| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0294/3 |
| Дугаар | 221/МА2026/0480 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0480
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25/158 тоот өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас “С” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирол 289,377,541 төгрөгийн хохирол, үнэлгээний төлбөрт төлсөн 3,200,000 төгрөгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 427 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0294/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25/158 тоот өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас “С” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирол 289,377,541 төгрөгийн хохирол, үнэлгээний төлбөрт төлсөн 3,200,000 төгрөгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 427 дугаар шийдвэрээр: “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25/158 тоот өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас “С” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирол 289,377,541 төгрөгийн хохирол, үнэлгээний төлбөрт төлсөн 3,200,000 төгрөгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам" нь Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ (цаашид хохирол, хэрэгцээний үнэлгээ гэх) хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд шуурхай бүлгийн үнэлгээний тайланд үндэслэн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардлагатай нөөцийг гаргах, дотоодын болон гадаадын хүмүүнлэгийн тусламжийг авах саналаа Улсын онцгой комисс Засгийн газарт гаргахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл дээрх журмаар гамшгийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг Нийслэлийн Засаг дарга барагдуулах, түүнийг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх талаар зохицуулаагүй, эрх, үүрэг хүлээлгээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 32.1.2, 32.1.3 дахь заалт, 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Нийслэлийн Засаг дарга гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн үйл ажиллагаа түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах бүрэн эрхтэй байх бөгөөд Улсын онцгой комиссоос даалгасан болон Засгийн асуудлаар комиссын газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэгтэй байна." гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад "гамшгаас хамгаалах үйл ажиллагаа" гэж гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхийг” ойлгоно гэж тодорхойлсон байх бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д гамшгийн улмаас учирсан хохирлыг нөхөн олгоход гамшгаас хамгаалах үйл ажиллагааны нөөц хөрөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй байна.
3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "Нийслэлийн Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25/158 тоот өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас "С" ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирол 289.377.541 төгрөгийн хохирол, үнэлгээний төлбөрт төлсөн 3.200.000 төгрөгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгах" гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбараас үзэхэд гамшгаас учирсан хохирлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх эрхгүй, дээд шатны эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх эрхтэй талаар маргаагүй бөгөөд даалгах шаардлага нь хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга "С" ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирол 289.377.541 төгрөгийн хохирол, үнэлгээний төлбөрт төлсөн 3.200.000 төгрөгийн хохирлыг шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргаас шууд хамаарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломж хязгаарлагдмал буюу боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т "Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.” гэж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ." гэж зааснаас үзвэл дээд шатны шийдвэрийг хэрэгжүүлэгч болохоос шийдвэр гаргахыг даалгах буюу шийдвэрлүүлэх эрх хэмжээтэй албан тушаалтан биш байна.
3.3. Хариуцагчийн зүгээс "Нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "И" ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 289.377.541 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэж, зохих хариуг өгнө үү." гэх өргөдөл гаргасныг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр шийдвэрлэсэн байх бөгөөд эс үйлдэхүй гаргаагүй. Захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчээс өргөдлийн шийдвэр, хугацааны талаар захиргааны байгууллагад ямар нэг гомдол гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.
3.4. Шүүхийн шийдвэрт “...хариуцагч нийслэлийн Засаг дарга үерийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзлээ.” гэсэн үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс судалж дүгнээгүй гэж үзэж байна. Учир хариу бүртгэл хяналтын картад хуулийн хугацаандаа хариу өгч хаасан тэмдэглэл, цаг хугацаа тодорхой байхад үнэлж дүгнээгүй. Мөн "Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-д "Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ" гээд 5-д "Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ" гэж зааснаар өргөдөл шийдвэрлэсэн талаар хариуг нэхэмжлэгчид гардуулаагүй, энэ талаар баримт үйлдээгүй нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон." гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал утсаар хариу өгсөн тохиолдолд бүртгэл хяналтын картад хариу өгсөн утгыг өгч тэмдэглэсэн. Хуульд хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол хариуг нэхэмжлэгчид гардуулах гэсэн зохицуулалт байхгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0427 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “Нийслэлийн Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25/158 тоот өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас “С” ХХК-д 289,377,541 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, үнэлгээний төлбөрт төлсөн 3,200,000 төгрөгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх “... нийслэлийн Засаг дарга гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн үйл ажиллагаа түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах бүрэн эрхтэй байх бөгөөд Улсын онцгой комиссоос даалгасан асуудлаар комиссын болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэгтэй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.2. Нэхэмжлэгчээс “... бид үүргээ биелүүлэхийн тулд нийгмийн даатгал, татвар, ус дулааны мөнгийг бүгдийг нь хойшлуулж, өр үүсгэж 621 өрхийн халаалт, усыг өнөөдрийг хүртэл хэвийн өгч байгаа ... нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хариу өгөөгүй, судалж байна л гэдэг, аргаа бараад бичиг хэргийн хүн рүү ярихад адилхан л хариу өгдөг” гэж,
Хариуцагчаас “... хохирол барагдуулах талаар хуулиар нийслэлийн Засаг даргад олгосон эрх, үүрэг байхгүй ...” хэмээн тус тус тайлбарлан маргадаг.
3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд энэхүү зохицуулалтын зорилго нь өргөдөл, гомдол гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагын идэвхтэй үйл ажиллагаагаар хамгаалах, захиргааны байгууллагын хариуцлагыг хангахад оршино.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд “гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” гэж гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгохоор, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д тухайн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой асуудлыг нийслэлийн Засаг дарга хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрхтэй байхаар тус тус хуульчилжээ.
3.1. Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд үерийн гамшиг болж, нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 83 дугаар байр, Сэлбэ 94 дүгээр байр, Амартүвшин 101 дүгээр байр хаягт байрлалтай байрнуудын узель болон цахилгааны шийтэд үерийн ус орсны улмаас хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “С” ХХК-иас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25/158 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан “... манай байгууллагад учирсан хохирол “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 289.377.541 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэж зохих хариуг өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.
3.3. Нэхэмжлэгчээс гаргасан уг хохирол барагдуулах агуулга бүхий өргөдлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-д бүртгэн авч, улмаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас А.У нь “Хохирол нөхөн барагдуулах талаар хуулиар Нийслэлийн Засаг даргад олгосон эрх, үүрэг байхгүй бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргана гэж заасан” гээд шийдвэрлэлтийн тухай мэдээлэлд тэмдэглэсэн байна.
3.4. Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дүүрэг, хууль сахиулах байгууллагатай харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.У нь хохирол нөхөн барагдуулах талаарх асуудлыг шийдвэрлэх хуулиар олгосон эрх, үүрэг байхгүй бөгөөд нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн хохирол, нөхөн олговрыг олгох эсэх талаар эрх бүхий байгууллагууд болох Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх эрх үүрэгтэй байхад тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх, хэмжээгүй албан тушаалтан шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
3.5. Мөн хариуцагч нийслэлийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/5080 дугаар албан бичгээр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу гаргасан дүүргүүдийн тайланг нэгтгэж түүний дотор “С” ХХК багтаж, хавсралтаар хүргүүлсэн байх хэдий ч үүнийг нэхэмжлэгчээс гаргасан хохирлыг барагдуулахтай холбоотой өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл, зөвлөмж, хариу өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
3.6. Түүнчлэн, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1.3 “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана”, 51.3-т “аймаг, нийслэл, сум, дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна”, 51.4-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх”-ээр тус тус заасан байх тул хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч компанийн нөхөн олговрыг олгох эсэх талаар эрх бүхий байгууллагууд болох Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх боломжтой байна.
Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гамшгийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг нийслэлийн Засаг дарга барагдуулах, түүнийг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх талаар зохицуулаагүй, эрх, үүрэг хүлээгээгүй байна ...” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
3.7. Нэгэнт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” гэж гамшгаас урьдчилан сэргийлэх ... хор уршгийг арилгах ... сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхийг” тодорхойлсноор нийслэлийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/5080 дугаар албан бичгээр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу гаргасан дүүргүүдийн Үерийн хохирлын үнэлгээний тайланг нэгтгэж түүний дотор “С” ХХК багтаж, хавсралтаар хүргүүлсэн хэдий ч үүний дагуу тодорхой заавар зөвлөмж авах үүргээ биелүүлээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д зааснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, нөөцийг бүрдүүлэх түүнийг захиран зарцуулах эрхтэй байхаар зохицуулсан байна.
3.8. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны байгууллагад өргөдөл гаргасан боловч хариуцагч байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бөгөөд татгалзсан, зөвшөөрсөн эсхүл өөр төрлийн захиргааны акт гаргаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан "эс үйлдэхүй" бий болсон гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА