| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 105/2024/0174/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 198
2024 02 26 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
Шүүгдэгч *******,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Я.Болортуяа нарыг оролцуулан эрүүгийн 2406 00000 0209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Харуул Алтай хотхон, 108 дугаар байрны 76 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны 108 дугаар байр руу явах замдаа эхнэр Л.Мөнгөнтуяаг пиво уусан гэх шалтгаанаар түүний нүүр, толгой руу гараараа удаа дараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны 108 дугаар байр руу явах замдаа эхнэр Л.Мөнгөнтуяаг пиво уусан гэх шалтгаанаар түүний нүүр, толгой руу гараараа удаа дараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч Л.Мөнгөнтуяагийн нүүр, толгой руу гараараа удаа дараа цохиж гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би өчигдөрхөн архины эмчилгээнээс гарчхаад яагаад нууцаар пиво ууж байгаа юм бэ гэж уурлаад эхнэрийнхээ нүүрэн тус газар 2 удаа алгадсан...Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаах дэлгэрэнгүй ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 32/,
Хохирогч Л.Мөнгөнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүүхэдтэйгээ тоглоод сууж байхад нөхөр У намайг архинд яваад ир гэхээр нь Сугараа гээд хүүхэдтэйгээ хамт дэлгүүр яваад дахиад 0.75 литрийн архи авчирч өгсөн. Тухайн айлын үүдэнд байсан пивийг хараад намайг У нууж архи уусан байна гээд толгой руу гараараа цохиж зодоход хамт байсан салгасан. Тэгээд гадаа машин дуудаад би арын суудалд суухад У машины урд талын суудалд суучхаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны гадна ирж зогсох хүртэл намайг архи уусан гэж гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч Д.Дагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд Харуул Алтай хотхон руу явж байхад У Мөнгөнтуяаг архи уулаа гээд уурлаад урд талын суудлаас хойд суудалд сууж байгаа Мөнгөнтуяаг гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/;
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1973 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Мөнгөнтуяагийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы зөрүү багатай далд хугарал, тархи доргилт, дух, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-ээс 2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлтээр /хх-ийн 18-19/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,
шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх 2 дахь дэх хэсэгт зааснаар *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Мөнгөнтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ