Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0491

 

 

 

 

 

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, цахим бичилт хийхийг даалгах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай хууль бус тушаалын улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гаргуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 552 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0046/3

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Дгээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, цахим бичилт хийхийг даалгах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай хууль бус тушаалын улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, цахим бичилт хийхийг даалгах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай хууль бус тушаалын улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримт зөв үнэлээгүй гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлая. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** тушаалаар Б.Дг "байгууллага татан буугдсантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн" гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хэрэв Б.Дг сонсох ажиллагааны мэдэгдэлд хариу өгөөгүй, ажиллахаа илэрхийлээгүй гэж байгаа бол "тэтгэмж авахаа илэрхийлж, өөрийн хүсэлтээр чөлөөлөх" гэсэн агуулгаар тушаал гарах байсан. Гэтэл Б.Дг "байгууллага татан буугдсантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн" гэх хуульд байхгүй шалтгаан, үндэслэлээр ажлаас чөлөөлчхөөд байхад шүүх энэ логикийг олж харсангүй. Гэхдээ Б.Д нь тус байгууллагад ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлагуудтай хийсэн уулзалтаар Б.Д үргэлжлүүлэн ажиллана гэдгээ хэлсэн байдаг. Нэг удаагийн тэтгэмж авахгүй ээ, ажиллана гэдгээ хэлээд тэр баримт нь хэрэгт ирсэн байхад шүүх уг баримтыг яаж үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтаас өөр ямар ч мэдэгдлийг Б.Дд өгөөгүй. Гэтэл шүүх 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн гэжээ. Шүүх хурал дээр хариуцагч нь тус мэдэгдлийг Б.Дд биш удирдлагад нь буюу Ө.Ган-Өлзийд өгсөн гэдэг. Ө.Ган-Өлзий гэх хүнд өгсөн эсэх тодорхойгүй, өөр хүнд мэдэгдэл өгсөн нь Б.Дд мэдэгдсэнд тооцогдохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй байгаа юм.

3.2. Түүнчлэн, шүүхийн хариуцагч мэдэгдсэн гэж үзэж байгаа 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн цахим шуудангийн баримт нь мөн л Б.Дгийн имэйл хаяг руу явуулаагүй баримт байдаг. Нотлох баримтын шаардлага хангахгүй тус баримтыг шийдвэр гаргахдаа гол нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д "Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй." гэж заасныг ноцтой зөрчиж байна. Мөн шүүх 2025.09.30 өдрийн утсаар ярьсан тэмдэглэл³ гэх баримтыг үнэлжээ. Тус баримтад бичигдсэнчлэн Б.Д нь ажиллахгүй, тэтгэмж авна гэж хэлээгүй. Утасаар яриач үгүй байдаг. Тэмдэглэлд бичсэнээс үзвэл ажлын цаг дууссаны дараа асуусан мэт харагдаж байгаа. Ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа ажлын цаг дуусгаад мэдэгдэл өгнө гэсэн логик байж болохгүй. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг анхаарсангүй. Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдаж чиг үүрэг нь төрийн захиргааны байгууллага, дүүргийн холбогдох байгууллага руу шилжсэн. Үүний дагуу Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан хаагчид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжсэн. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь орон тоо нь Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор 34, Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор 32 орон тоотой байсныг Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолоор орон тоог нь 56 болгож дариу 24 орон тоог нэмсэн байдаг. Өөрөөр хэлбэл Дэлгэрхүслэн ажиллах орон тоо нь байсан гэсэн үг.

3.3. Гэтэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалд "Чиг үүргийн давхардал үүссэн" гэсэн шалтгаанаар чөлөөлсөн. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд чиг үүргийн давхардал үүссэн гэсэн үндэслэлээр чөлөөлөх ямар зохицуулалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл “Төрийн албанаас чөлөөлөх”, 47 дугаар зүйл “Төрийн албанаас халах”, сахилгын шийтгэлээр халах аль ч зохицуулалтад байхгүй. Иймд Төрийн албан тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно." гэж заасныг зөрчиж Б/*** дугаар тушаалыг гаргасан. Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас:" төрийн албан хаагчийн орон тоог нөхөхөөр заасан. Гэтэл татан буугдаад бүтэц орон тоо нь шилжээд ирсэн төрийн жинхэнэ алба хаагчдаа үндэслэлгүйгээр чөлөөлчхөөд араас нь ажлын зар оруулсан байгаа юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:” 61.1.3-д “ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан." гэж заасныг.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 62 дугааp зүйлийн 62.1.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох." гэж заасныг зөрчиж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 сарын 28 өдрийн 128/ШШ2026/0552 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ

4. Хариуцагч талаас нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Дгээс “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, цахим бичилт хийхийг даалгах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай хууль бус тушаалын улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн зүгээс ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, ажил санал болгоогүй гэж маргасан боловч тухайн эрх нь албан хаагч өөрөө үргэлжлүүлэх ажиллах хүсэл, зориг, сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд бодитоор хэрэгжих боломжтой, маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь ийм хүсэл зоригоо бичгээр илэрхийлээгүй, харин тэтгэмж авах талаар хүсэлт гаргасан нь баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дугаартай Б.Дг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Дгийн хүсэлтийн дагуу удирдлагын хооронд харилцан тохиролцож 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын хэлтсээс Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

3.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай Төрийн албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагчдыг хавсралт ёсоор үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсний дотор Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Д багтсан байна.

3.3. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор “...Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар...-ын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Татан буулгах комисс байгуулах тухай” А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комисс, ажлын удирдамжийг тус тус баталжээ.

3.4. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоог өөрчлөн баталсны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төв, орон нутгийн байгууллагын орон тооны хязгаар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/164 дугаар тушаалын 4-д “Баталсан орон тооны дээд хязгаарт багтаан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх нэгжүүд, аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, шаардлагатай албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан, мөрдөн ажиллах”-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгосон.

3.5. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолыг албан хаагчдад танилцуулах хуралд Б.Д болон нийт 21 албан хаагчийг оролцуулан Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг танилцуулах, албан хаагч бүрийн саналыг сонсох, шууд шилжин ажиллах албан хаагчдаас анкет мэдээллийг авах зэрэг асуудлыг хэлэлцэхэд тус хуралд нэхэмжлэгч Б.Д: “... Би үргэлжлүүлэн ажиллана. Захиргаа удирдлагын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар ажиллах хүсэлтэй” гэж, Төрийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Д: “... Миний өрөө 3 давхарт 301 тоотод та хэд маань нэг нэгээрээ одоо орж ирээд уулзаж болно шүү. Бүтэц албажихаар мэдэгдэл хүргүүлнэ” гэжээ.

3.6. Дээрх тушаалыг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А/136 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, уг тушаалын дагуу холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Б.Дд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдэгдэж, улмаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчидтай утсаар ярьсан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлийг хөтөлж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/*** дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн гэсэн үндэслэлээр Б.Дг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож төрийн албанаас чөлөөлсөн байна.

3.7. Нэхэмжлэгч Б.Дгээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/2604 тоот Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буугдсан үндэслэлээр нэр бүхий 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж, гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах боломжийг хангах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зохион байгуулсан байна. Мөн та бүхний гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлтэй” гэх хариуг өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох нэмэгдэл баталгааг төрийн жинхэнэ албан хаагч эдлэх”-ээр хуульчилсан.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчаас үл хамаарах шалтгаанаар төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд хариуцагч нь түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл боломжоор хангах үүрэгтэй байна.

4.3. Энэ тохиолдолд хэдийгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсан боловч уг газрын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Засгийн газрын 196 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон харьяа дүүргийн холбогдох газруудад шилжүүлсэн байх тул төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах зохицуулалт хэрэгжих учиртай.

4.4. Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд дараагийн зохицуулалт болох цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах, хамгийн сүүлд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгох зохицуулалт хэрэгжихээр байхад хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахтай холбоотой арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлээгүй, шууд сүүлийн арга хэмжээ болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж, үүний улмаас нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.5. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 34-өөс 56 болгож нэмэгдүүлсэн байхад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг, 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсны дараа шинээр батлагдсан албан тушаалуудын дотор нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан шилжсэн эсэх нь тодорхойгүй.

4.6. Мөн нэхэмжлэгч Б.Д нь Албан хаагчдад тогтоол танилцуулах тухай 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны үед “би үргэлжлүүлэн ажиллана. Захиргаа удирдлагын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар ажиллах хүсэлттэй байна” гэж илэрхийлсэн байхад тухайн шинээр батлагдсан албан тушаалууд дээр нэхэмжлэгчийг ажиллахыг санал болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “... ямар ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломжтой талаар мэдэгдээгүй, санал аваагүй, шууд чөлөөлсөн” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

4.7. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “... үүрэн телефоны газраас нэхэмжлэгчийн дугаар луу залгаж байсан талаар лавлагаа авсан байгаа ... хэдэн минут, ямар дугаар луу холбогдсон нь харагдана ... ингэхдээ бид ирж ажиллаач ээ гэдэг саналыг тавьсан ...” гэх тайлбараас үзэхэд тус баримт нь зөвхөн дуудлага хийснийг харуулах буюу нэхэмжлэгчид ажил санал болгосон, үргэлжлүүлэн ажиллах боломжтойг илэрхийлсэн шууд нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байх төдийгүй хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хөгжил, хамгааллын албан хаагчидтай утсаар ярьж мэдээлэл хүргэсэн тэмдэглэлийн 9-д Б.Д гээд “ажиллахгүй тэтгэмжээ авна гэж хэлэв” хэмээн тэмдэглэсэн тэмдэглэл нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18:06 цагт холбогдсон тухай буюу маргаан бүхий тушаал гарсны дараа холбогдсон тэмдэглэл байх тул үүнийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

4.8.  Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

4.9. Учир нь, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 52 дугаар тогтоол танилцуулах хуралдааны тэмдэглэлд тушаалаар батлагдсан ажлын хэсгийн удирдамжид хүний нөөцийн асуудал шийдвэрлэхээр тусгаагүй, бүтэц албажихаар мэдэгдэл хүргүүлэхээр тэмдэглэсэн байх бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн гардуулсан нь тодорхойгүй, тухайн мэдэгдэлд нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй энэ тохиолдолд хариуцагчаас мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

4.10. Энэ талаар хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Гийн @child.gov.mn албаны цахим шуудангаар хүргүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын фэйсбүүк чатад байрлуулсан гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд тус бүрд мэдэгдэл хүргүүлэх зохицуулалтад нийцэхгүй байна.

4.11. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын цахим хуудсанд байршуулсан Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар нийтлэгдсэн нөхцөл байдал үүссэн байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Дэлгэрсайханыг албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан албан тушаалд томилон ажиллуулах боломжтой гэж үзэхээр байна. 

4.12. Дээрх үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн үргэлжлүүлэх ажиллах хүсэл зоригийг харгалзан үзэлгүйгээр тушаал гаргасан, шинээр батлагдсан албан тушаалуудын дотор нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан шилжсэн эсэх нь тодорхойгүй, цахим сайтад байршуулсан зар болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг, 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсны дагуу нэхэмжлэгчийг тухайн бүтцэд тодорхойлсноор томилон ажиллуулах боломжтой эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын Б.Дд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/  сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, бусад хэсэг болох “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай хууль бус тушаалын улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, энэ хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч шинээр захиргааны акт гаргаагүй бол маргаан бүхий 2025 оны Б/*** дугаар тушаалын Б.Дд холбогдох хэсэг хүчингүй болохыг тэмдэглэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 552 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай хууль бус тушаалын улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын Б.Дд холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэсэн 2 дахь заалтыг нэмж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг “4” болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА