| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00732/и |
| Дугаар | 153/ШШ2020/00723 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2020/00723
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00723 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10,000-ын 9-7 тоотод оршин суух, Шорс овогт Нанзаддоржийн Г //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00732/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Н.Г, гэрч Д.Сэрчинбаатар, Т.Шагж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 оны 6 сарын 10-нд Ховд аймгийн Ховд сумын Цагаан худаг гэх газарт төрсен. 60 настай, ам бүл 2, эхнэр Цэцгээгийн хамт амьдардаг. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж 1968 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаад 1976 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Дархан хотын политехниккумын дулааны техникчийн ангид элсэн орж суралцаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотын Улиастайн 096 дугаар ангийн нэгтгэлд бага даргын 6 сарын курсийг төгссөн. Курсаа төгсеөд АА-ын 123 дугаар ангид 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдөрт цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехэд 1983 оны 03 дугаар сарын 11-нд мужаанаар томилогдон ажилд орж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн хөдөлмөрийн дзвтэр үрэгдзж алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна.
Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан ба хүсэлтийнхээ шаардлагыг 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо.
Иймд Н.Г намайг Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехэд мужаанаар 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гийг 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1200 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5-6 дугаар тал/
2.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 8 дугаар тал/
3.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 13 дугаар тал/
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 14 дүгээр тал /
5.Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 22 дугаар тал/
6.Гэрч Д.Сэрчинбаатарын...Би Н.Гийг Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт орж ирсэн цагаас танина. Би 1977 оноос 1992 он хүртэл ажилласан бөгөөд барилгачин, манаач зэрэг ажлыг хийж байсан. Н.Г нь 1983-1989 онд хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехэд мужаан хийж байсан. Нэгдэл дундын үйлдвэр 1992-1993 онд тарсан гэв...гэх мэдүүлэг
7.Гэрч Т.Шагжын...Би 1982 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчиноор ажилд орсон тэр цагаас эхлэн Н.Гийг танина. Би автосэлбэгийн нярав хийдэг байсан. Н.Г нь 1983-1989 онд хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехэд мужаан хийж байсан...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шорс овогт Нанзаддоржийн Г //-ийг 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ