| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06465/и |
| Дугаар | 102/ШШ2020/02095 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2020/02095
| 2020 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2020/02095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б-г суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.О,
Нэхэмжлэгч: Л.М нарын нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Д.О,
Хариуцагч: С.Г,
Хариуцагч: С.Б нарт холбогдох,
Талийгаач Д.Лгийн өв хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч С.Бийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч С.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О, Л.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
Бидний аав Д.Л нь бидний ээж О.Стай гэр бүл болж охин Л.Ог 1000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр, хүү Л.Мийг 1000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрүүлсэн. Гэвч эцэг эх маань таарч тохирохоо больж 1000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр салсан бөгөөд, охин Л.Ог ээж О.С өөрийн асрамжинд, хүү Л.Мийг аав Д.Лгийн асрамжинд авч хоёр тийш болсон. Эцэг Д.Л 0010 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өвчний улмаас гэнэт нас барсан. Иймд Иргэний хуулийн 520.1.1-д заагдсанаар өвд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Л.Огийн тухайд аав Д.Л намайг өсч хөгжихөд харж хандаж, эдийн засаг, сэтгэл санааны тусламж үзүүлж байгаагүй. Гэсэн хэдий ч миний ээж, эмээ, өвөө нар намайг хүний зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд, би талийгаач аавдаа гомдож тунирхаж байгаагүй. Аав ээж хоёр маань 2 хүүхдээ нэг нэгээр нь авч салсан учраас өөрсдийн үүрэг хариуцлага дор бүрнээ үүрч байсан. Нэгэнт аав маань бурхан болсон тул хуульд заагдсанаар талийгаач эцгийнхээ хөрөнгөөс оногдох хэсгээ шаардах эрхтэй гэж үзэж байна.
Л.Мийн тухайд аавынхаа асрамжинд өсч хүмүүжиж байхдаа аавынхаа дэмжлэгээр Гурван тамир дунд сургуульд сайн дүнтэй суралцаж байсан. Гэтэл аавыг нас барангуут хойд ээж С.Г нь Гурван тамир дунд сургуулиас нь гаргаж, улмаар хавчин гадуурхаж, гудамжинд хөөж гаргаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан байсан. Хүү Л.М аавыгаа нас барснаас хойш 2 жил гаруй хугацаанд маш хүнд нөхцөлд амьдарч байсныг авга эгч Д.Д миний бие огт мэдээгүй явж байгаад 2016 оны цагаан сарын үеэр олж мэдсэн. Өөрөөр хэлбэл манай бэр С.Г өнгөрсөн 2 жилийн цагаан сараар манай ах дүү нар дээр ирж золгохдоо хүүхдүүдээ дагуулан явахдаа хүү Л.Мийг авчраагүй. Яагаад байхгүй байгааг нь асуухад гэртээ байгаа гэж хэлсэн, худал болох нь дараа илэрсэн. Мөн Л.Мийн сурах бичиг болон бусад сургалтын материалуудаар хангахаас эрс татгалздаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 01-нд хүүг гэртээ орой ороход нь С.Гийн ээж болон ээжийнх нь найз өвгөн, бусад хамаатнууд бүх ор дэрийг эзлээд унтаж байсан, гэрт өөр унтах ор дэвсгэр байхгүй байсан тул аргагүй эрхэнд 2 дүүгийнхээ хажууд хувцастайгаа бүхлээр нь унтахад нь санаатайгаар мушгиж миний охидуудыг хорлох гээд байна гэж цагдаа болон хүүхдийн эрхийн байгууллагад албан бусаар гомдол гаргасан удаатай. Энэ асуудлаар далимдуулж гэрээс нь өмссөн хувцастай нь хөөж гарган хаалгаа тайлж өгөхгүй байсан учраас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Авга эгч Д.Д миний бие Л.Мийг гэрээс хөөгдөн, хүнд нөхцөлд амьдарч байгааг олж мэдсэнээр өөрийн асрамжинд авах хүсэлтээ гаргаж, хуульд заагдсан шаардлагыг хангаснаар Баянгол дүүргийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/360 тоот захирамжаар түүний харгалзан дэмжигчээр томилогдсон. Хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж буй учраас Д.Д Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хойд эх С.Гийг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн талаар гомдол гаргаж байсан. Миний төрсөн дүү Д.Л нь маш хөдөлмөрч залуу байсан бөгөөд, өөрийн хүч хөдөлмөрөөр Номгон энх ХХК-ийг байгуулсан, 0 тоот орон сууцыг худалдан авсан, 0 тоотод хашаа байшин, мерседес бенз 500 автомашин, хуучны оросын москвич автомашин, 000 тонны сомосвал автомашин, 3 ширхэг эксковатор, нийтийн тээврийн том оврын автобус, мотоцикл, 00 тонны контейнер, контейнер дүүрэн 00 орчим автомашины том дугуй, эксковаторын сэлбэг зэрэг үнэ бүхий хөрөнгүүд байсан. Өнөөдөр хууль ёсны өвлөгч хүү Л.М, охин Л.О нарт оногдох хэсгийг Иргэний хуульд заагдсанаар шүүх шударгаар хуваарилж өгнө үү хэмээн энэ нэхэмжлэлийг хамтран гаргалаа. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заагдсанаар өвд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, Д.Д нар хариуцагч С.Бэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад:
С.Г өв залгамжлалын гэрчилгээ авахдаа Би Л.Мийн төрсөн эх нь учир Л.М өвийн хөрөнгөөс татгалзаж байна гэж 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомж, нотариатын үйлдэл хийх журмыг зөрчүүлэн С.Бээр хийлгэн авсан байна. Нотариатч С.Б нь Г.Ганчимэгийг хууль ёсны өвлөгч Л.Мтэй ямар холбоотойг нотолсон ямар ч баримт бичиггүйгээр талийгаач Д.Лгийн хүү Л.М, төрсөн охин Л.О нарыг хохироож С.Гийг өв залгамжлагч болгосон байна. Иймд С.Б нотариатчийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж байна...гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Мын хамт гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн 286 дугаартай нотариатч С.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээг С.Гт олгохдоо Улсын бүртгэлийн газраас зохих лавлагаануудыг дутуу авч гэрчилгээ олгосон нь буруу байна. Талийгаач Д.Л нь миний төрсөн дүү О.Стай 1996 онд гэр бүл болж, 1000 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүү Л.Мийг төрөхөд гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрчилгээ авсан байдаг. 2001 онд тус тусдаа амьдрахаар болж хүүг эцэг нь, охиныг эх нь авсан. Нотариатч С.Б нь талийгаачийн урьд гэрлэж байсан эсэх лавлагаа, төрүүлсэн хүүхдийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг С.Гээс зохих ёсоор шаардан авч, лавтай бүрдүүлсний эцэст өв залгамжлалын асуудлыг үнэн зөв гэрчлэх үүрэгтэй. Улмаар Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж хууль ёсны өвлөгч хүү Л.Мийг хамтран өмчлөгчөөс нь хасч С.Гт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хууль бус үйлдэл байна. Охин Л.О нь 1000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн. Эцэг эхээ салснаас хойш өвөө, эмээгийнхээ асрамжинд байсан. Эцгийгээ нас барах үед насанд хүрээгүй, өв хүлээн авах хугацаанд 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр 18 насанд хүрсэн боловч тусдаа амьдарч байсан тул түүний өв хөрөнгийн тухай мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй байсан. Насанд хүрсэн гэх боловч хүүхэд байсан тул хүсэлт гаргах хугацааг хоцроосныг хүндэтгэх шалтгаан гэж үзэж болно. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй байна. Хүү Л.М нь 1000 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Эцгийгээ нас барахад 15 настай, 0 тоот орон сууцны өмчлөгчөөр 5 хүн бүртгэлтэй, түүний асрамжинд хамт байсан. Түүнийг төрүүлсэн эх нь одоо 0тоотод оршин суудаг. С.Г нь түүнийг төлөөлөх эрхгүй атал төрсөн эх нь мэт хуурч өвөөс татгалзах хүсэлтийг гаргажээ. Өвлүүлэгч нас барахад уг орон сууцны 1/5-д оногдох түүний өвийг нээхэд 0 өмчлөгч нь хэвээр үлдэх ёстой. Гэтэл С.Г нь насанд хүрээгүй хүүхдүүдийн өмчлөх эрхэд халдаж хамтран өмчлөгчөөс татгалзаж хасуулсан нь хууль бус юм.
Иймд хариуцагч С.Гээс хууль ёсны өвлөгч Л.О, Л.М нарт талийгаачийн нийт өвлөгдөх эд хөрөнгийн үнийн дүнгээс тэдэнд оногдох хувийг гаргуулахыг хүсч байна. Орон сууцны үнэлгээ 91,706,800 төгрөг, хувийн сууцыг үнэлсэн 22,000,800 төгрөг, газрын үнэлгээ 60,035,900 төгрөг, нийт 170,105,500 төгрөг болж байна. Хууль ёсны өвлөгч 5 хүн байгаа. Нэг хүнд 00,828,900 төгрөг оногдохоор байна. С.Гт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь нотариатч С.Б өв залгамжлах эрхийн гэрчилгээг С.Гт олгохдоо Улсын бүртгэлийн газраас зохих лавлагаануудыг дутуу авч гэрчилгээ олгосныг буруу гэж үзэж байна. Ийм хууль бус үйлдэл байгаа тул өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна. 2016 оны 8 дугаар сарын 03-нд Л.О, Д.Д нар нэхэмжлэл гаргахдаа хууль ёсны өвлөгч хүү Л.М, охин Л.О нарт оногдох хэсгийг Иргэний хуульд зааснаар гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч тал тухай бүр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах байдлаар өөрчилсөн байдаг. 2020 оны 5 дугаар сарын 26-нд хууль ёсны өвлөгчөөр Л.О, Л.М нарыг тогтоож өгөөч, 2-рт өвлөгдөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хууль ёсны өвлөгч нарт оногдох хэсгийг гаргуулж өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь хууль бус байна гэж өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд өөрчлөөд явсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэдэг асуудал энд яригдахгүй. Маш тодорхой буюу 2-3 хуудас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүүлийн нотариат нь өөрчлөгдөх юм бол үл хөдлөх хөрөнгийн өв, өвтэй холбоотой маргаан байвал нас барсан газрын нотариат дээр буюу Баянгол дүүргийн нотариат дээр очно. Баянгол дүүргийн нотариат дээр 2015 оны 12 дугаар сарын 08-наас өмнө С.Г өөрөө ч очоогүй, хоёр хүүхэд нь ч очоогүй. Гэтэл нотариатч 2016 оны 1 дүгээр сарын 06-нд 1 жил өнгөрсний дараа С.Гийн хүсэлтээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргасан.
Нотариатч Нотариатын тухай хуулиа барих ёстой. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах гэсэн байгааг нотариатч ашиглаагүй. Д.Л гэх хүний хүүхэд Л.Мийн ээж нь хэн болох талаар бүртгэлийн байгууллагаас төрөл садангийн лавлагаа авах ёстой байсан боловч энийг шаардаж аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өртэй байсан гэж байна. Гэтэл тэр өрийг нотлох баримтаар нотлох ёстой. Мөн сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байтал сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас яриад байгаа зүйл нь нотлогдохгүй болж байна. Шүүхийн шинжилгээний хуулийн дагуу 0 удаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан. Энэ шинжилгээний баримтаас 3 дугаар хавтасны 89 дүгээр хуудсанд байх Итгэлт эстимейт ХХК-ийн хувийн сууцанд хийсэн 22,000,800 төгрөг гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Мөн Итгэлт эстимейт ХХК-ийн 3 дугаар хавтаст хэрэгт байсан 0тоот 1 өрөө орон сууцны өргөтгөлтэй нь хамт хийсэн 91,706,800 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Энэ үнэлгээ яагаад хуульд нийцсэн үнэлгээ вэ гэхээр Иргэний хуулийн 85 дугаар зүйлд заасан газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж бусад зүйл нь газрын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болно гэсэнтэй нийцсэн байгаа. Газартай холбоотой үнэлгээг Итгэлт эстимейт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний 60,035,900 төгрөгийн үнэглгээгээр тооцож байгаа. Нийт 170,100,500 төгрөг болж байгаа. Эндээс бид нар оногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна....гэв.
Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х хариу тайлбарыг дэмжиж гаргасан тайлбартаа:
2006 оноос миний нөхөр өвдөж байнгын эмчилгээ хийлгэж, уг өвчний онош тодрохгүй олон төрлийн онош тавигдаж явсаар 2012 онд амьсгалын замын булчингийн сулрал гэдэг онош тавигдсан. Энэ өвчин бол амьсгал болон бүх биеийн булчингууд нь суларч, ярьж чадахгүй, явж чадахгүй, хоолоо идэж чадахгүй гэх мэт маш олон төрлийн зовиуртай 100 хувь асаргаанд байдаг өвчин юм. Энэ өвчнөөсөө болоод гэрээ ч олдоггүй, хөдөлмөрийн чадвараа алдсан, эмчилгээгүй группт орсон, эмчийн хяналтанд байсан. Миний амьдрал бол өвчтэй нөхрөө асарч, хүүхдүүдээ харж, мөн ажил төрлөө өөрөө явж хийдэг тийм л амьдрал байсан. Өвчтэй нөхөр, нялх хүүхдүүдээ машиныхаа кабинд суулгаад ажил амьдралаа зохицуулж, мөнгө олж нөхрөө эмчлэх гэж зүтгэж явсан. Хадам эгч Д өөрөө та хоёр үргэлж хамт явахаар залхаж, бие биенээсээ уйддаггүй юмуу гэж хүртэл хэлж байсан. Нөхрөө орхиод ажилдаа явах бол гэнэт өвчин нь хөдлөөд үхчих гээд байсныг ойлгодоггүй л байсан. Миний нөхөр нас бараад 21 хонож байхад эгч М нь бурхан тахил дээр байсан хуучны шашны судар номнуудыг нэхээд намайг уйлуулж байгаад булаагаад аваад явсан. Гурван эксковатор биш хоёр байсны нэгийг нь нөхөр маань нас барахаасаа өмнө хүний гараж нурааж эвдлээд орчихсон байсан болохоор зарж өрөндөө өгсөн байсан. Мөн том оврын автобус гэсэн байна. Тэр автобусыг вагончикийн зориулалтаар ашиглаж байсан ба, нас барахын өмнө хүнд зарчихсан байсан. S500 бенц машин биш S320 гэдэг 1996 оны хуучин эвдэрхий машин байсан. Нэхэмжлэлд бичсэн москвич нь ямар ч бичиг баримтгүй, явдаггүй, эвдэрхий, сэлбэгэнд нөхрийн маань хөдөө Булган аймагт байдаг ах Ц нь ачиж аваад явсан. Мөн 00 тонны контейнер дүүрэн сэлбэг байсан гэж худлаа бичжээ. Өөрсдийн машины солих дугуй байдаг байсан. Айлуудын элдэв эд зүйлийг хурааж хадгалдаг байсан. Одоо ч хадгалж байгаа. Хашаа байшин, байр ярьж байна. Талийгаач бид хоёр өр тавьж байж авсан. Энэ байрыг болон хашаа байшинг худалдан авахад хүнээс мөнгө зээлсэн, төлж чадаагүйн улмаас өрөндөө өгсөн байгаа. Би өөрөө хүүхдүүдийн хамт түрээсийн байранд амьдарч байна. Ганц Д.Л гэдэг хүний хөдөлмөр гэвэл дэндүү ташаа болох биз.
С.Гийн хувьд өвчтэй нөхрөө харж хандахын хажуугаар бага насны хүүхдүүдээ харж асрах, мөнгө олж нөхрөө эмчлэх гэж маш их ажиллаж, ажил хийсэн байдаг. Ийм хүнд өвчний улмаас маш их зардал гарсан. Урьдилсан байдлаар хэрэгт авагдсан материалыг үндэслээд тооцвол, нийт 252,710,263.35 төгрөгийн зардал гарсныг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Энэ зардал бол талийгаачийн эмчилгээ, БНСУ-д эмчлүүлсний зардал, нас барахад гаргасан оршуулгын зардал гэх мэт зардлууд байдаг. Талийгаач амьд ахуй цагтаа маргааны зүйл болоод байгаа 1 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгийн зээл авч худалдаж авсан байдаг. Бас 60,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан байдаг. Энэ зээлийг төлөлгүйгээр нас барахад нь үлдэгдэл 38,217,380.57 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн. Энэ бүх зардлууд нь нийлээд 252,710,263.35 төгрөг болсон. Л.Огийн хувьд төрсөн хүүхэд нь биш гэж маргасан зүйлгүй. Яагаад гэвэл Д.Лгаар овоглосон охин байна. Гэвч Л.О бол 1000 оны 0 дүгээр сарын 00-нд төрсөн. Талийгаач 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барж энэ өдөр өв нээгдсэн. Өв нээгдсэнээс хойш 2015 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Л.О 18 нас хүрсэн. Өв нээгдээд 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг С.Г авсан. Энэ үед Л.М нас биед хүрээгүй байсан. Л.Мийг 3 настай байхад Д.Л дагуулж ирсэн байдаг. Талийгаач болон С.Г нар гэрлээд тэдний дундаас хоёр охин төрсөн. Ингээд 3 хүүхэдтэй байсан. Д.Мийг 3 наснаас эхлэн асран хамгаалагч харгалзан дэмжигчээр нь С.Г байсан. Үүнийг нотлох баримтуудаар нотлож байгаа. Тэгэхээр Л.Мийг өвлөх эрхээс хасууллаа, түүнд оногдох хэсгийг С.Г авчихлаа гэдэг асуудлыг баримттайгаар яриад байгаа. Бидний энэ баримтууд нь энэ хугацаанд Л.М төрсөн эх О.Сгийн асрамжинд өвөө, эмээ дээрээ амьдарч байсан гэж өөрсдөө нэхэмжлэл дээрээ дурдсан. Тэгэхээр Л.О бол хууль ёсны өвлөгч биш. Яагаад гэвэл талийгаачийг өнгөрснөөс хойш 18 насанд хүрээд 18 нас 9 сар болсны дараа өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргах эрх зүйн чадамжтай байсан боловч энэ эрхээ эдлээгүй учир өвлөгч гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Өвлөгдөх эд хөрөнгийн хувьд урьд гаргасан машин, хувцас, гэр ахуйн тавилга гэсэн нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч өөрөө ярьж байна. Тэгэхээр өөрт оногдох хөрөнгө нь энэ хөрөнгүүд гэж үзэж байна. Л.М эцгийнхээ гутал, хувцсыг авъя гэхэд нь түүнд хүлээлгэж өгсөн. Машины хувьд талийгаач амьд ахуй цагтаа өөрөө энэ хөрөнгүүдээ захиран зарцуулсан байдаг. Талийгаачийг нас барснаас хойш талийгаачийн нэр дээр байсан тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой хөрөнгүүдийг худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм болохоор энэ хөрөнгө бол талийгаач өөрөө захиран зарцуулсан гэдгийг харуулж байгаа. Бидний зүгээс Л.Мийг өвлөгч биш гэж огт яриагүй. Яагаад гэвэл эцгийгээ нас барах хүртэл нь хамт амьдарсан. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл буюу асран хамгаалагчаар Д.Д болох хүртэл хүү С.Гтэй амьдарч байсан. Талийгаач нас барж өвлөх эрхийн гэрчилгээ авах үед Л.М насанд хүрээгүй байсан. Мөн С.Гийн асрамжинд байсан учраас өвлөх эрхээс нь татгалзуулж, С.Г өөрийн нэрээр гэрчилгээ авсан гэдгээ тайлбарлаж байгаа. 3-0 удаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцыг 56,966,700 төгрөгөөр, өргөтгөлийг 52,586,600 төгрөгөөр, газрыг 60,035,900 төгрөгөөр тус тус үнэлсэн. Өргөтгөлийн хувьд өвлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй, хэзээ ч бууж болох хөдлөх үндсэн хөрөнгө болох боломжгүй. Нийт 252,710,263.00 төгрөгийг өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан этгээд эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэсний дагуу 63,178,565.83 төгрөг нь нэг өвлөгчид ногдох зардал юм. Нэг өвлөгчид хувиарлагдах орлого нь 18,766,208 төгрөг болсон. Орон сууц 5 хүний өмчлөлийнх байсан. Талийгаачийн орон сууцны өөрийн хөрөнгө нь 11,393,000 төгрөг байгаа. Үүнийгээ 0 хүнд хуваахаар нэг хүнд оногдох нь 2,808,335 төгрөг, газар нь 60,035,900 төгрөг болж байна. Энэ газар зөвхөн талийгаачийн нэр дээр байсан. Тиймээс нэг өвлөгчид ногдох нь 15,008,975 төгрөг болж байна. Хувийн сууц зөвхөн талийгаачийн нэр дээр байсан учраас өвлөгчид ногдох нь 5,600,050 төгрөг, нийт 23,057,760 төгрөгийг нэг хүн өвлөх ёстой. Түрүүчийн 63,178,565.83 төгрөгөөс хасахаар нэг өвлөгч болгон нь 39,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байна. Үүн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч гэсэн ийм тооцоо гарч байгаа учраас шүүх өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх байх гэж бодож байна. Бидний зүгээс яагаад сөрөг нэхэмжлэл гаргаагүй вэ гэхээр энэ хөрөнгийг өөрсдийн өвлөх ёстой хөрөнгө гэж үзсэн. Тэгэхээр хариуцах ёстой зардал байдаг. Энэ зардлыг нэхэмжлэгч талаас төлөлцөж байгаагүй учраас хуульд заасны дагуу зардлуудыг гаргах ёстой. Нэхэмжлэгч нар зардлыг хариуцах учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбарыг үгүйсгэж байна. Зардлын талаар хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан байгаа...гэв.
Хариуцагч С.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Сахъяа овогтой Ганчимэг нь нотариатч надаар өөрийн нөхөр болох Д.Л-ийн хууль ёсны өвлөгчийн хувиар өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтдээ С.Г нь нас барагчийн хууль ёсны эхнэр мөн бөгөөд, өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөхөөр холбогдох бичиг баримтууд, бусад өвлөгчдийн талаарх бичиг баримтуудыг гаргаж өгсөн. Миний бие тухайн үед хуулийн дагуу бүх бичиг баримтууд болон С.Гийн хүсэлтийг үндэслэн түүнд өвлүүлэгч Д.Лгийн өмчлөлд байсан 0 тоот хаягт орших 18 м.кв 1 өрөө орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Тухайн үед С.Г нь талийгаач бид хоёрын дундаас Л.М, Л.М, Л.Э гээд 3 хүүхэд төрсөн, би тэдний хууль ёсны төлөөлөгч хэмээн өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Би өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуульд зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор С.Гээс өөр өвлөгч хүсэлт гаргаагүй гэдгийг баримтаар тогтоосон. Мөн С.Г нь 3 хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгч мөн тул талийгээчийн оногдох хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Л.М нь тухайн үед хууль ёсны төлөөлөгч харгалзан дэмжигчээрээ бүр сүүлд Дуламсүрэнг тогтоолгосон байдаг. Тэр үед түүний хууль ёсны төлөөлөгч нь С.Гээс өөр хүн байгаагүй гэж үзэж болно. Яагаад гэвэл Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу С.Гийг тухайн үед Л.Мийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэж үзэхээс өөр аргагүй. Уг өвлөх эрхийн гэрчилгээг олгох явцад тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 5 хүний нэр буюу өвлүүлэгч Д.Л, С.Г, Л.М, Л.Э, Л.М нарын нэр байсан бөгөөд, дээр дурдсан хүмүүсийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.0-т зааснаар 5 өмчлөгчид тэнцүү хэмжээгээр хуваагдана. Би өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо зөвхөн өвлүүлэгчийн оногдох хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Бусад 0 өмчлөгчид оногдох хэсэгт өөрчлөлт оруулаагүй, тэдний өмчлөх эрхийг хөндөөгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд дээр дурдсан 5 өмчлөгчийн нэр байхад, түүнээс миний олгосон өмчлөх эрхийн гэрчилгээгээр талийгаач Д.Лгийн нэр хасагдаж бусад 0 өмчлөгчийн нэр үлдэх ёстой байсан. Гэтэл орон сууцны өмчлөл зөвхөн ганц хүний нэр дээр буюу С.Гийн нэр дээр шилжиж, цаашлаад гуравдагч этгээд рүү шилжсэн хууль бус үйл явдал болсон байна. Ямар гэрээ хэлцэл, юун дээр үндэслэж ганц хүний нэр дээр шилжсэн нь маш ойлгомжгүй байна. Л.О 2015 оны 0 дүгээр сарын 00-нд 18 насанд хүрсэн байдаг. Тухайн үед өвлүүлэгч Д.Л 2010 оны 12 дугаар сарын 08-нд нас барсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан. Өвлөх эрхийн гэрчилгээ 2016 оны 01 дүгээр сарын 06-нд олгогдсон. 2015 оны 00 дүгээр сарын 00-нд насанд хүрснээс хойш бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргах бололцоотой байсан боловч гаргаагүй учраас Л.Ог өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзсэн...гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан хүсэлт тайлбар болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Д.О миний бие 0 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны байрыг Шуурхай зар сониноос байр зарна гэсэн зарын дагуу Д.О гэх эмэгтэйтэй утсаар ярьж уг орон сууцны байрыг 65,000,000 төгрөгөөр зарна гэж ярьж байсныг ярилцаж тохиролцоод 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байрыг 60,000,000 төгрөгөөр Д.Огаас худалдаж аваад, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан. Мөн өдрөө улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгүүлж, 000087883 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан. Ингээд байрандаа амьдарч байтал Дуламсүрэн гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй манайд ирж энэ байрыг хаанаас, хэнээс, ямар үнээр худалдаж авсан юм бэо? Та нар Ганчимэгээс худалдаж авсан уу, хэнээс авсан бэ, та нар Ганчимэгийн ах дүү нар уу, энэ байр чинь өнчин 2 хүүхдийн байр байгаа юм, энэ шүүгчийн захирамжийг та нарт өг гэж шүүхээс явууллаа гэх мэтээр учир нь ойлгогдохгүй зүйл яриад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчилйн 1890 дугаартай захирамжийг өгөөд явсан. Ингээд Д.О миний өмч болох уг орон сууцны байртай холбоотой маргаан Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байгааг олж мэдсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авахдаа өвийн маргаантай гэдгийг мэдэх боломжгүй байсан. Мөн дээрээс нь Д.О гэдэг хүн энэ орон сууцыг н.О худалдаж авсан байдаг. Тэгэхээр С.Г орон сууцийг өв нээгдсэний дараагаар н.О худалдсан. н.О-оос Д.Од худалдсан. Ингээд Д.Огаас Д.О нь зарын дагуу худалдаж авсан гэрээ байдаг. Тиймээс Д.О нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж байгаа. Иргэний хуульд заасны дагуу уг үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч өнөөдрийн байдлаар Д.О хэвээрээ байгаа тул хууль нийцүүлж шүүхээс шийдвэрлэж өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О, Л.М нар нь хариуцагч С.Гт холбогдуулан талийгаач Д.Лгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгон, өвлөгдвөл зохих 0 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн зэрэг хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг тооцуулан гаргуулах, хариуцагч С.Бэд холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагаас Л.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, түүнийг ...хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй учраас өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ... хэмээн тайлбарлаж, Л.Мийн хувьд орон сууцны талийгаачид оногдох хувиас өвлөх эрхтэй бөгөөд, бусад хөрөнгөөс оногдох хувиас өвлөх эрхтэйг хүлээн зөвшөөрнө. Харин өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн бусдад төлөх үүргийг хүлээн авсан өвийн хэмжээгээр хариуцах ёстой тул өвлүүлэгчийн нас барах үед үүссэн байсан банкны зээлийн үлдэгдэл, эмчилгээний зардал, оршуулгын зардал зэргийг хариуцан С.Гт төлөх ёстой гэж тайлбарлан маргаж байна.
Хариуцагч С.Б өөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ...өв залгамжлалын эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгосон, гэрчилгээ олгох үед бүрдүүлсэн материалаар өвлүүлэгч болон өвлөгч нар хамт амьдардаг талаар хорооны засаг даргын тодорхойлолт, төрсний болон гэрлэсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд байсан, өв нээгдсэнээс хойш өвлүүлэгчээс өв хүлээн авах өөр хүсэлт гаргасан хүн байгаа эсэхийг шалгахад байгаагүй, нэхэмжлэгч Л.М болон Л.М, Л.Э нар насанд хүрээгүй байсан учраас тэднийг өвлөгч мөн гэж үзээд, хууль ёсны асран хамгаалагчид гэрчилгээ олгосон гэжээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Л.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, хариуцагч С.Бэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Мийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Д.Л нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн бөгөөд, тэрээр 1996 онд иргэн О.Стай гэр бүл болж тэдний дундаас 1000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр охин Л.О, 1000 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүү Л.М нар төрж, тэд 2001 оныг хүртэл хамтран амьдарч, улмаар 2001 оны 3 дугаар сарын 08-ны өдөр салж, Д.Л нь хүү Л.Мийг, О.С нь охин Л.Ог тус тус өөрийн асрамжинд авсан тухай зохигчид тайлбарлах ба, нэхэмжлэгч нарын төрсний гэрчилгээний хуулбар, Архивын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/2590 тоот өрхийн бүртгэлийн архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /3-р хх-105, 106, 178/
2001 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Л нь С.Гтэй гэрлэснийг 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 109 дугаарт бүртгэж, тэдний дундаас 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Л.М, 2010 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин Л.Э нар төрж, тэд хүү Л.Мийн хамтаар 0 тоотод оршин сууж байгаад, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ өвчний улмаас нас барсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэснийг бүртгэх анкет-ын хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /1-р хх-11, 90, 115, 116, 3-р хх-185, 186/
Нэхэмжлэгч Л.О, Л.М нар нь талийгаачийн төрсөн хүүхдүүд, хариуцагч С.Г нь талийгаачийн эхнэр мөн бөгөөд, тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Д.Лгийн хууль ёсны өвлөгчид мөн байна.
Талийгаач Д.Л нь нас барах үедээ эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот дахь 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг эхнэр С.Г, хүү Л.М, охин Л.М, Л.Э нарын хамт өмчилж байсан, мөн эрхийн Улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот дахь 385 м.кв газар, уг газар дээрх хаягт байрлах эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 08,75 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус ганцаараа өмчилж байсан болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн болон, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /1-р хх-90, 96, 99/
Хариуцагч С.Г нь дээрх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг Л.М, Л.Э нарын хамт өвлөх эрхээ нээлгэж бүртгүүлэхээр 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Монголын нотариатчдын танхимд хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж гарын үсгийн 11, 13, 10 дугаарт, 5716209 регистрийн дугаартай 9011010109 улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот хаягт байрлах Номгон-Энх ХХК-ийг С.Г өв хүлээн авах хүсэлт гаргасныг мөн өдрийн гарын үсгийн 12 дугаарт тус тус бүртгэж гэрчилснээр Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгэгджээ. /1-р хх-50, 87-100/
Өв хүлээн авах талаар:
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгүүдэд зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвөөс татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол өв хүлээн авсан гэж, харин бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан, нотариатад өв хүлээн авах тухай гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Л.М, хариуцагч С.Г болон Л.М, Л.Э нар талийгаач Д.Лг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан бөгөөд, С.Г нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн нотариатч О.Жд гаргасан байна.
Харин нэхэмжлэгч Л.Огийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар түүнийг нас залуу, учир мэдэхгүй байсан учир хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн тайлбарласан.
Хэдийгээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.0 дэх хэсэгт зааснаар өвлөгчид хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болох боловч, хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдохгүй, нас залуу, учир мэдэхгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.
Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Ог Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж дүгнэн, түүний шүүхэд гаргасан ...талийгаач Д.Лгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах, өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч С.Гийг ...өв хүлээн авах тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн нотариатчид гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр буюу хуульд заасан 1 жилийн хугацааг хэтрүүлж авсан... хэмээн тайлбарлаж маргасан.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт Хууль ёсны ...өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат...-д гаргана гэж, мөн хуулийн 531.2 дахь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч С.Г өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн Баянгол дүүргийн нотариатад хүсэлтээ гаргаж, нотариат түүнд өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байгаа нь хуульд нийцсэн, хугацаа хэтрүүлээгүй байна.
Түүнчлэн, өв хүлээн авах тухай хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргахыг хуульд тусгайлан шаардаагүй, тодруулбал: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгүүдэд ...нотариат буюу, баг сумын Засаг даргад өргөдөл гаргахаар заасан байх тул хариуцагч С.Г хуульд заасны дагуу өв хүлээн авах хүсэлтээ гаргажээ.
Хариуцагч С.Г насанд хүрээгүй бусад 3 өвлөгчдийг төлөөлөн өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар хүссэнийг Баянгол дүүргийн нотариатч, хариуцагч С.Б хүлээн авч гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 03 дугаар зүйлийн 03.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд, түүний энэ үйлдэл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч С.Бийг өвлөх эрхийн гэрчилгээг С.Гт олгохдоо өвлүүлэгчийн садан төрлийн болон урьд гэрлэж байсан эсэх талаар тодруулаагүй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Огийн эрхийг зөрчсөн гэж маргасан.
Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нотариатчийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулсан бол, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримтлах нарийвчилсан зохицуулалт тус хуулийн 03 дугаар зүйлийн 03.2 дахь хэсэгт заагдсан байна.
Хариуцагч С.Б өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч С.Гт олгохдоо Нотариатын тухай хуулийн 03 дугаар зүйлийн 03.2.1-ээс 03.2.5 дахь хэсэг хүртэлх баримт бичгийг үндэслэн олгосон гэж дүгнэх боломжтой. Учир нь С.Гийн хүсэлтэд Л.Мийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.М, Л.Э нарын төрсний гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгүүдийн холбогдох баримтууд, мөн өвлүүлэгч болон өвлөгч нар хамт амьдарч байсныг нотолсон хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсаргасан, өвлөгч 3 хүүхэд насанд хүрээгүйн улмаас насанд хүрсэн өвлөгч тэдний өмнөөс өвлөх эрхээс татгалзсаны дагуу С.Гт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй тул, хариуцагч С.Бэд холбогдох 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2016/20076 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар харуицагч С.Гт ...талийгаач Д.Лгаас өвлөн авсан өв хөрөнгөтэй холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байх-ыг даалгасан. /2-р хх-38/
Гэвч 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр буюу дээрх шүүгчийн захирамж гарахаас өмнө хариуцагч С.Г нь иргэн Т.О-той Хувийн сууц бэлэглэлийн гэрээ, Газар бэлэглэлийн гэрээ тус тус байгуулж, 0 тоотод байрлах 08,75 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт Т.Од бэлэглэж, Т.О нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр иргэн Д.Б-ын өмчлөлд шилжүүлсэн байна. /2-р хх-36-02/
Мөн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ-г С.Г нь Т.О-той байгуулан 0 тоот дахь 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус иргэн Т.Од шилжүүлж, улмаар Т.О-с Д.Од, Д.Огаас Д.Од 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэнээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй байсан болохыг дурдах нь зүйтэй. /1-р хх-36, 197, 225-227/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болсон 0тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчилж буй иргэн Д.Ооос хүсэлт гаргасны дагуу түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд, тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг н.О гэх иргэнээс худалдах, худалдан авах гэрээгээр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр худалдаж авсан, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Д.О нь тухайн орон сууцыг хүчин төгөлдөр гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан, хууль ёсны өмчлөгч мөн байна.
Өвлөгдөх хөрөнгүүд хүчин төгөлдөр гэрээний дагуу бусдын өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдсон тул өвлөгчид тэдгээрийг биет байдлаар өвлөх боломжгүй, хариуцагч С.Г эдгээр хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн учир нэхэмжлэгч Л.М нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн хэлбэрээр өвлөхөөр хариуцагч С.Гээс шаардах эрхтэй.
Өвлөх эд хөрөнгийн хуваарилалтын тухайд:
Нэхэмжлэгч тал Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22-3 тоот дахь орон сууцыг өргөтгөлийн хамт 91,706,800 төгрөгөөр үнэлсэн шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийн дагуу тооцож, нийт 5 өвлөгчид /Л.М, Л.О, С.Г, Л.М, Л.Э/ ногдох хувийг 18,001,360 төгрөгөөр, 0 тоот дахь хувийн сууцыг 22,001,800 төгрөгөөр үнэлсэн шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийн дагуу тооцож, нийт 5 өвлөгчид хувааснаар нэг өвлөгчийн ногдох хувийг 18,001,360 төгрөгөөр, уг хаягт байрлах 385 м.кв талбай бүхий газрыг 60,035,900 төгрөгөөр үнэлсэн шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийн дагуу тооцож, нэг өвлөгчид ногдох хувь 12,007,180 төгрөгөөр тус тус тооцсоноор Л.М нийт 00,828,900 төгрөг, Л.О 00,828,900 төгрөгийг тус тус хариуцагч С.Гээс гаргуулахаар шаардаж байна.
Харин хариуцагч С.Гийн зүгээс Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22-3 тоот дахь орон сууцыг ...Д.Л, С.Г, Л.М, Л.М, Л.Э нарын 5 хүн өмчилж байснаас талийгаачид оногдох хэсгийг өв хүлээн авагчид тэнцүү хуваан авах бөгөөд, Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлсэн 91,706,800 төгрөгөөр тооцон, нэг хүний 18,001,360 төгрөгөөс талийгаач Д.Лд ногдох 18,001,360 төгрөгийг түүний хууль ёсны 0 өвлөгч болох С.Г, Л.М, Л.М, Л.Э нарт хувь тэнцүүлэн хуваавал нэг өвлөгчид 0,585,000 төгрөг ногдоно хэмээн тайлбарлаж, 0 тоот дахь хувийн сууцыг Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлсэн 22,001,800 төгрөгөөр тооцож, 0 өвлөгчид хувааснаар 1 өвлөгчид ногдох 5,600,000 төгрөг, мөн хаягт байрлах газрыг Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлсэн 60,035,900 төгрөгөөр тооцож, 0 өвлөгчид хувааснаар 1 өвлөгчид ногдох 15,008,975 төгрөг, нийт 1 өвлөгчид 23,075,760 төгрөг ногдохоор тооцоо гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Л.Мийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ, мөн хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт зааснаар талийгаачийн эмчилгээний болон оршуулгын зардлыг хариуцна гэж маргасан бөгөөд, энэ талаар гарсан зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2.1 дэх хэсэгт өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал зэргийг гаргах эрхтэй гэжээ.
Хариуцагч талын зүгээс өвлүүлэгчийг нас барах хүртэлх өвчтэй байх хугацаанд зарцуулсан эм тариа, мэс засал, эмчилгээ, БНСУ руу явсан нислэгийн тасалбар гэх зэрэг зардлуудад нийт 135,212,582 төгрөг, оршуулах ажилд 2,259,100 төгрөгийн зардал, мөн талийгаач нас барахаас өмнө иргэн Т.Ооос зээлсэн 70,000,000 төгрөг, Хаан банкнаас зээлсэн 35,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 26,869,821 төгрөг, Хаан банкнаас зээлсэн 60,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 11,007,559 төгрөг, нийт зардал 252,710,263 төгрөг гарсныг 0 өвлөгчид хувааж, нэг өвлөгчид ногдох төлбөр 63,178,565 төгрөг болно гэж тодорхойлон, холбогдох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан. /2-р хх 00-08, 55-58, 100-171, 3-р хх 00-08/
Зохигчид өвлөгдөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээний талаар хэн аль нь маргасны улмаас зохигчдын хүсэлтээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 0 удаа шинжээч томилон, дүгнэлт гаргуулсан. Үүнд:
- Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр: 0 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 83,112,670 төгрөгөөр /өргөтгөлийг 15,000,020₮/, 0 тоот дахь хувийн сууцыг 05,000,000 төгрөгөөр;
- Харин Итгэлт эстимэйт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр: 0 тоот орон сууцыг 56,966,700 төгрөг, өргөтгөлийг 15,316,600 төгрөгөөр, 0 тоот дахь газрыг 60,035,900 төгрөгөөр;
- Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр: 0 тоот дахь хувийн сууцыг 22,001,800 төгрөгөөр;
- Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дахин шинжээчийн дүгнэлтээр 0 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт нийт 91,706,800 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн зардал 500,000 төгрөг гарснаас 100,000 төгрөгийг хариуцагч тал төлж, үлдсэн зардал 000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар төлөөгүй болох нь шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдсон ба, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрнө.
Зохигчид 0 тоот дахь хувийн сууц болон газрын зах зээлийн үнийг тогтоосон үнэлгээний талаар маргаагүй, хэн аль нь уг тооцооллыг үндэслэн өвлөгчид ногдох хувийг тооцоолсон тул Итгэлт эстимэйт ХХК-ийн хувийн сууцыг 22,001,800 төгрөгөөр, газрыг 60,035,900 төгрөгөөр үнэлсэн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин 0 тоот дахь 1 өрөө орон сууцыг өргөтгөлийн хамт 91,706,800 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч тал үндэслэлтэй гэж үзэн, ногдох хэсгийг тооцсон бол, хариуцагч тал уг өргөтгөлд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй учир үнэлэгдэхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсгүүдэд зааснаар маргаан бүхий орон сууцны өргөтгөл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг болох тул орон сууцны хамтаар үнэлсэн шинжээчийн үнэлгээ 91,706,800 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Тийнхүү 0 тоот дахь 1 өрөө орон сууцнаас өвлөгч тус бүрт ногдох хэсгийг тооцоолохдоо талийгаач Д.Лд ногдох хувь болох 18,001,360 төгрөгөөс хууль ёсны 0 өвлөгч тус бүрд ногдох хэсгийг гаргах нь зүйтэй.
Учир нь уг орон сууц нь Д.Л, С.Г, Л.М, Л.М, Л.Э нарын 5 иргэний өмч, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байх бөгөөд, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр талийгаач Д.Лгийн ногдох хэсгээс хууль ёсны 0 өвлөгчид өвлүүлжээ.
Харин 0 тоот дахь хувийн сууц, газар зэрэг нь талийгаач Д.Лгийн буюу нэг хүний өмч байсан тул бүхэлд нь тооцсон үнэлгээнээс хууль ёсны өвлөгчид тэнцүү хуваан өвлөх юм.
Тиймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.М нь өвлүүлэгч Д.Лгийн маргаан бүхий 0 тоот дахь орон сууцны ногдох хэсгээс өвлөгдвөл зохих 0,585,000 төгрөг, 0 тоот дахь хувийн сууцнаас ногдох 5,600,050 төгрөг, тухайн хаяг дахь газраас ногдох 15,008,975 төгрөг, нийт 25,190,765 төгрөгийг өвлөх эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Л.Мийг Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг эмчилж, асрах үед болон оршуулахад гарсан зардлыг хариуцна гэж тайлбарлан холбогдох баримтуудыг гаргасан боловч, хуульд зааснаар тухайн зардлуудыг өвлөгч харуицах үүрэг хүлээгээгүй, хариуцагч тал тэдгээр зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардаагүй байх тул эмчилгээний зардал 135,212,582 төгрөг, оршуулгын зардал 2,259,100 төгрөгөөс хувь тэнцүүлэн хариуцагч С.Гт төлөх үндэслэлгүй.
Харин Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр хуульчилсан бөгөөд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Л.Мийг талийгаач нас барах үед үлдсэн байсан Зээлийн гэрээний үүргийг хариуцах ёстой гэж тайлбарлан: иргэн Т.Ооос зээлсэн 70,000,000 төгрөг, Хаан банкны 35,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 26,869,821 төгрөг, Хаан банкны 60,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 11,007,559 төгрөг, нийт 108,217,380 төгрөгөөс өөрийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ хэмээн маргаж байна.
Талийгаач Д.Л нас барахаасаа өмнө 2013 оны 5 дугаар сарын 28-нд Хаан банк ХХК-иас ЗГ-13/189 тоот зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг 20 сарын хугацаатай, С.Гийн хамт зээлсэн бөгөөд, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барах үед буюу 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 11,007,559 төгрөгийн өртэй, 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хаан банк ХХК-иас зээлсэн 35,000,000 төгрөгийн гэрээний дагуу нас барах үед 26,869,821 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. /2-р хх-00, 57, 3-р хх-60/
Дээрх Зээлийн гэрээний үүргийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч С.Г төлж, биелүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /2-р хх-219/
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт ...өвлөгч...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж, мөн хуулийн 535.2 дахь хэсэгт ...хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж тус тус заажээ.
Өвлүүлэгч нас барах үед иргэн Т.Од 70,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн С.Гийн үйлдсэн Баталгаа гаргах нь гэх баримтыг нотлох баримтаар гаргасан боловч тухайн баримтаар Т.Ооос талийгаач Д.Лд мөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт бүрэн нотлогдохгүй байх тул иргэн Т.Од төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин Хаан банк ХХК-д нийт 38,217,380 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх үлдэгдэлтэй байсан, үүнийг хариуцагч С.Г төлж барагдуулсан болох нь Зээлийн дансны хуулга, Хаан банкны тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа учир хууль ёсны 0 өвлөгчид ногдвол зохих үүрэг 9,550,005 төгрөг байгааг, нэхэмжлэгч Л.Мийн өвлөгдвөл зохих 25,190,765 төгрөгөөс хасч тооцон, нийт 15,600,020 төгрөгийг хариуцагч С.Гээс гаргуулан нэхэмжлэгч Л.Мд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.М нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч мөн тул шүүх түүнийг дахин өвлөгчөөр тогтоох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 528 дугаар зүйлийн 528.3, 535 дугаар зүйлийн 535.2, Нотариатын тухай хуулийн 03 дугаар зүйлийн 03.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Д.Лгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгон өвлөгдөх хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг тооцуулах тухай нэхэмжлэгч Л.Огийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Бэд холбогдох 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр С.Гт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Л.О, Л.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Лгаас өвлөгдвөл зохих 15,600,020 төгрөгийг хариуцагч С.Гээс гаргуулан нэхэмжлэгч Л.Мд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гээс 236,152 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Огоос 200,000 төгрөг, нэхэмжлэгч Л.Мээс 200,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч Итгэлт эстимэйт ХХК-д олгосугай.
0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА