Э, М.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ