Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

 Улсын яллагч: Н.Цогням,

 Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314001750280 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

    Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02-03 цагийн хооронд Баянхонгор аймгийн сумын багийн 600 тоот хашаанд байрлах иргэн *******ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг атверкаар хөшиж эвдэн улмаар *******ын хүргэн дүү болох *******ын өмчлөлийн эд зүйлс буюу тухайн гэрт байх авдраас 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий сунадаг дуран 1 ширхэг, стенк шүүгээнээс 24,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий бурхан 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

   Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

Би тухайн үед Хонда инсят маркийн******* улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг унаж явсан ба тухайн авто машин аав *******ийн нэр дээр байдаг. 2020-2021 оноос би Бодьсад, Солонго гэх хүмүүст би байрны захиалга өгөөд 150,000,000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг аавын авга эгчээс 40,000,000 төгрөгийг хүүтэй зээлээд үүнээс болоод би их хэмжээний өрөнд ороод өрнөөс гарахын, тулд уг гэмт хэргийг би үйлдсэн. Би буруугаа хүлээж байна. Аав маань ганцаараа малаа малладаг. Ээж маань 2020 онд улаан хоолойн хорт хавдартай гэж онош тогтоогдсон ба түүнд эмчилгээний зардалд маш их мөнгө ордог. Хагалгаанд ороод хавдраа авхуулсан боловч байнгын эмчилгээтэй байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2023 оны 08 сард манай эгч Бурхан дуран хоёр алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд алдсан зүйлсээ 14 хоногийн дараа олж авсан. Би гарсан зардлуудаа барагдуулмаар байна. Лам бөөгөөр явсан 3,000,000 төгрөгийг нэхэмжилнэ..гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Миний бурхан, дуран хоёр том эгч болох , хүргэн ******* нарын гэрт байсан ба 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчимд манай том эгч над руу залгаад гэрийн хаалга эвдэгдээд бурхан, дуран хоёр байхгүй байна гэж хэлсэн. Бурханы нэрийг нь сайн мэдэхгүй байна. Гараа хавсраад завилаад суусан алтан шармал бурхан байсан. Дуран нь ойролцоогоор 1 метр орчим сунадаг, дээр үеийн гуулин дуран байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төв рүү 17 цагийн орчим эхнэр, хүүхдүүдтэйгээ орж ирээд бага хүүхдээ эмнэлэгт үзүүлчхээд сумын төвд гэртээ байж байгаад 18 цагийн орчим хөдөө гэр рүүгээ явсан. Хөдөө гэр рүүгээ явах үедээ харахад шүүгээн дотор улаан хүрэн өнгийн модон хайрцагтай бурхан байсан ба гэрээ цоожлоод явсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны цүү нь эвдэрчихсэн хаалга онгойчихсон байсан. Тэгээд авдраа онгойлгоод хартал дуран байхгүй, шүүгээнээс бурхан байхгүй байсан. Тухайн эд зүйлс нь манай эхнэрийн дүү *******ынх бөгөөд хот руу явах гээд манайд үлдээсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

 Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

... би нөхөр хүүхдүүдийн хамт сумын төв дээрх гэртээ 11 цаг 30 цагийн орчим ирэхэд манай гэрийн цоожны цүү нь эвдэрчихсэн гэрийн хаалга онгорхой байдалтай байсан. Манай нөхөр бид хоёр гэр рүүгээ ороод шүүгээн дотор байсан бурхнаа хартал байхгүй байсан. Тэгээд  нөхөр авдраа онгойлгоод дурангаа үзэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

..өглөө 9 цагийн орчим Отгонбаярын гэрийн өрхийг татахад өрхнийх нь оосор миний уяснаас өөр байсан. Би гэртээ орж байж байгаад 11 цагийн орчим бие засчхаад буцаад гэр рүүгээ явж байхад *******ын хаалганы цоож нь унжчихсан байх шиг байхаар нь очоод хартал хаалганых цоожны цүүг нь эвдчихсэн цоож нь доошоо унжчихсан байсан. Тэгээд би гэр рүү нь ороод бурхан байсан газар нь хартал бурхан нь байхгүй байсан. Би хүү рүүгээ ярьж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,

Баянхонгор аймгийн -ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 249 дугаартай шинжээчийн

... үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 34,000,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 71-72/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  10/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-27/,эд зүйлд ...гар утсанд...үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 28-33/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 34-36/, эд мөрийн баримтыг хураан авах прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн  37-39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100-101/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101-102/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 103-104/, депозит дансны хуулганууд /хх-ийн 105-111/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-113/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 114-116/,хувийн байдлыг тодорхойлсон баримт / хх-ийн 117-125/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судалсан болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02-03 цагийн хооронд Баянхонгор аймгийн сумын багийн 600 тоот хашаанд байрлах, иргэн *******ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг отверкаар хөшиж эвдэн, улмаар *******ын хүргэн дүү болох *******ын өмчлөлийн эд зүйлс буюу тухайн гэрт байх авдраас  сунадаг дуран 1 ширхэг, стенк шүүгээнээс бурхан 1 ширхгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 96-98

Хохирогч *******ын...Манай том эгч над руу залгаад гэрийн хаалга эвдэгдээд бурхан, дуран хоёр байхгүй байна гэж хэлсэн,..гараа хавсраад завилаад суусан алтан шармал бурхан байсан,..дуран нь ойролцоогоор 1 метр орчим сунадаг, дээр үеийн гуулин дуран байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Гэрч *******ын...гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожны цүү нь эвдэрчихсэн хаалга онгойчихсон байсан,... авдраа онгойлгоод хартал дуран, шүүгээнээс бурхан байхгүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

 Гэрч ийн.. гэрийн цоожны цүү нь эвдэрчихсэн гэрийн хаалга онгорхой байдалтай байсан,...шүүгээн дотор байсан бурхнаа хартал  байхгүй, нөхөр авдраа онгойлгоод дурангаа үзэхэд байхгүй байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

Гэрч гийн...*******ын хаалганы цоож нь унжчихсан байх шиг байхаар нь очоод хартал хаалганых цоожны цүүг нь эвдчихсэн цоож нь доошоо унжчихсан байсан,.. би гэр рүү нь ороод бурхан байсан газар нь хартал бурхан нь байхгүй байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,

Баянхонгор аймгийн -ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 249 дугаартай...  эд зүйлийн  үнэ цэнэ нийт 34,000,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт/ хх-ийн 71/, болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-27/,эд зүйлд ...гар утсанд...үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 28-33/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 34-36/, эд мөрийн баримтыг хураан авах прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн  37-39/, хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл,  шүүгдэгчийн хулгай хийсэн объект нь хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр бөгөөд гэрийн хаалганы цүүг отверкаар хөшиж эвдэн гэр дотроос нь эд зүйл хулгайлсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгчийн үйлдэл хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирогч *******ын гэрээс сунадаг дуран 1 ширхэг, бурхан 1 ширхэгийг үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Уг гэмт хэргийн хохирогч *******ын хулгайд алдагдсан гэх сунадаг дуран 1 ширхэг буюу үнэ 10,000,000 төгрөг, бурхан 1 ширхэг  буюу үнэ 24,000,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сунадаг дуран 1 ширхэг, бурхан 1 ширхэгийг биет байдлаар буцаан өгсөн  / хх-ийн 34-35/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт замын зардал, хоол хүнсний зардал 2400000  төгрөг,  бурхан тогширсоныг бөөгөөр явсан зардал 3000000 төгрөг нийт  5400000 төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг шаардлага гаргасан боловч уг  нотлох баримтаар хүрээнд хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч *******ын гаргаж өгсөн харилцах дансны харилцагчийн хуулга нь түүний эхнэр ы  гэх бөгөөд уг нь энэ хэргийн оролцогч биш тул уг нотлох баримтыг шүүхээс хэлэлцэх боломжгүй, түүнчлэн замын зардал, хоол хүнс, бөөнд өгсөн гэх нотлох баримтыг тодорхойлсон  И баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлага болох 5400000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Тус хэрэгт гэрлэлтийн бүртгэлийн...Б***************ж нар нь 2016.06.08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.... лавлагаа / хх-ийн 101-102/ хэрэгт авагдсан  ба шүүгдэгч Б.*******ийн...ам бүл 4, хүүхдийн хамт амьдардаг, нөхөр нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон...гэх мэдүүлгээс үзэхэд  шүүгдэгч ******* нь гэрлэлтийн баталгаатай ба гэрлэлтээ цуцлуулсан талаар албан ёсны шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч  *******ид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч П.Уранчимэгээс түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,

 - 1.3 дах заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс  багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал/ ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй/, мөн жирэмсэн талаар жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар зэргээр тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүгдэгч *******ийн асрамжид байдаг 2, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ,-ний өдөр төрсөн хүү нарын асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн сумын Засаг даргад даалгаж,  Б.*******, нарын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан ... шар хар өнгийн бариултай автерк 1 ширхэгийг  устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгав.

Шүүгдэгч *******ийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон         ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ********************хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч *******ийн асрамжид байдаг 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү ***********, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *********,-ний өдөр төрсөн хүү ********** нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн сумын Засаг даргад даалгаж, Б.*******, нарын асрамжид үлдээсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан шар хар өнгийн бариултай автерк 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлага болох 5400000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА