| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01461/и |
| Дугаар | 102/ШШ2020/02110 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2020/02110
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2020/02110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З-г суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Н-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т-т холбогдох
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу төлсөн 90,000,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 53,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Ж.Н нь иргэн Г.Ттэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр Г.Т өөрийн эзэмшилд байдаг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 16,139 мкв аж ахуйн зориулалттай хүчин Т гэрчилгээтэй газрыг эзэмших эрхийг шилжүүлэн, манай тал гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Би гэрээний үүргээ биелүүлж 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Г.Тийн Хаан банкны 0000 тоот дансанд 45,000,000 төгрөг, Тийн эцгийн Хаан банкны 00 тоот дансанд мөн 45,000,000 төгрөгийг тус тус өөрийн аав Жаргалсайханаар дамжуулан шилжүүлсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж 90,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Гэтэл уг газар болон түүний ойролцоох бүх газарт шаардах хуудас наасан байсан. Үүнийг үзээд Нийслэлийн газрын албанд хандаж тодруулахад уг авсан газар нь Газрын тухай хуульд заасан онцгой бүсэд хамаарах газар байсан. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Москва хорооллоос Яармаг хүртэл тавигдах ёстой зам дотор уг газар орсон тул үл хөдлөх хөрөнгө барих, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, ашиглах зэрэг асуудлыг шийдэх боломжгүй газрыг Баянгол дүүргийн газрын албанаас хууль зөрчиж олгосон газар болохыг олж тогтоосон. Үүнээс үзэхэд тухайн газрын эрх шилжүүлэх гэрээ цуцлагдах үндэслэл нээлттэй байгаа. Бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа манай төслийг эрсдэлд оруулж байгаа юм. Эрх шилжүүлэгч үнэн зөв мэдээлэл өгөх ёстой байсан үүргээ ноцтой зөрчсөн юм. Иймд урьдчилан шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг Г.Т болон түүний эцгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Ж.Нтай 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Т өөрийн эзэмшлийн аж ахуйн зориулалттай газрыг худалдсан байдаг. Талууд гэрээний 3.1.1 дээр үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2020 онд төлж дууссанаар эрх шилжүүлнэ гэж тохирсон байдаг. Г.Т нь 2013 оноос уг газраа хуулийн дагуу эзэмшээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 15 жилийн хугацаатайгаар сунгуулсан байдаг. Нөхцөл байдал бол бүрдээгүй. Нийслэлийн газрын албанаас тодруулга хийхэд үл хөдлөх хөрөнгө барих боломжгүй гэсэн хариу өгсөн гэж байна. Гэтэл барилга барих асуудлыг шийддэг газар нь Хот төлөвлөлтийн газар байгаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох Хот төлөвлөлтийн газраас холбогдох материалаа бүрдүүлээд зөвшөөрлөө авдаг байгаа. Газрын төлбөрийн үлдэгдэлгүй, ямар нэгэн эрхийн доголдолгүй газрыг Ж.Над шилжүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүсэн гэж үзэж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшигчид тавигдах шаардлагыг зохицуулж өгсөн. Дээрх хуулийн заалтанд тухайн газрыг эзэмшихэд Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрвээ аж ахуй нэгж байгууллага эзэмшүүлж болохоор газрыг манайх хуулийн дагуу эзэмшсэн. Мөн үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлыгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Г.Т нь Ж.Нтай 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16100/ хаягт байрлах Э-00, нэгж талбарын 000 дугаартай 1039.0 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг нийт 140,000,000 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцож 72 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж нотариатаар батлуулсан. Талууд байгуулсан гэрээний 3.1-р зүйлийн 3.1.1-т урьдчилгаа 90,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр төлөх бөгөөд үлдэх 50,000,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний төлөхөөр тохиролцов гэж заасны дагуу Ж.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний урьдчилгаа 90,000,000 төгрөгийг төлсөн. Иргэн Г.Т нь гэрээ байгуулсны дараа Ж.Над газраа бодитоор хүлээлгэн өгсөн бөгөөд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 3.1-р зүйлийн 3.1.1-т заасны дагуу...үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Н нь төлж барагдуулсны дараа гэрээний 3.2-р зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ талууд холбогдох байгууллагад бүртгүүлэхээр тохиролцсон. Гэтэл Ж.Н нь 2020 оны 04-р сарын 01-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж гэрээний үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзсан. Учир иргэн Г.Т нь 2013 оноос хойш уг газраа хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн нөхцөл, болзлын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тазар эзэмших эрхийн гэрчилгээ-нийхээ хугацааг 15 жилийн хугацаатай сунгуулж 000006741 дугаартай гэрчилгээ авсан. Өнөөдрийн байдлаар Г.Тийн газар эзэмшүүлэх гэрчилгээ болон гэрээ эзэмшүүлэх гэрээ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нөхцөл байдал бүрдээгүй бөгөөд нийслэл болон дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Түүнчлэн Ж.Над шилжүүлэхээр тохиролцсон газар нь аливаа эрхийн доголдолгүй, хүчин Т эзэмшэх шлгээ бүхий аж ахуйн зориулалттай газар юм. Иймд газар эзэмших эрх олгосон байгууллагын шийдвэр, бүртгэл үнэн зөв тул гэрээнийхээ үүргийг Г.Т биелүүлсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж заасны дагуу Ж.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 34 хоногоор хугацаагаа хэтрүүлсэн тул түүний гүйцэтгээгүй үүрэг болох 50,000,000 төгрөгнөөс гэрээнд заасан 0,2 хувиар алданги тооцож 34 хоногоор тооцоход нийт 3,400,000 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн. Иймд Ж.Наас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, алданги 3,400,000 төгрөг, нийт 53,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Н сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Г.Ттэй 2020 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.1-д заасны дагуу Эрх шилжүүлэгч нь газрын төлөв, байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэсэн, газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй газрын шилжүүлэх Ж.Над шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл эрх шилжүүлж авсан газар нь Зам, шугам сүлжээний газар, усны сан бүхий газар онцгой бүсэд хамааралтай газар байсан. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Москва хорооллоос Яармаг хүртэл тавигдах авто замын хил дотор орсон газар тул үйл хөдлөх хөрөнгө барих, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, ашиглах зэрэг асуудлуудыг шийдэх боломжгүй, газар байсан. Мөн хамгийн сүүлд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230\127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 1.3, 2.5, 3.9.11, 3.9.12 заалтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас 2020 оны 3-р сарын 18-ний өдөр уг худалдаж авсан газрын Газар чөлөөлөх албан шаардлага ирсэн. Иймд Г.Т нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 4.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Г.Тт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 90,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Ж.Ныг үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан учир урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Над холбогдуулан, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 50,000,000 төгрөг, 34 хоногийн алданги 3,400,000 төгрөг, нийт 53,400,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.
2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Г.Т нь 0 хаягт байрлах 1,039 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг Ж.Над шилжүүлэх, эрх хүлээн авагч Ж.Н нь 140,000,000 төгрөгийг хоёр хувааж Г.Тт төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин Т гэрээ байна. /хх 5-6/
Нэхэмжлэгч Ж.Н нь маргаан бүхий гэрээний 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа 90,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр түүний эцэг Д.Жаргалсайханы Хаан банк дахь 000 дугаар харилцах данснаас Г.Тийн 0000 дугаар данс руу 45,000,000 төгрөг, мөн өдөр Д.Жаргалсайханы дээрх харилцах данснаас хариуцагч Г.Тийн эцэг Н.Гэрэлцогтын Хаан банк дахь 00 дугаар данс руу 45,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн төлж, хариуцагч Г.Т мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн зэрэг үйл баримтууд зохигчдын тайлбар болон, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэргээр тогтоогдсон. /хх 7-8/
Ж.Н дээрх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг Г.Төөс буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ: ... тухайн газрыг шилжүүлэн авч, барилга байгууламж барих төслийн ажил эхлүүлэх явцад уг газрын ойролцоох бүх газарт шаардах хуудас наасан байсан, ... Нийслэлийн газрын албанаас уг шилжүүлэн авсан газрыг Газрын тухай хуульд заасан зам, шугам сүлжээний газар, усны сан бүхий газар, онцгой бүсэд хамааралтай газар байсан, ... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Москва хорооллоос Яармаг хүртэл тавигдах авто замын хил дотор орсон тул Үл хөдлөх эд хөрөнгө барих, гэрчилгээ авах, ашиглах зэрэг асуудлуудыг шийдэх боломжгүй, ...Газрыг Баянгол дүүргийн газрын албанаас хууль зөрчиж олгосон... гэх зэргээр тодорхойлж, Г.Тийг маргаан бүхий гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу ...газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэсэн, газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрхийн доголдолгүй газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх... үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бол, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.
Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн уг маргаан бүхий газар эзэмших эрхийг хариуцагч 2012 оноос эзэмшсэн байх бөгөөд, Ж.Над шилжүүлэх үед аливаа иргэн, хуулийн этгээдийн барьцаанд байхгүй, 2018 оноос хойш 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй болох нь 000006741 тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0 тоот Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Г.Т нарын байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №0 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №0 тоот Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь ...эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Талууд хоорондын гэрээгээрээ аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг 140,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцож, урьдчилгаа 90,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлөх бөгөөд, төлбөр төлөгдсөний дараа гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг тогтоосон байна.
Нэхэмжлэгч тал маргаан бүхий газар эзэмших эрх цуцлагдах нөхцөл байдалтай буюу гэрээний 4.1 дэх заалтыг эрх шилжүүлэгч Г.Т ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт зохигчийн хүсэлтээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангаас ирүүлсэн зурагаар мөн нэхэмжлэлд дурдсан үйл баримт хангалттай нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, Ж.Нын шүүхэд гаргасан Г.Төөс 90,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. /хх 22-26, 57, 67/
Хариуцагч Г.Т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол, нэхэмжлэгч Ж.Н нь Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг, мөн гэрээний 3.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 3,400,000 төгрөг, нийт 53,400,000 төгрөгийг Ж.Наас шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Төөс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу төлсөн 90,000,000 төгрөг гаргуулах тухай Ж.Нын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Наас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 53,400,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Тт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 424,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Наас 424,950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Тт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА