| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00742/и |
| Дугаар | 153/ШШ2020/00726 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2020/00726
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00726 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн .......... оршин суух, Нарныхан овогт Гааяаагийн Г //-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00742/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Н.Эрдэнэпүрэв нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарныхан овогт Гааяагийн Г миний бие нь 1964 оны 07 дугаар сарын 21- ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1972 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1974 онд 2 ангиасаа суруулиас гарсан. Манай аав Пүрэв овогтой Гааяа нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад нэгдлийн мал малладаг байсан. Г.Г миний бие нь аав П.Гааяа, ээж М.Оролмаа нарын хамт нэгдлийн мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хааж 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1985 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажилласан. Тухайн үед манай нутаг усныхан намайг бүтэн нэрээр дууддаггүй Бадраа, Бадрал гэж дууддаг байсан бөгөөд одоо ч гэсэн бүтэн нэрээр дуудах хүн ховор байдаг.
Ховд аймгийн ЗДТГ-ын архиваас Хөдөлмөр нэгдлийн архивын лавлагаа авахад 70-р дансанд миний нэрийг мөн Бадрал, Бадраа гэж бичсэн байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тарж Хөдөлмөр хувьцаат компани болсон.
Г.Г миний бие нь 1979 оноос хойш Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад 1991 оноос 1994 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид үхэр маллаж малчнаар ажиллаж байсан. Г.Г миний бие нь 1987 онд Хтэй гэр бүл болж, 9 хүүхэд төрүүлж өсгөсөн ба нэг хүүхэд өнгөрсөн одоо 8 хүүхэдтэй. Миний бие нь Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оны хооронд улсаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж аваагүй. Тухайн үед олон хүүхэдтэй, амьдрал нэн ядуу байсан учраас мөнгө төлж хамрагдаж чадаагүй юм. Иймд Нарныхан овогт Гааяагийн Г /ПЕ 64072114/ намайг 1979 оны 07 дугаар сарын 21-ний едрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдреөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хөдөлмөр ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад, 1991 оны 12 сарын 26-наас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөвд аймгийн хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1980-1982, 1985-1992 онуудын 70 дугаар дансны хуубарууд, /хх-ийн 6-17 дугаар тал /
2.Төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24-25 дугаар тал/
3. Гэрч Н.Эрдэнэпүрэвийн... Г манай хоёрынх айл саахалт хамт байсан. Гын эцэг нь манай багт малын эмч хийж байсан. Г.Г 1983 онд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт малчнаар ажиллаж байгаад 1983 -1986 цэргийн алба хаасан. Хувьчлал тартал нэгдэлд малчнаар ажилласан. Гыг манай нутгийнхан Бадраа гэдэг нэрээр дууддаг байсан. Г гэдэг нэрээр мэдэхгүй Бадраа гэдэг нэрээр нь мэднэ. Бадраа жаахан барилддаг. Бид нар заан гэж бас дуудаг байсан. Г.Гын аав Гааяа манай багт насаараа багийн эмч хийсэн хүн. Ээж нь Оролмаа гэж саальчин байсан. Г.Гын том ахыг Ганаа гэдэг, дүү нь Бямбаа гэж байдаг, хотод нэг эрэгтэй дүү байдаг бусдынх нь нэрийг мэдэхгүй байна. Г.Г нь үржлийн мал малладаг байсан. Нэг хүн 250 малын нормтой байсан. Бүх төрлийн мал малладаг байсан. Нэг мал дагнаж маллаж байгаагүй...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь энэ хэсэгт холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Гын хүсэлтээр нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нарныхан овогт Гааяаагийн Г //-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад, 1991 оны 12 сарын 26-ны өдөр 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Гын хүсэлтээр нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ