Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга А.Болор,

    Улсын яллагч Б.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Д.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

         

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Цогтбаярт холбогдох 2016 2501 3930 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1976 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 7 дугаар гудамжны 1 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Адъяа овогт Дагвадоржийн Цогтбаяр /РД:ИЦ76050370/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Д.Цогтбаяр нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан-Өлгийн 37 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Л.Идэрийн монгол гэрийн хаалганы даруулга төмрийг мултлан нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлан авч 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Идэрийн өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37-17 тоот гэрээсээ гараад маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний 11 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай эхнэр Нарангэрэл гэрт байсан. Тухайн өдөр жижүүртэй хоносон бөгөөд намайг ажил дээр байхад манай гэрт хулгай орж 32 инчийн зурагт алдагдсан байсан. Цагаан өнгийн хүрээтэй 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан өөр зүйл алдагдаагүй. Тухайн зурагтыг манай найз Цогтбаяр авсан байсан бөгөөд цагдаад мэдэгдсэний хэд хоногийн дараа зурагтыг маань бүрэн бүтэн авчирч өгсөн. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Г.Мөнхжаргалын өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37-17 тоот ах Л.Идэрийнхээс 20 цагийн үед гарсан. Тэгээд ахын эхнэр Нарангэрэл бид хоёр 22 цаг өнгөрч байхад гэрт нь очтол монгол гэрийн хаалганы даруулга төмрийг мултлан хулгай орж хойморт байсан 32 инчийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан. Тухайн өдөр би ахынд 19 цагийн үед очоод байж байхад ах Идэрийг Цогоо, Дугар гэх хоёр танил нь согтуу байдалтай асуусан. Тэгэхээр нь би айгаад яваад өгсөн. Би гарахдаа гэрийг нь цоожлоод гарсан. Намайг явж байхад Цогоо, Дугар нар ахынх руу өгсөж тааралдсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Л.Нарангэрэлийн өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37-17 тоот гэрээсээ өглөө 08 цагийн үед гараад орой 22 цагийн үед гэртээ ирэхэд хаалга онгорхой байдалтай байсан бөгөөд гэрт ороход хойд талын авдар дээр байсан зурагт алга болсон байсан. Өөр зүйл алдагдаагүй. Тухайн зурагтыг Идэр авч байсан улаан цагаан хүрээтэй хавтгай дэлгэцтэй зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

 

          Мөрдөн байцаалтанд Д.Дугарсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “... би такси дотор сууж байхад Цогтбаяр зурагтыг нь аваад гараад ирсэн. Тэгэхээр нь чи болохгүй яагаад зурагтыг нь аваад гараад ирэв гэсэн чинь угаасаа Идэрээс авах ёстой зурагтыг нь барьцаалж байгаад мөнгөө авна гэсэн. Тэгэхээр нь наадах чинь дэмий юм бишүү гэхэд зүгээрээ гээд байсан. Бид хоёр согтуу байсан гэхдээ болсон асуудлыг санаж байна. Тухайн Идэр гэгч нь Цогтбаярт тавилгын мөнгө өгөх ёстой гэж байсан, тэрнийхээ мөнгийг Цогтбаяр авна гээд оронд нь зурагтыг нь аваад мөнгөө өгөхөөр зурагтыг нь өгөх гэж байсан. Тухайн зурагтыг барьцаанд тавиагүй Цогтбаярын гэрт оруулж тавьсан...” гэх мэдүүлэг /хх.48-49/,

           

          Мөрдөн байцаалтанд Д.Цогтбаярын яллагдагчаар өгсөн: “... Идэрийн гэр лүү орсон чинь хүнгүй байсан. Тэгэхээр нь хойморт тавиур дээр байсан 32 инчийн цагаан өнгөтэй Самсунг маркийн зурагтыг нь би бариад Дугарсүрэн бид хоёр тэндээс гараад нөгөө таксиндаа буцаж суугаад Газарчин луу шууд манай гэрлүү очсон байсан. Би тухайн үед Идэрээгэс мөнгө гуйх гэж очоод байхгүй болохоор нь зурагтыг нь аваад явчихсан байсан. Идэрээгийн гэрлүү би ганцаараа орсон бөгөөд Дугар гадаа таксинд байж байсан. Тухайн зурагтыг таксинд үлдээх гэж байгаад миний халааснаас мөнгө гарч ирсэн учраас мөнгөө өгөөд зурагтаа манай гэрлүү авч ороод орон доогуур хийсэн байсан. Тухайн үед нилээн согтуу байсан. Би зурагтыг өөрт нь буцаагаад өгчихсөн..” гэх мэдүүлэг /хх.49-53/,

          Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5-11/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.24/,

          Гэрч Ш.Давгын мэдүүлэг /хх-32/, 

          Гэрч Д.Цэцэгжаргалын мэдүүлэг /хх-34/,

          Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-62/,

          Д.Цогтбаярын мужааны ажил хийдэг тухай тодорхойлолт /хх-84/ зэрэг болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтыг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Д.Цогтбаяр нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан-Өлгийн 37 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Л.Идэрийн монгол гэрийн хаалганы даруулга төмрийг мултлан нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлан авч 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Д.Цогтбаярыг бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Цогтбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

          Д.Цогтбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Адъяа овогт Дагвадоржийн Цогтбаярыг бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Цогтбаярт 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар, Д.Цогтбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Д.Цогтбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, Д.Цогтбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Цогтбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР