Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0424

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т*********-ын Б*********

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Н*********

Маргааны төрөл: Т.Б*********-ийн эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б********* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч иргэн Т.Б*********-с тус шүүхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамжаар иргэн Т.Б*********-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17554 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн 000048797 дугаар гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор заажээ. 

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/4748 дугаар албан бичгээр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлснийг үндэслэн баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр нийтийн эдэлбэрт авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайтай нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар бүхэлдээ давхцсан байна.

3.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2699 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин нэхэмжлэл ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“1/ Маргаан бүхий захиргааны акт нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул надад урьдчилан мэдэгдэж, надаас тайлбар авах учиртай байсан. Гэтэл тийнхүү сонсох ажиллагаа хийсэнгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийхтэй холбоотой заалтуудыг зөрчсөн хэрэг юм. Тодруулбал, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.5 дахь заалтуудыг зөрчлөө.

2/ Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.4-д газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авах боломжтой тухай заасан. Газрын тухай хуулийн 16.1-д тусгай хэрэгцээний газарт хамаарах газрыг заасан. Нийтийн эдэлбэрийн газар нь үүнд хамаарахгүй. Иймд “нийтийн эдэлбэрийн газар болгоно” гэх үндэслэлээр миний газрыг улс эргүүлэн авах, нийтийн эдэлбэр болгох үндэслэлгүй юм.

3/ Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.3 дахь заалтуудад газрыг эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох тухай заасан. Энэ нь Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.4, арван зургаадугаар зүйлийн 16.3-д заасан нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгө, газрыг дайчлан авбал шударга нөхөн олговор олгох, үнийг төлөх зарчмаас эхтэй. Гэтэл хариуцагч нь ямар ч нөхөх олговор, үнэ төлөхгүйгээр миний эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэр газар болгох замаар улсын мэдэлд авах агуулга бүхий захиргааны акт гаргасан байна. Иймд Газрын тухай хуулийн энэхүү заалтууд зөрчигдөж байна.

4/ Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3, 40.3-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий тогтоолдоо миний эзэмшил бүхий газрыг нийтийн эдэлбэр газар болгон тогтоох бүрэн эрх олгосон хуулийн заалтаа тусгах ёстой билээ. Маргаан бүхий тогтоолд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтууд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.3, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. Гэвч эдгээр нь хариуцагч байгууллагад маргаан бүхий захиргааны актыг гаргах, миний эзэмшил газрыг нийтийн эдэлбэр газар болгон тогтоох бүрэн эрх олгосон заалт биш байна.

Ийнхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаартай тогтоолын хавсралтын 13 дахь хэсэг нь миний газар эзэмших эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаартай захирамжаар Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17.554 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ, гэрээ авагдсан байна. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг бүхэлд оруулсан байдлаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг баталсан. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу тодорхой газрыг эзэмшиж, ашиглах эрхтэй байтал тухайн газрыг бүхэлд нь нийтийн эдэлбэр газар болгосноор тухайн газрыг эзэмшиж, ашиглах боломжгүй болгосон. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу нэхэмжлэгчид хамааралтай захиргааны акт болсон. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг баримтлаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар аваагүй, энэ талаарх нотлох баримт байхгүй. Бид энэ талаар нэхэмжлэлдээ бичсэн, хариуцагч ямар нэгэн байдлаар няцаагаагүй. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах боломжтой гэж заасан байна. Улс иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газрыг буцаан авахад тухайн газар улсын тусгай хэрэгцээнд байх шаардлагатай. Гэтэл нийтийн эдэлбэр болгох гэж байна гэж байгаа болохоос улсын тусгай хэрэгцээ биш. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.3-д зааснаар газрыг эгүүлэн авах бол нөхөх олговор олгоно гэж заасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэдэг зарчмаас үүдэлтэй. Өмчийг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэж авах зарчим байна. Нэгдүгээрт, нийгмийн зайлшгүй хэрэгцээ байх ёстой. Хоёрдугаарт, үнэ болон нөхөх олговрыг шударгаар төлөх ёстой. Маргаан бүхий захиргааны акт энэ журмаар гараагүй. Нөхөх олговор олгоогүй. Нийтийн эдэлбэр болгож байна гэдэг нь нийгмийн зайлшгүй хэрэгцээ байна уу гэдгийг тогтоогоогүй. Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нийгмийн зайлшгүй хэрэгцээ байна, нөхөх олговор олгоно гэдэг агуулгыг дурдаагүй. Тийм учраас энэ үндэслэлээр маргаан бүхий акт гараагүй гэж үзэж байна. 

Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэл болон хуулийн заалтыг заах ёстой. Шийдвэр ямар байдлаар гарсан бэ гэдгийг бид тэндээс уншиж ойлгоно. Дараа нь шүүхэд мэтгэлцэхдээ тухайн шийдвэрийг хянахын тулд шийдвэрийн үндэслэлийн хүрээнд мэтгэлцэх боломжтой. Маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар  зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг баримталсан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Нийтийн эдэлбэр газар гэж юу болох талаарх ерөнхий заалтууд байгаа болохоос биш ямар тохиолдолд нийтийн эдэлбэрт авч болох вэ, иргэн Т.Б*********-ийн газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр болгож улсад буцаан авах бүрэн эрх олгосон зохицуулалтууд байгаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоож болно. Гэхдээ иргэн Т.Б*********-ийн газрын хувьд нийтийн эдэлбэр газар болохыг тогтоох бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. 

Маргаан бүхий захиргааны актад өөр нэгэн актыг үндэслэл болгосон байсан. Тэр нь төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол байсан. Энэ тогтоол дээр нийтийн эдэлбэрийн газруудыг тогтооё гэдэг байдлаар заасан болохоос иргэн Т.Б*********-ийн газарт хамааралтай биш. Энэ тогтоолын дагуу нийтийн эдэлбэрийн газрууд болгоё гэж байгаа газруудын хэмжээ, байршил, заагийг нь бидний маргаж байгаа тогтоолоор тогтоож байгаа. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тогтоол юм гэж маргасан.” гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Нийслэлийн Засаг даргаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.7-д нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан бүртгэлжүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудлыг өргөн барьсаны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор баталсан байна.

Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг төрийн хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах гэж заасан, мөн нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол нь батлагдсан ба тус газруудад шинээр газар олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэний дагуу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтийн үндэслэлийг нотлох баримтыг хавсаргаагүй байна. 

Иймд түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэхгүй шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

  1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: … 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх;”, 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: … 6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.1.газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх; …”, Монгол улсын засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: … 18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: … з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах;” 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гэж заажээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авсан нь хуулийн дээрх заалтуудад заасан нийтийн эдэлбэр газрын зохицуулалтад нийцсэн,  нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах зэрэг хуулиар олгосон эрхэд нийцсэн гэж үзэхээр байна. 

  1. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамжаар иргэн Т.Б*********-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17554 м.кв газар эзэмших эрх дуусаагүй хүчинтэй байхад нийтийн эдэлбэр газрыг тогтоохдоо бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх, хэрэв бусдын эзэмшил, ашиглалтад байгаа бол сонсох ажиллагаа хийж гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, нөхөх олговор олгох эсэх болон бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах зэрэг зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хийгээгүй байна. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.” гэж заасан бөгөөд бусдын эзэмшиж байгаа газрыг нийтийн эдэлбэрт авах тохиолдолд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах эсвэл гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах саналыг газар эзэмшигчтэй тохиролцохоор байна. 

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэрийн газрыг тогтоох эрхтэй боловч энэхүү эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохдоо Нийслэлийн Засаг дарга болон Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх үйл ажиллагааг явуулсан эсэхийг тодруулаагүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл болон Нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдээр тогтоогдож байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь хуулиар Нийслэлийн Засаг дарга болон Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар  түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүйд тооцсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН