| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01285/и |
| Дугаар | 102/ШШ2020/02015 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2020/02015
| 2020 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2020/02015 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-т холбогдох,
0 тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.А надаас 43,605,000 төгрөг гаргуулан Р.Сд олгохоор шийдвэрлэсэн ба, барьцаа хөрөнгө болох 00 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 88,910,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Мэдэгдлийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан ба, хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаж байна. Эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор эд хөрөнгийн чанар, эрэлт, элэгдлийн талаар болон төлбөр төлөгч миний саналыг харгалзалгүй үнэлсэн, мэдэгдэж тэмдэглэл хөтлөөгүй зэрэг байдлуудаас үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Тухайн нутаг дэвсгэрт 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ нь 110,000,000-120,000,000 төгрөгийн үнэтэй худалдан борлуулагдаж байгаа. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилсон. Гэтэл шинжээчээр томилогдоогүй Э.Э гэх иргэн дүгнэлт гаргаж, үнэлгээний тайланг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.1, 4.1.5 заасан зарчмуудыг баримтлаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.2, 55.1 зааснаар дүгнэлт гаргахдаа тухайн орон сууцны байрлаж буй орон нутгийн зах зээлийн ханшийг баримтлаагүй, Хөрөнгө эстимэйт ХХК нь Нтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу шинжээчээр томилсон байхад иргэн Э.Э гэх хүнд шинжээчийн эрх үүргийг тайлбарлаж, тухайн хүн шинжээчийн дүгнэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Тиймээс уг үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/01633 дугаартай тогтоолоор Г.Аээс 43,605,000 төгрөгийг гаргуулж Р.Сд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Г.Ат төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрөөс 4,000,000 төгрөгийг төлж, 39,605,000 төгрөгийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөрт 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч болон өмчлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ 88,910,500 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүний өмчлөлийн Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүйн улмаас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэрээр Г.Аээс 43,605,000 төгрөг гаргуулан Р.Сд олгож, Г.А зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн 0 тоот Ү-00 дугаар Улсын бүртгэлтэй 2 өрөө, 35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах, мөн Г.Аээс тэмдэгтийн хураамж 375,975 төгрөгийг гаргуулан Р.Сд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд, уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна. /хх 16-22/
Төлбөр төлөгч Г.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Р.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2018/16557 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, хариуцагч Н нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19250425 дугаар тогтоолоор, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх-23, 25/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.А 4,000,000 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үлдэгдэл 39,605,000 төгрөгийг төлөх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчид Зарлан дуудах болон, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 21, 28-ны өдрүүд, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж, Г.Аийн өмчлөлийн Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот дахь орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 19250425/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн байна. /хх 26-30/
Улмаар 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0425/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, уг хураан авсан хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлтийг төлбөр авагч Р.С гаргаж, төлбөр төлөгч Г.Аийн хувьд хураагдсан хөрөнгийн талаар үнийн санал гаргах боломжгүй тухай хүсэлт гарган, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №152 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх 33-37/
Шинжээчээр томилогдсон Хөрөнгө Эстимэйт ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан-г Нт 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 142/01 албан тоотоор, 0 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 88,910,500 төгрөгөөр үнэлсэн болохыг тодорхойлж хүргүүлсэн байна. /хх-38/
Хариуцагч Н Шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчид эрх үүргийг тайлбарлахдаа Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ажилтай гэх, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Э.Эад танилцуулан тайлбарлаж, тэрээр шинжээчээр ажиллахыг зөвшөөрч гарын үсэг зуран, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/20 тоот Хөрөнгө үнэлгээний тайлан гаргажээ. /хх-44, 39-43/
Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/10152 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид хүлээлгэн өгч, үнэлгээг мэдэгдсэн ба, дээрх үнэлгээг Г.А эс зөвшөөрч, үнэлгээний талаарх гомдлоо 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-46/
Нэхэмжлэгч Г.А нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шинжээчээр томилогдоогүй этгээд дүгнэлт гаргасан, үнэлгээний тайланг хуульд заасан журмын дагуу гаргаагүй... гэх агуулга бүхий үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, мөн хуулийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заажээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч нь хөндлөнгийн шинжээчийг томилохдоо 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 20/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилсон, энэхүү гэрээний 12.6 дахь хэсэгт Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн дугаар: Монгол улсын Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл-ийн 111200195 тоот гэрчилгээг тусгасан байна. /хх-75/
Н болон Хөрөнгө Эстимэйт ХХК нарын байгуулсан дээрх гэрээнд заагдсан Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь иргэн Эрдэнэ-Очир овогтой Эрдэнэбатад олгогдсон байх ба, тэрээр 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/02 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК-д үл хөдлөх хөрөнгө, даатгалын хохирол, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ...үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээн, мөн өдрийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн захирлын А/29 тоот тушаалаар түүнийг Мэргэшсэн үнэлгээчин ажилд авч, Э.Э хувиараа нийгмийн даатгал төлдөг талаар тус компаниас тодорхойлжээ. /хх 80-82/
Хэдийгээр шинжээчийн дүгнэлт гаргасан мэргэшсэн үнэлгээчин Э.Э нь Хамтран ажиллах гэрээний дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээчнээр ажилладаг ч, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Э.Эыг бус Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, тус компани маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон албан бичгийн хамт Хөрөнгө үнэлгээний тайлан-г хүргүүлэхдээ цаг хугацааны хувьд хожуу гаргасан /2020.3.25/ дүгнэлтийг уг хугацаанаас нь өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нт хүргүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчиж гаргасан үнэлгээг хүчингүй болгож, Г.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан, Г.Аийн өмчлөлийн Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот дахь орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА