Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0409

 

     2022         05           30                                   128/ШШ2022/0409   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Б******/РД:************/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А********, хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Х*********, Ш.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар иргэн П******* зуслангийн зориулалтаар олгогдсон 1000 м.кв талбайтай газрыг түүнтэй байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээний үндсэн дээр 2017 оны 5 дугаар сарын 26-нд худалдан авч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар 1000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор уг газрын хууль ёсны эзэмшигч болсон юм.

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас нэгж талбарын 186433300******** дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших ***** дугаартай газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын ************ дугаар бухий 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших ****** дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус олгож, би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газрын албатай газрыг эзэмших гэрээг 15 жилийн хугацаатай байгуулан газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн.

Нэхэмжлэгч миний бие нөхрийн хамт бүх насаараа улсдаа хөдөлмөрлөн тэтгэвэрт гарсан үедээ анх удаа өөрийн гэсэн зуслангийн газартай болсондоо талархалтай байсан. Цар тахалтай энэ хүнд үед бусдын адил үр хүүхэд, ач зээ нартайгаа эрүүл агаарт амьдрах шийдвэр гаргаж, өөрийн эзэмшил газартаа байгаль орчинд ээлтэй, цахилгаан халаагууртай цэвэр бохирыг төгс шийдсэн 59 м2 зуслангийн байшин бариулах шийдвэр гарган 90 сая төгрөгийн зээл авч ажлаа эхлүүлсэн. Энэ газрыг төрийн эрх бүхий байгууллагаас надад хуулийн хүрээнд албан ёсоор зуслангийн зориулалтаар олгосон гэж үзэж энэ их хэмжээний төсөв хөрөнгө төлөвлөж зуслангийн байшин барих ажлаа эхлүүлсэн юм.

   Гэвч зуслангийн барилгын ажлын явцад хөндлөнгийн том эрх мэдэлтэн УИХ-ын гишүүн Б.Э********* жирийн иргэн миний эзэмшил газарт маань ирж бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацаж, ёс зүйгүй үйлдэл гаргаснаараа миний  эрхийг зөрчин, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар олгосон захирамжаа хууль бусаар хүчингүй болгон надад болон миний гэр бүлд, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, эд материалын маш их хохирол учрууллаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэрээс  болж иргэн миний газар худалдан авсан үнэ, хашааны үнэ, суулгалтын хөлс, газар шорооны ажил, байшингийн аяган суурийн үнэ, торгууль, зээл, зээлийн хүү гэх мэт дарамт мөрөөрөө амьдарч яваа жирийн иргэн надад учирч өрийн тоо 110 саяаас даваад байна. Энэ асуудлыг олон талаас нь авч үзэн иргэн хүнийг давхар, давхар хохироохгүй гэдэгт итгэн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч миний өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгөхгүй ихэд удаасан.

Өргөдлийн хариугаа бичгээр авах хүсэлт гаргасны хариуд 2021 оны 8 дугаар сарын 9-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын туслах утсаар Газрын албанаас хариуг авах тухай зөвлөсний дагуу дахин хүсэлт гаргаж 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/212 тоот захирамжийг олж аваад Нийслэлийн Засаг даргад уг захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан гаргасан гомдлын хариуг 2021 оны 9 дүгээр сарын 9-нд миний бие хүлээн авсны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/212 дугаартай захирамжийг гаргахдаа Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг баримталж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын болон Нийслэлийн байгаль орчны газрын албан бичгийг тус тус үндэслэжээ. Захирамж гаргах үндэслэл болсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 тоот албан бичиг болон Нийслэлийн байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/602 тоот албан бичгүүдээс үзэхэд ойн сав газарт барилга байгууламж барихыг хориглосон Ойн тухай хуулийг зөрчсөнөөс уг газарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох агуулга тусгагджээ.

Нэхэмжлэгч миний бие маргаан бүхий захирамжийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй хууль бус гэж үзэж байна.

1. Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлтэйгээр тодорхой зориулалт, нөхцөл, болзлын дагуу газрыг эзэмших, ашиглах эрхтэй байна. Би төрийн эрх бүхий байгууллагын тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын олгосон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн дүүргийн Газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх хүчин төгөлдөр гэрээний дагуу уг газрыг зориулалтаар нь эзэмшиж байсан.

2. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох төрлийг заахдаа гэр бүлийн хамтын хэрэгцээнд, эсхүл төрийн байгууллагын эсхүл аж ахуйн нэгжийн хэрэгцээнд олгоно гэсэн байх ба анхнаасаа 2009 онд бусдад зуслангийн зориулалттай олгосон байсан газрыг миний бие шилжүүлэн авах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасны дагуу тухайн эрх бүхий этгээд зөвшөөрч шийдвэрлэхдээ мөн л надад "зуслангийн зориулалт" гэж газар эзэмших эрхийн зориулалт, төрлийг тодорхой зааж олгосон.

3. Тухайн газар нь ойн сав газар мөн, хэрэв ойн сав газарт зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлдэггүй бол анхнаасаа эрх бүхий этгээд өөрөө хууль тогтоомжоо баримталж иргэдэд газар олгож, хохироож, зардал чирэгдэл учруулах ёсгүй байсан.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэгэнт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог хуулийн үндэслэлийг заасан байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамждаа эдгээр үндэслэлийн алийг ч баримтлаагүй бөгөөд баримтлах ч хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. Тэр тусмаа иргэн надтай хамааралтай, миний буруутай үйлдэлтэй холбоотой тухайлбал, газар эзэмших гэрээний нөхцөл болзлоо зөрчсөн, газрын төлбөрөө төлөөгүй, ашиглаагүй удсан зэрэг шалтгаан огт байхгүй юм.

5. Хууль жирийн иргэн, эрх бүхий төрийн албан тушаалтан, аливаа этгээдэд адил тэгш үйлчлэх ёстой, гэтэл миний эзэмшиж байсан газрын 3 айлын цаана гэхэд л УИХ-ын гишүүн Б.Э******* мөн л ойн сав газарт зуслангийн зориулалттай хашаа байшин барьж амьдарч байгаа, өөр бусад айлууд ч бүр модон дотор байшин барьсан байгаа нь бодит байдалд ил байна. Ийм атал зөвхөн тэтгэврийн хөгшин намайг ялгаварлан дорд үзэж зөвхөн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хүн бүр хуулийн дагуу эрх тэгш байх зарчимд нийцээгүй шударга бус болсон тул би туйлын гомдолтой байна.

6. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг, төрийн залгамж халаа гэж огт байхгүй, өмнөх шийдвэрийг дараагийн эрх мэдэлтнүүд дур зоргоор бусдын нөлөөгөөр хүчингүй болгодгоос шалтгаалж жирийн иргэд маш их хохирдогийн тод жишээ нь би болж байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг заасан ба үүнд хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмууд тусгагдсан байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга шийдвэр гаргахдаа миний гаргасан өргөдлийг харгалзан үзээгүй, уулзах хүсэлтийг хүлээн аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, надад ямар хохирол учирч байгааг тоолгүй, асуудлыг хууль зүйн боломжит хувилбараар шийдвэрлээгүйгээр маш хурдан, бусдын, эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашгийг хамгаалсан хууль бус шаардлагаар хүчингүй болгосон илтэд хууль болсон.

8. Хариуцагч Засаг дарга А/212 тоот захирамжаар дүүргийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжийн иргэн Б.Б****** надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх боловч Баянбулагийн зусланд ********, *********** нэгж талбар бүхий гэсэн нь миний эзэмшил газартай хамааралгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 тоот захирамж нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шйдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ:  “Нэхэмжлэлийн шаардлагаа

1/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 6-ны одрийн А/212тоот бус байсан болохыг тогтоолгох тухай

2/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна.

1/ Нэхэмжлэгч миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл  гаргасны дараа хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 тоот захирамжаараа маргаж буй захиргааны актыг хүчингүй болсонд тооцсон байх тул шаардлагаа өөрчилж байна. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 тоот захирамжийг илэрхий алдаатай акт гэж дүгнээд уг захирамжаа  хүчингүй болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үндэслэлээр маргаан бүхий акт нь хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа боловч уг захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл маань хэвээр байгаа болно. Хариуцагч нь шинээр гаргасан захирамжиндаа Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсгийг шинээр нэмж оруулснаар захиргааны актын илэрхий алдааг зассан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь өмнөх захирамждаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг орхигдуулсан тул байгаагүй хуулийн заалтуудыг нэмж оруулсан нь захиргааны актын бичилт болон тооцооны алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд харин эсрэгээр өөрийн гаргасан захирамжаа хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлийг гаргаж байна. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасанчлан өмнө гаргасан захиргааны актыг засаж өөрчилсөн тохиолдолд хэргийн оролцогчид уг засварыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

2/ Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан А/402 тоот захирамжаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжийн иргэн Б.Б****** надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Энэ газрыг иргэн П******* нь 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар олгогдсон зуслангийн зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг эзэмшиж байгаад 2017 оны 5 дугаар сарын 26-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр миний нэр дээр шилжүүлсэн юм. Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн A/305 дугаар захирамжаар нэхэмжлэгч миний 1000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас нэгж талбарын ********* дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших ******* дугаартай газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын ******** дугаар бүхий 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших ************ дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус олгож, би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газрын албатай газрыг эзэмших гэрээг 15 жилийн хугацаатай байгуулан газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн.

   Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/402 дугаартай захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасныг баримталж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын болон Нийслэлийн байгаль орчны газрын албан бичгийг тус тус үндэслэжээ. Захирамж гаргах үндэслэл болсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 тоот албан бичиг болон Нийслэлийн байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/602 тоот албан бичгүүдээс үзэхэд ойн сав газарт барилга байгууламж барихыг хориглосон Ойн тухай хуулийг зөрчснөөс уг газарт олгосон газар  эзэмших эрхийг хүчингүй  болгох гэсэн агуулга тусгагдсан байгаа боловч эдгээр албан тоотуудыг Газрын тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бухий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон" гэх үндэслэлийг захирамжиндаа оруулсан байгаа боловч энэ тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байх тус хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 тоот захирамж нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 281 дүгээр захирамжтай зуслангийн зориулалттай 1000 м.кв газрыг П********* гэж иргэнээс худалдан авч Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлтээ өгөхөд 2017 оны А/305 дугаар захирамжаар 700 м.кв, 300 м.кв газрыг зуслангийн зориулалтаар гэрчилгээ олгосон, нөхөр бид 2 насаараа улсдаа хөдөлмөрлөн тэтгэвэрт гарахдаа анх удаа өөрийн гэсэн зуслангийн газартай болж, эрүүл агаарт амьдрья гээд зээл авч хашаа барьж, байгаль орчинд ээлтэй, цахилгаан халаагууртай цэвэр бохирыг төгс шийдсэн 59 м2 зуслангийн байшин бариулах гэрээ байгуулаад байшингийн аяган суурь хийлгэсэн. Манай газар ойгоосоо 100 метрээс илүү нэлээд зайтай, ойн бүсэд хамаардаг байсан бол 2017 онд тэр газрыг худалдаж авахад шилжүүлж өгөхгүй гэсэн бол бид ийм их зардал гаргахгүй байсан. Манайхаас баруун тийшээ, зүүн тийшээ, хойшоогоо зөндөө айлууд байшин барьж амьдарч байгаа, бүр зүүн урагшаагаа модон дотроо хүртэл хашаалаад байшин барьж байгаа. Улсын Их Хурлын гишүүн Б****** манай баруун талд 3 айлын цаана том хаусанд амьдардаг, тэр хүн ирээд байшин барьж байна гээд бичлэг хийгээд, тэгээд л манай газрын эрхийг цуцалсанд гомдолтой байна. Тэр хавийн айлууд торлогийг нь аваад байшин барьсан байсан.1000 м.кв газрын эргэлтийн цэгийг тогтоолгосон. 700 м.кв газрын торлогийг 2017 онд авсан. 2021 он гэхэд торлогийг авчихсан байсан. 1000 м.кв газрыг хашаалсан, хойд, зүүн, баруун талаа төмөр хашаагаар хашаалсан, урд торлогтой залгаа хэсгээ хашаалаагүй тэр чигт нь үлдээсэн. Манайх нэмж мод тариад байгаль орчин бохирдуулахгүй амьдрах л хүсэлтэй байна.” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Хариуцагч шинээр гаргасан захирамждаа Захиргааны хэргийн ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах заалтад “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.”, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтад “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;” гэх заалтуудыг шинээр нэмж оруулснаар захиргааны актын илэрхий алдааг зассан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь өмнө гаргасан захирамждаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг орхигдуулсан тул байгаагүй хуулийн заалтуудыг нэмж оруулсан нь захиргааны актын бичилт болон тооцооны алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд харин эсрэгээр өөрийн гаргасан захирамжаа хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасанчлан өмнө гаргасан захиргааны актыг засаж өөрчилсөн тохиолдолд хэргийн оролцогчид уг засварыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан А/402 тоот захирамжаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжийн иргэн Б холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Маргаан бүхий газрыг П нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар олгогдсон зуслангийн зориулалтай 1000 м.кв талбайтай газрыг эзэмшиж байгаад 2017 оны 5 дугаар сарын 26-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А/305 дугаар захирамжаар Б.Б****** нь газар эзэмших гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газрын төлбөр болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж өдийг хүрсэн. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албатай газар эзэмших эрхийн гэрээг 15 жилийн хугацаатай байгуулан газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн. Б.Б****** нь гэрээний үүргээ зөрчсөн хууль бус үйлдэл хийж байгаагүй юм.

Тус зуслангийн газрыг зориулалтын дагуу ашиглахын тул тодорхой 110 сая төгрөгөөс давсан зарлага гаргасан байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын бусдад зуслангийн зориулалттай газар эзэмшүүлсэн шийдвэр нь  тухайн үед хууль ёсны үндэслэл бүхий байсан учир Б.Б****** өөрийн нэр дээр шилжүүлж бүх юм хуулийн дагуу явж байна гэж ойлгож байсан. Нийслэлийн байгаль орчны газрын бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан бичгийг үндэслэн газар эзэмших эрхийг хууль бус байна гэж үзэж цуцалж байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн байгаль орчны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгүүдээс үзэхэд ойн сан бүхий газарт Ойн тухай хуулийг зөрчиж газар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэсэн агуулгаар тусгасан байсан. Эдгээр албан тоотуудыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласныг” тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Тус газар өөр айлууд амьдарч байхад зөвхөн Б.Б****** газар эзэмших эрхийг цуцал гэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Нийслэлийн байгаль орчны газрын мэдээлэл нь хуульд нийцэхгүй байна.

 Газрын тухай хуульд иргэн, хуулийн этгээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тодорхой зорилт, нөхцөл болзлын дагуу газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж заасан. Б.Б****** хувьд эрх бүхий байгууллага буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу уг газрыг зориулалтаар нь эзэмшиж байсан. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох төрлийг заахдаа гэр бүлийн хамтын хэрэгцээнд эсвэл төрийн байгууллагын, эсвэл аж ахуй нэгжийн хэрэгцээнд олгоно гэсэн байх ба 2009 онд бусдад зуслангийн зориулалттай олгосон байсан газрыг шилжүүлж авах хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан бөгөөд эрх бүхий этгээд зөвшөөрч шийдвэрлэхдээ Б.Б****** мөн зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийн, зориулалт төрлийг зааж олгосон.

Тухайн газар ойн сан бүхий газарт хамаарахгүй, ойгоосоо хамаагүй хол, хэрэв ойн сан бүхий газарт хамаардаг, зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлдэггүй бол анхнаасаа эрх бүхий байгууллага хууль тогтоомжийг баримталж иргэдэд газар олгож хохироож, зардал чирэгдэл учруулах ёсгүй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэл захирамжид дурдагддаг боловч тухайн эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байх тул энэ нь хууль бус үндэслэл юм. Нөгөө талаас захирамжийн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.Б.Б******  хувьд 40.1.2-т дурдсанаар байгаль орчинд харшаар ашигласан зүйл байхгүй. Эрх бүхий албан тушаалтан аливаа этгээдэд адил тэгш үйлчлэх ёстой.  Тухайн газар дээр маш олон айл амьдарч байна, мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр ой дотроо хүртэл байшин барьж, зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Зөвхөн Б.Б****** гадуурхаж, зөвхөн түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь шударга бус гэж үзсэн. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг, төрийн залгамж халаа гэж огт байхгүй, дур зоргоороо, бусдын нөлөөгөөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос шалтгаалж жирийн иргэд маш ихээр хохирч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмын талаар заасан бөгөөд 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг харгалзан үзээгүй, уулзах хүсэлтийг хүлээн аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд ямар хохирол учраад байгааг тоогоогүй, эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашгийг хамгаалсан, тэдний нөлөөнд орсон байдлаар, хууль бус шаардлагаар нь хүчингүй болгосон нь илт хууль бус юм.

Ногоон бүс гэдэг нь хаана байгаа, тус газарт багтаж байгаа эсэх асуудлыг тогтоох зорилгоор ирүүлсэн материалыг харвал Улаанбаатар хотын ногоон бүсийн хилийн заагийг тогтоосон гэсэн ойлгомжгүй баримт ирүүлсэн. Ойн сангийн тухай хуулиар ногоон бүсийн ойд орж байна, ойн захаас 100 метр газар байхаар хилийн цэсийг тогтоохоор байдаг гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Үүнээс үзвэл Б.Б****** гуайн эзэмшиж байгаа газар ойн захаас 100 метрийн дотор гэсэн хил дотор орж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Б****** нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар гаргаж байна.

Үүнд: Иргэн Б.Б****** дүүргийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд нэгж талбарын 1462905***, 1462905*** дугаартай 700м.кв газар эзэмшүүлснийг Нийслэлийн байгаль орчны  газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил шийдвэрлүүлэх тухай 03/602 тоот, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******** тоот албан бичгүүдээр Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Энэ нь нэхэмжлэгч дээрх хуулиудыг зөрчиж Ойн тухай хууль зөрчиж ойн сан бүхий газарт барилга байгууламж барьсан гэж үзэх үндэслэлтэй. Дээрх холбогдох хууль зөрчсөн үйлдлийг арилгаж Ойн тухай хууль, Газрын тухай хуульд нийцүүлэн дүүргийн Засаг дарга өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/212 дугаар захирамж гаргасан.

Маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг захирамжийн захирамжлах хэсэгт орхигдуулсан байна. Маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг актын захирамжлах хэсэгт бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан бичилт хийхэд гаргасан илэрхий алдаа юм. Тус алдааг маргаан бүхий актын үндсэн утга агуулгыг өөрчлөлгүй акт гаргасан эрх бүхий этгээд засах эрхтэй. Энэ эрхийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн захиргааны актын илэрхий алдааг засаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/402 дугаар захирамж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “иргэн ***** нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамж хууль бус байсныг тогтоолгох, 2021 оны А/402 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: дүүргийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамж нь дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжаар хүчингүй болсон тул А/212 дугаар захирамжид тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийн тухайд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 тоот, нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил шийдвэрлүүлэх тухай 03/602 тоот албан бичгүүдээр Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Дээрх холбогдох хууль зөрчсөн үйлдлийг арилгаж Ойн тухай хууль, Газрын тухай хуульд нийцүүлэн дүүргийн Засаг дарга өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2021 оны А/402 дугаар захирамжийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамжийг 2021 оны ***** дугаар захирамжаар хүчингүй болгосон. А/212 дугаар захирамжийг захиргааны актын илэрхий алдааг засан А/402 дугаар захирамжаар хүчингүй болгосон. А/402 дугаар захирамжийн тухайд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ***** дүгээр албан бичиг болон Байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчил шийдвэрлэх тухай 03/602 дугаар албан бичгүүдэд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж тогтоогдсон учраас дээрх газрын эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл ирсний дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны А/402 дугаар захирамж гарсан. Ойн тухай хууль болон Газрын тухай хуульд нийцүүлэн 2021 оны А/402 дугаар захирамжийг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х******** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчны газраас баталсан зургаа манай мэдээллийн санд өгсөн байдаг. Тухайн ойн сан  бүхий бүсээс хойшоо ногоон бүс тэр чигтээ багтана. Б.Б****** газар ч гэсэн ойн захаас 100 метрээр тогтоосон хамгаалалтын бүс болон ногоон бүсэд орж байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулагийн зусланд байрших маргаанд хамаарах 1000 м.кв газрыг анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар иргэн П******** зуслангийн зориулалтаар эзэмшүүлснийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Б700 м.кв, 300 м.кв хэмжээгээр зуслангийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн, улмаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212, 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлсэн дээрх 2017 оны А/305 дугаар захирамжаа хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Б.Б****** нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн хувьд.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжаар Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрх шилжүүлсэн 2017 оны А/305 дугаар захирамжийн Б.Б****** холбогдох хэсгийг” хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд баримталсан хуулийн заалтууд газар эзэмших эрхийг хүчингүй болгох, захиргааны байгууллага шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт агуулаагүй байна. Тодруулбал Ойн тухай хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулахгүй бөгөөд Ойн тухай хууль /2012 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг нь “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох”, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт нь “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах хориглох” зохицуулалт байна.

Б.Б****** хувьд гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 2009 оноос эзэмшиж байсан иргэнээс газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжаар шилжүүлэн авсан, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар эрх бүхий этгээдэд газрын тухай хуулиар тогтоосон арга журмаар хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлж, эрх бүхий этгээдээс олгосон гэрчилгээгээр, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээгээр уг газрыг эзэмшиж байсан бөгөөд газар эзэмших эрхийн харилцааг дуусгавар болгох асуудлыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, тухайлбал Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлээр газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг заасан байна.    

Өөрөөр хэлбэл маргаан бүхий А/212 дугаар захирамж нь иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбоотой болон газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгохтой холбоотой хуульд үндэслээгүй байх бөгөөд ийнхүү уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга уг шийдвэрээ хүчингүй болгосон буюу эрх зүйн үйлчлэлгүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн хувьд.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын өмнөх захирамжаа зөвтгөн гаргасан гэх 2021 оны А/402 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 тоот, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/602 тоот албан бичгийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2017 оны А/305 дугаар захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгохдоо захирамжид Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн, уг 4.1.5 дахь заалт нь “төрөөс газрын талаар хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх зарчим баримтлах”, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” зохицуулалт байна.

Тэгвэл захирамжид дурдагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 тоот, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/602 тоот албан бичгээс өөрөөр газар эзэмшигч Б.Б****** газраа хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд харшаар ашигласан болохыг тогтоосон баримт ирүүлээгүй ба Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын тухайн албан бичгүүд газар эзэмшигч Б.Б****** эзэмшил газартаа байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа явуулсныг, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласныг тогтоосон агуулгагүй, харин тухайн байршилд буюу ногоон бүсийн ойд газар эзэмшүүлсэн нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг зөрчсөн гэх агуулгатай байна.

Гэтэл энэ нөхцөл байдал буюу ногоон бүсийн ойд яг тухайн эргэлтийн цэг бүхий 1000 м.кв газарт зуслангийн зориулалтаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмших эрх олгосон асуудал 2009 онд бий болсон, өөрөөр хэлбэл Б.Б****** эзэмших эрхийг шилжүүлснээр энэ нөхцөл байдал бий болоогүй, хэнд эзэмшүүлснээс үл хамаараад хууль зөрчигдсөн эсэх асуудал үүснэ. Тиймээс иргэнд газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын тухайд хууль бус гэж үзэж хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл болон 48.3-т заасан хугацаа хамаарна. Хариуцагч нь ийнхүү газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн аль үндэслэл үүссэнийг заагаагүй.

Хууль тогтоогч сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг захиргааны байгууллага хүчингүй болгоход гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д хуульчилсан бол эерэг нөлөөлөл  бүхий захиргааны актын тухайд захиргааны байгууллага хүчингүй болгох тохиолдлуудыг 48.2-т, мөн тэдгээрээс 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.8-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор хуульчилсан байгаагаас тайлбарлавал эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзвэл хуулиар тогтоосон тохиолдолд, мөн тогтоосон хугацааны дотор л хүчингүй болгож болохоор заасан, бусдаар бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болохооргүй байна. 

Тиймээс тухайн байршилд анх 2009 онд газар эзэмшүүлснээс хойш захиргааны байгууллага шийдвэрээ хүчингүй болгосон 2021 он хүртэл 12 жил буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн буюу хүчингүй болгох боломжгүй болжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч бөгөөд газар эзэмшигч Б.Б****** нь тухайн газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар   ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байна. Тодруулбал захирамжид дурдсан Нийслэлийн байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  03/602 тоот албан бичиг Б.Б****** нь эзэмшил газраа байгаль орчинд харшаар ашигласан үйлдийн талаар биш газар эзэмшүүлсэн шийдвэр нь Ойн тухай хуулийг зөрчсөн талаар тусгасан. Нөгөөтэйгүүр энэ нь газраа байгаль орчинд харшаар ашигласан  газар эзэмшигч иргэний үйлдийн талаарх Нийслэлийн Байгаль орчны газрын, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн буюу эрх бүхий этгээдийн хуулиар тогтоосон эрх зүйн хэлбэрээр гаргасан дүгнэлт биш байна. Мөн адил Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 албан бичиг нь ногоон бүсийн ойд газар олгосон нь Ойн тухай хуулийн заалт зөрчсөн гэснээс хяналт шалгалтаар байгаль орчинд харш үйл ажиллагаа явуулсныг нотолж, зөрчлийг арилгуулахаар гаргасан дүгнэлт биш байна.

Тиймээс нийслэлийн ногоон бүсийн ойд газар олгосон нь Ойн тухай хууль зөрчсөн үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг, цаашлаад 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтыг баримтлан газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг буюу хуульд заасан журмаар, эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан газар эзэмших эрхийг зөрчжээ.   

Маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн мэдээллийн сан дахь кадастрын зурагтай давхцуулсан 2021 оны 4 дүгээр сарын байдлаарх сансрын зургаас үзвэл Баянбулагийн зуслангийн орчимд мод бүхий ойн зах, ой тэлэн ургахад шаардлагатай гэх торлог /бутлаг ургамал/ бүхий хэсэгт суурьшлын бүс бий болсон, авто зам тавигдсан, хашаалж гудамж үүсгэсэн, торлогийг устгаж     байшин барьсан байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшил газрын хувьд баруун, хойд, зүүн хэсгийг төмөр хашаагаар хашаалсан, газрын зарим хэсгийн торлогийг устгаж, уг газрын хойд хэсэгт байшингийн суурь хийсэн, торлог бүхий урд хэсгийг хашаалаагүй болох нь харагдаж байна.

Газар эзэмшигчийг Ойн тухай хууль зөрчиж торлог устгасан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар эрх бүхий этгээд 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, ойн санд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг 4,133,283.00 төгрөгөөр тогтоон нөхөн төлүүлсэн байх тул Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 2009 онд эзэмших эрх олгосон газрыг 2017 онд эрх шилжүүлэн авч хашаа барьж, зуслангийн сууц барихаар суурь цутгаж, газар эзэмшигч иргэнд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэний дараа газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийн харилцааг дуусгавар болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаас 2009 онд газар эзэмших эрх олгох үед үйлчилж байсан 2007 оны Ойн тухай хуулийн зохицуулалт 2012 оны Ойн тухай шинэчилсэн найруулга хуулиар өөрчлөгдсөн гэж үзвэл 2017 онд иргэд хооронд хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл, Засаг даргад гаргасан хүсэлтээр газар эзэмших эрх шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ хариуцагч өмнөх шийдвэрээ хуульд нийцүүлэх боломж байжээ.

3. Маргаанд хамаарах газар нь ойн сан бүхий газарт буюу ногоон бүсийн ойд хамаарч байна.

Тухайн газарт анх зуслангийн зориулалтаар эзэмших эрх олгогдсон 2009 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2007 оны Ойн тухай хуулиар "ой" гэж Монгол орны ойн санг бүрдүүлэгч амьтан, ургамлын олон янз байдал, биологийн бусад бичил биетэн, байгалийн нөөц баялаг шүтэлцэн орших экологийн онцлог нөхцөл орчинг үүсгэн зохицож ургасан байгалийн болон таримал байдлаар байгаа мод, бут, сөөгний хам бүрдлийг, "ойн сан" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг ойлгохоор заасан бол 2012 оны Ойн тухай хуулиар дээрх тодорхойлолтууд өөрчлөгдөж "ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, "ойн сан" гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг ойлгохоор заасан, тодруулбал ой тэлэн ургахад шаардлагатай талбай ойн санд багтахаар болсон, мөн хамгаалалтын бүсийн ойд ... ногоон бүсийн ой хамаарахаар зааснаас үзвэл маргаанд хамаарах торлог бүхий хэсэг нь эрх бүхий этгээдээс ногоон бүсийн ой гэж тогтоосон тохиолдолд ойгоор бүрхэгдээгүй ч ой тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчинд хамаарахаар байна.

1995 оны Ойн тухай хууль, 2007 оны Ойн тухай хууль болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2012 оны Ойн тухай хуулиар нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтоохоор зааснаар Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар тогтоолоор нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг тогтоосон, энэ хил заагийг тухайн асуудлыг хариуцсан агентлаг болох Нийслэлийн байгаль орчны газар мэдээллийн санд оруулснаар зургаар хэрэгт тодорхойлсноор Баянбулагийн зуслан дахь маргаанд хамаарах шинэчилсэн нэгж талбарын  1462905****, 1462905**** дугаартай 700 м.кв, 300 м.кв газрууд ногоон бүсийн ойд багтсан, хэдийгээр ой мод бүхий газарт ороогүй ч ой тэлэн ургах нөөц газарт буюу ойн сангийн газарт хамаарч байна. Тиймээс ногоон бүсийн ойд хамаарах эсэх нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Хэдий тийм ч захиргааны үйл ажиллагаанд баримтлах хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг болон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбоотой хуулийг буруу хэрэглэсэн, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б****** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б****** олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА