Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 719

 

 

 

 

 

                        

  2020             6               2                                         2020/ДШМ/719

 

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,                                   

шүүгдэгч Н.Эы өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Эд холбогдох 2008001120134 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тэв тэнгэр овгийн Намсрайн Э, 1962 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, зээ нарын хамт Сонгинохайран дүүргийн 7 дугаар хороо, 76 айлын 2 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:........................../,

Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн Б-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Улаанбаатар хотын шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б-д тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Өвөрхангай аймгийн шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Өвөрхангай аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1986 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьдчилан хоригдсон 2 жил 2 хоног болон урьдах тогтоолоор эдэлсэн ялыг эдлэх ялд оруулан тооцож,1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 2, 112 дугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 234 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 180 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор шийтгүүлсэн 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 8 сарын хорих ялаас 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон,

            Багануур дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 490 дугаартай магадлалаар энэ 8 жилийн хорих ял дээр урьдах тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 3 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 115 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 273 дугаартай “Хорих ял дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 3 сарын хугацаагаар тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

-2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07-08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны 14/Б тоот хашаанд иргэн Д.Баасанжаргалын эд хөрөнгийг авахаар түүний хүзүү, хоолойг боох зэргээр хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойн тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, чэнж эссэ тамхи, асаагуур, бэлэн 6000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Баасанжаргалд 10.300 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутаас 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн орчимд иргэн Б.Цэцэгмаагийн эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хэтэвч, ээмэг, бөгж, кулон зэрэг мөнгөн хослол 2 ширхэг, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн карт, “Хаан” банкны кредит карт, “Монос” эмийн сангийн хөнгөлөлтийн карт, автобусны карт, бэлэн 9000 төгрөг зэрэг эд зүйлстэй гар цүнхийг дээрэмдэж, Б.Цэцэгмаад 416.100 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутаас 06 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 1 дүгээр гудамжны 62 тоот хашааны гадна иргэн Д.Энхмаагийн эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Айфоне 6” загварын гар утас, гар цүнх, хэтэвч, толь, цаг, түлхүүр, ажпын үнэмлэх, бал, гарын тос, бэлэн 2500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Энхмаад 347.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутаас 07 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5 дугаар гудамжны 61 тоот хашааны гадна иргэн Д.Гандолгорын эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Айфоне 6” загварын гар утас, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Гандолгорт 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Намсрайн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Эыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эы урьд цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон. Энэ ял 60 нас хүрч яваа надад амьдралд минь цэг тавихтай адил санагдаж байна. Миний хувьд энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж эхнээсээ хэргээ үнэн шударгаар хүлээж ирсэн. Шүүх хурлаас өмнө өөрийн үйлдсэн хэрэгт дүгнэлт хийж, гэм буруугаа ухамсарлан бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. Шүүх хуралдааны явцад улсын яллагч 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэсэн.

Иймд би үйлдсэн хэргээ шударгаар хүлээж шийдвэрлүүлсэн, хохирлыг барагдуулсан байдал болон миний хувийн байдал болох насыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн надад оногдуулсан ялыг багасгаж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Эы өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э нь үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэсэн үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтвортой өгч байсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн түүнд оногдуулсан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 8 жилийн хорих ялыг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу

-2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07-08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны 14/Б тоот хашаанд иргэн Д.Баасанжаргалын эд хөрөнгийг авахаар түүний хүзүү, хоолойг боох зэргээр хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойн тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, чэнж эссэ тамхи, асаагуур, бэлэн 6000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Баасанжаргалд 10.300 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутаас 06 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн орчимд иргэн Б.Цэцэгмаагийн эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хэтэвч, ээмэг, бөгж, кулон зэрэг мөнгөн хослол 2 ширхэг, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн карт, “Хаан” банкны кредит карт, “Монос” эмийн сангийн хөнгөлөлтийн карт, автобусны карт, бэлэн 9000 төгрөг зэрэг эд зүйлстэй гар цүнхийг дээрэмдэж, Б.Цэцэгмаад 416.100 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутаас 06 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 1 дүгээр гудамжны 62 тоот хашааны гадна иргэн Д.Энхмаагийн эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Айфоне 6” загварын гар утас, гар цүнх, хэтэвч, толь, цаг, түлхүүр, ажпын үнэмлэх, бал, гарын тос, бэлэн 2500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Энхмаад 347.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутаас 07 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5 дугаар гудамжны 61 тоот хашааны гадна иргэн Д.Гандолгорын эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Айфоне 6” загварын гар утас, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Гандолгорт 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Баасанжаргалын “....Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-146 тоот өөрийн хашаанаас 07 цаг 15 минутын үед хог хаях гээд гарах үед, миний ард 45-50 орчим насны эрэгтэй зогсож байсан. Тухайн эрэгтэй “хогийг чинь хамт гаргалцаад өгье” гээд байхаар нь би “хэрэггүй” гэхэд яваад өгсөн. ...гэртээ байж байхад манай байшингийн цонхны хажуугаар эрэгтэй хүн явж байсан бөгөөд би гэрээсээ дэгээ төмөр аваад гарахад хашааны баруун талын үүдэнд 20-25 минутын өмнө “хогноос чинь гаргалцаад өгье” гээд байсан 45-50 насны эрэгтэй зогсож байсан. Намайг хашааны баруун талын хаалганаас зүүн талын хаалга хүртэл миний хоолойд хутга тулгаад чирж авч яваад газар суулгаад миний хоолойг боогоод намайг өргөж босгохоор нь би тухайн эрэгтэй хүнд “танд юу хэрэгтэй юм бэ” гэхэд “чимээгүй байгаарай ах нь шийдсэн хүн, хамаг юмаа үүрээд явж байдаг хүн” гээд зүүн талын гараараа миний халаасанд байсан ченж эссэ тамхи, ногоон өнгийн асаагуур, 6000 гаруй төгрөг аваад өөрийн хувцасны халаасанд хийсэн. ...” /1хх 15-17/,

хохирогч Б.Цэцэгмаагийн “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 цаг 30 минутын орчим автобусын буудал руу явж байхад саарал өнгийн гүйдэг төмрөн хаалгатай айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь би нохойтой айл байж магадгүй гэж бодоод болгоомжтой алхаад өнгөрч байхад нэг үл таних эрэгтэй хүн тэр хашаанаас гарч ирсэн бөгөөд миний хойноос хурдан, хурдан алхаад байсан. Тэгээд миний яг ард ирчихсэн “цүнхээ өг” гэж хэлээд хаанаас ч юм мэдэхгүй цагаан иштэй богино хутга гаргаж ирээд миний цүнх барьж байсан зүүн гар луу хутгаараа чичээд байхаар нь би цүнхээ тавилгүй барьж байсан чинь тэр хутгаа миний зүүн талын цээжний хэсэгт барьж байгаад “Цүнхээ өгөхгүй бол энд дүрчихнэ шүү” гэхээр нь би айгаад цүнхнээсээ гараа авсан. ...” /1хх 183-185/,

хохирогч Д.Энхмаагийн “Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 45 минутын үед Сонгинохайхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал овооны 30 дугаар гудамжны 26 тоотод байрлах гэрээсээ гараад гудамжны буланд байх “Дамбо” хүнсний дэлгүүрийн урдуур өнгөрөөд явган хүний жижиг төмөр гүүрээр гараад 10 метрийн зайд явж байхад миний өөдөөс 45-55 орчим насны эрэгтэй хүн хажуугаар зөрөхдөө миний биеийг гараараа барьж эргүүлээд хашаа руу шахсан. Тэгээд гэдсээрээ намайг шахаад баруун гараараа богино шар иштэй хутга миний цээжинд тулгаад зүүн гараараа миний цүнхийг барьж авангуутаа “...дүрчихнэ шүү. Орилвол ална шүү. Өөр өгөх юу байна" гэхээр нь өөрийнхөө гар утсыг нуугаад “энэ цүнх л байна” гэж хэлсэн чинь цүнхийг эхэлж авангуутаа миний куртикны баруун талын халаасанд байсан “Айфон 6” загварын гар утсыг гаргаж ирж авсан. ...” /2хх 74-75/,

хохирогч Д.Гандолгорын “...би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутын үед гэрээсээ ажилдаа явах гэж гарсан. Миний ард талд нэг эрэгтэй хүн явж байсан. ...би эргээд хартал миний цээжин тус газарт шууд хутга тулгасан, тэгээд мөнгө өг гэж хэлээд миний үүрч явсан бор өнгийн шар оосортой гар цүнхний оосрыг хутгаараа тасалсан, тэр үед би айгаад өвдөглөөд доошоо унасан. ...цүнхээ онгойлгоод түрийвчнээс бэлэн байсан 12000 төгрөгийг гаргаж өгсөн. Тэгсэн тэр үл таних эрэгтэй хүн мөнгийг шүүрээд авах үед би босоод ирсэн, тэгтэл намайг тэр хүн одоо “гар утсаа өг” гэж хэлсэн, тэгэхээр нь би “ахаа надад утас байхгүй” гэж хэлтэл, тэр хүн “чамайг нэгжээд биенээс чинь утас чинь гарах ирэх юм бол шууд хутга дүүрнэ шүү новш минь” гэж хэлсэн. Би айгаад куртикны баруун талын халаасанд байсан “Айфоне-5” загварын гар утсаа гаргаж өгсөн. ...” /2хх 132-133/,

гэрч Ж.Жаргалын “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө гэрээсээ 05 цаг 45 минутад гараад Дүүхээ төвийн хажууд алхаж явсан чинь Б.Цэцэгмаа эгч над руу 89132179 дугаарын утаснаас 06 цаг 03 миунтанд залгаад “миний цүнхийг хүн авчихаад өгөхгүй байна” гэхээр нь хаана байгааг нь асуугаад урдаас нь яваад Дүүхээ төвийн эсрэг талыг гудамжинд тааралдахад “миний цүнхийг хүн дээрэмдээд аваад явчихлаа”...” /1хх 171-172/ гэх мэдүүлгүүд,

“...Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй “Хэргийн газарт алхсан” гэсэн нэртэй N01051327 дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 05 цаг 13 минутад, N0105332 гэсэн нэртэй дүрс бичлэгийн 05 цаг 35 минутад бичигдсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн хүний гадаад төрх, үйл хөдлөл нь харьцуулах загвараар ирүүлсэн N03222357, N03223357 гэсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн хүний гадаад дүр төрх, үйл хөдлөлтэй биеийн ерөнхий хэлбэр, хүйс, доод мөчдийн хэлбэр, явдлын онцлог зэрэг шинж тэмдэгээр тохирч байна” гэсэн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх142-148/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 88-91, 2хх 54-57, 2хх 107-110/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 92-95/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-21, 134-137, 186-190/, гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 195-196, 2хх 87-88, 147-149/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 29-32, 173-177, 2хх 115-119/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 104-111, 116-123/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 112-113/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1хх 137-138/ ,“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 23-25, 164-165, 2хх 64-67, 121-123/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 85-86, 144-146/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 99, 114, 124, 2хх 89/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 198, 2хх 91, 158, 160/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 87, 2хх 53, 106/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх128-129, 133-135/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Эыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч нарт хутга тулган сүрдүүлж, тэдэнд хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Эы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг  зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх, шүүгдэгч Н.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан ялыг багасгаж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Дээрэмдэх гэмт хэрэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болон хувь хүний эрх чөлөө, амь нас, эрүүл мэндэд аюултай хэрцгий шинж чанараараа нийгэмд аюултай үр дагавар учруулдаг хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ