| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00832/и |
| Дугаар | 153/ШШ2020/00729 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2020/00729
| 2020 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00729 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ..............тоотод оршин суух, Жамькаа овогт Тавьтайгийн О //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох болон хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 153/2020/00832/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл хүсэлтдээ: Миний бие 1967 онд төрсөн. 1984 онд сургуулиа төгссөн. 1985 оноос 1986 оны 6 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг эхийнхээ туслах малчнаар ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1985-1986 онд ажиллаж байсан талаарх 70 дугаар данс нь олдоод хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Т.О намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 онд 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 11 жил 6 сарын нөхөн тооцуулалтад хамрагдаж 5,796,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг мөнгийг хүнээс зээлж авч төлсөн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч нэг жил малчнаар ажиллаж байсан жил дутсан учраас шүүхэд аргагүйн эрхэнд хандаж байна. Миний бие нь шүүх хуралдаанд оролцохоор ирсэн боловч нагац эгч маань нас бараад яаралтай явах шаардлагатай болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Оийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 1 дүгээр бригадын 1983-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 3-11 дүгээр тал/
2.Гэрч С.Цэрмаагийн:... Би 1975 онд 16 нас хүрээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар нэгдэл тартал ажилласан.Т.О нь эцэг, эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж, сааль сааж байгаад Ховд аймгийн Зэрэг сум руу бэр болоод явсан юм. Социализмын нийгмийн үед насанд хүрээд л бүх хүнийг ажил хийлгэдэг байсан. Ажил хийдэггүй хүнийг нийгэм хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд амьдарч байлаа ш дээ. Оийн аавынх нь нэрийг Тавьтай, ээжийнх нь нэрийг Лхамаа гэдэг байсан. О нь айлын том хүүхэд доороо Дэлгэрмаа гэсэн эмэгтэй дүүтэй 2 эрэгтэй дүүтэй хүүхэд байсан.Т.О нь 7 билүү 8 дугаар анги л төгссөн байх одоо тэр бүрийг би сайн тод санахгүй байна. Эцэг, эхийн хамт мал маллаж байгаад сургуульд явсан сургуулиа төгсөөд тэр чигтээ амьдралын мөрөө хөөгөөд явсан санагдаж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамькаа овогт Тавьтайгийн О //-ийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ