Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Батбаяр,

улсын яллагч С.Уянга,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж  ҮД:07-47, 

шүүгдэгч Х.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ хувиараа хөдөлмөр  эрхэлж  байсан,  ам бүл-3,  эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 03 дугаар хороо, 2 хороолол, 71 байрны 144 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн Хөнхэр овогт Халтарын Хүрэлбаатарт /РД:ЧЕ82010976 /

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2432 дугаартай 105/2017/0147/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ

Шүүгдэгч Х.Хүрэлбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 1550 тоот хашаанд эхнэр Г.Цогтсайхантай утсаар яриулсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Батмөнхийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, мөн өөрийн унаж явсан 94-20 УНР улсын дугаартай “Хундай-Портер” маркийн автомашинаар хохирогч Г.Цогтсайханы 5 ханатай монгол гэрийг дайрч, улмаар Г.Цогтсайханы биед хүндэвтэр гэмтэл  учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: Тухайн үед  би  өөрийн  охин Гоомаралтай утсаар ярихад Батмөнхийн гэрт хөдөө байна гэсэн. Өмнө нь Гоомаралын ээжтэй утсаар ярихад хүүхдүүд унтаж байгаа гэсэн юм. Тэгээд би хүүхдүүд унтаагүй байна гэж бодоод эргээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгсэн Батмөнх утсаа аваад “чамтай яриулахгүй, битгий дахин дахин залгаад бай, дахин залгавал ална шүү, өөрийнхөө утсаар залгаж чадахгүй хүний утсаар залгадаг гуйлгачин минь” гээд утсаа тасалсан. Тэгээд би ярилцахаар очсон гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Цогтсайханы:…2016 оны 06 дугаар сарын 14-ний  өдөр  нөхөр Батмөнхийн хамтаар аавыгаа эмнэлэгт эмчилчихээд гэртээ ирээд байж байтал Хүрэлбаатар гаднаас лантуу бариад орж ирсэн. Тэгсэн нөхөр Батмөнх өөдөөс нь гараад тэр 2 хоорондоо зодолдсон. Би цаашаа яваад барилга барьж байсан 2 залууг дагуулж ирсэн. Нөгөө  хоёр  залуу Хүрэлбаатар Батмөнх хоёрыг салгаад цааш явуулсан. Тэгээд нөхөр бид  хоёр  гэртээ ороод нөхрийн цамц цус болчихсон байхаар нь түүнийг тайлаад нөхөр Батмөнх гутлаа өмсөөд би нөхөртөө футболк авч өгөх гээд гэртээ зогсож байтал гэнэт машин хаазлаад ороод ирсэн. Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод шагайтал Батмөнх намайг араас татсан. Тэгсэн портер машин гэрийг дайраад ороод ирсэн. Тэгээд Хүрэлбаатар ахиж машинтайгаа ухарч байгаад гэр дайрсан.Тэгсэн Батмөнх бид хоёр  Хүрэлбаатарын портер машиных нь дор хэвтэж байсан. Хүрэлбаатар ахиад машинаа ухраахаар нь Батмөнх босоод зугатаасан. Тэгээд Батмөнхийг дайрах гээд хөөгөөд байсан. Тэгээд Хүрэлбаатар Батмөнхийг дайрч чадахгүй болохоороо зугатаагаад явсан. гэх мэдүүлэг / хх-ийн 18-19-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Батмөнхийн: ...Хүрэлбаатар 22 цаг 40 минутын үед манай гэрт ирсэн. Хүрэлбаатар гэрийн гадаа нэг юм шидчихээд манай хаалгыг татаад ороод ирсэн. Тэгээд намайг заамдаад авсан. Бид  хоёр  хоорондоо барилцаад түлхээд гэрээс гарсан. Гэрийн гадаа очоод бид хоёр  хоорондоо ноцолдсон. Хүрэлбаатар намайг учиргүй цохьсон. Тэгээд Хүрэлбаатар салж яваад гэрийн гаднаас  нэг юм бариад ирсэн. Тэр нь  лантуу байсан. Би тэр лантуугаас нь зуурч ноцолдож байгаад хаяуулсан. Цаанаас эхнэр барилгын 2-3 залуучууд дагуулаад ирсэн. Тэр  хоёр  залуу нь Хүрэлбаатар бид хоёрыг салгасан. Хүрэлбаатар та хоёрыг ална даа гээд гүйгээд явчихсан. Тэгсэн удалгүй өөрийн унаж ирсэн портер маркийн машинаа асаагаад ирсэн. Тэгээд хаалга онгойлготол гэнэт гэрийн хажуунаас машин ороод ирсэн.  Гэрийг мөргөсөн. Тэгээд нөгөө портер машин ахиж ухарч байгаад мөргөсөн. Тэгээд гэртэйгээ бид 2 дайрагдаж гэрийн баруун талын айлын гэрийн буйрны наад талд хэвтэж байсан. Нэг мэдсэн би машин дор хэвтэж байсан. Тэгээд би бостол ахиад машинаа ухраагаад намайг мөргөх гэсэн..гэх мэдүүлэг. /хх-ийн  21-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч  Д.Сосорбарамын:... Тэгсэн Хүрэлбаатар өөрөө гүйгээд явсан. Тэгээд өөртөө байсан түлхүүрээр машинаа асаагаад миний маш хурдтай ирээд миний хажуугаар өнгөрөөд хашаа мөргөж ороод гэрийг машинаар мөргөсөн. Маш хурдтай ирээд хашаа дайраад гэрийг 2-3 удаа дайраад ухарч гараад зугатаасан  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал /

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлгийн  үзлэг хийсэн ¹8451 тоот  актанд :

           1.Цогтсайханы биед баруун умдаг суудал ясны хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун цавь, гадна бэлэг эрхтэн, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн  чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Д.Мөнхбат гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлгийн  үзлэг хийсэн ¹8452 тоот  актанд :

            1.Батмөнхийн биед  тархи доргилт, дагз, зүүн чихний доод, хэсэг, доод зүүн хацрын зулгаралт, дух, баруун, зүүн дал, нуруу, баруун, зүүн тохой, шуу, гуя, өвдөг, шилбэний олон тооны цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугалга, өвдөг шилбэний олон тооны цус хуралт, умдагны зөөлөн эдийн  няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн  чадварт нөлөөлөхгүй.

 Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-ийн 30-р тал/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

…22.53 минут 13 секундэд гэрэл гарч ирээд портер машин ирж хашаа руу орохдоо хойд талын дугуйгаар ямар нэгэн юман дээгүүр хойд дугуйг дайруулан харайлгаж гараад хурдтайгаар цааш давхиж явсан. Тэгээд портер машин огцом ухрах, урагшлах үйлдлийг 3 удаа давтаж хийсний дараа огцом ухарч  хөндлөн зогсох үед машины хойд гэрэлд  бүслүүртэй гэр байгаа нь харагдаж байв. Түүний араас үл танигдах эрэгтэй гүйсэн байдалтай гарч ирэхэд ахиж түүний араас үл танигдах  3 эрэгтэй  гарч  ирсэн бичлэг байв. /хх-н 41-р тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 9-р тал /

-Хөрөнгийн үнэлгээ,  төслийн  “Лэндс” ХХК-н тайлан / хх-н 63-73-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт  цугларсан бичгийн нотлох  баримтууд болон    хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд  Х.Хүрэлбаатар  нь  ялимгүй   зүйлээр шалтаглан  хэрүүл маргаан  өдөж  бусдыг илтэд үл хүндэтгэн   бусдын  бие махбодид  гэмтэл учруулан догшин  авирлан танхайрсан, танхайрах  явцдаа  бусдын  эд хөрөнгийг  гэмтээж устгасан  үйл баримт болсон  байна.

 

Иймд  Х.Хүрэлбаатар  нь  2016 оны 06 дугаар сарын 14-ний орой  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 1550 тоот хашаанд эхнэр Г.Цогтсайхантай утсаар яриулсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Батмөнхийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, мөн өөрийн унаж явсан 94-20 УНР улсын дугаартай “Хундай-Портер” маркийн автомашинаар хохирогч Г.Цогтсайханы 5 ханатай монгол гэрийг дайрч, улмаар Г.Цогтсайханы биед хүндэвтэр гэмтэл  учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х.Хүрэлбаатарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Хүрэлбаатар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 42-р тал/

Шүүгдэгч  Х.Хүрэлбаатар нь  танхайрах  явцдаа хохирогч Г.Цогтсайхан, Ч.Батмөнх нарт   эрүүл мэндэд  960.000 төгрөг болон  эд хөрөнгөнд нь  3. 020.000 төгрөгийн  учруулсан , хохирлоо нөхөн төлсөн, хохирогч  гомдол саналгүй болсон  байна. /хх-н  114-119-р тал/

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хөнхэр овогт Халтарын Хүрэлбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогчийн биед хүндэвтэр  гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг , бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг  тус тус  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

          2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Х.Хүрэлбаатарыг  3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар   1  /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар  3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  оногдуулсан  ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 /нэг/  жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих ялыг  багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурван / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Хүрэлбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 6 / зургаан/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Х.Хүрэлбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  134 дүгээр зүйлийн  134.10-т зааснаар  Баянзүрх дүүргийн  Цагдаагийн 3-р хэлтэсийн  мөрдөн байцаах тасгийн  ахлах мөрдөн байцаагч  цагдаагийн хошууч  Л.Батсайханы  2016 оны 12 дугаар сарын  20-ны өдрийн 94-20 УНР улсын дугаартай  “Хундай- Портер” маркын цэнхэр  өнгийн  ачааны машиныг  буюу  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны  өмчлөгч Х.Гантулгад буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж  1 ширхэг СиДиг  уг хэргийг хадгалах хугацаа  дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  Х.Хүрэлбаатарт  оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг  Баянгол  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

   

            9.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Хүрэлбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хүрэлбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.АЛТАНЦЭЦЭГ