Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00730

 

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00730

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Зулаа овогт Сандагын Д //-н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 153/2020/00838/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сандагийн Д миний бие 1960 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *Ховд аймгийн Зэрэг сумын 5 дугаар багт Сандагийн 5 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1969 онд элсэн орж суралцаад, 1977 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд Зэрэг сумын 5 дугаар бригадын Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаад 1979 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Ховд аймгийн Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн жолооны курсэд суралцаж, жолоочоор төгссөн. 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Цэргийн албанд татагдаж, 1982 оны 06 сарын 20-ны өдөр цэргийн албаны халагдаж ирсэн. Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот тушаалаар худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орсон. Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байхдаа ээж, дүүгийн хамт амьдардаг байсан. 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Үржингийн Номин-Эрдэнэтэй гэр бүл болсон. Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн анги 1991 оны 12 дугаар сарын 28-нд Тээл бүрэн бус хариуцлагатай компани болж, улсын бүртгэлд бүртгэгдэх үед мөн жолоочоор ажиллаж байсан.

Иймд С.Д намайг Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл, Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн анги буюу Тээл бүрэн бус хариуцлагатай компанид 1991 оны 12 сарын 28-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Тээл ББХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1815 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын үйлдвэр буюу 5 дугаар бригадын 1977-1978 оны 70 дугаар данс, мөн сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тушаалын хуулбарууд /хх-ийн 6-9 дүгээр тал/

2.045566 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд / хх-ийн 10 дугаар тал/

3.2020 оны 09 дүгээр сарынс 17-ны өдрийн 267 дугаар улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14 дүгээр тал/

4.1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авсан Баярын бичиг

5.Гэрч М.Дулмаагийн... Би 1977-1996 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллаж байсан. С.Д нь 1982 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1996 он хүртэл ажилласан. Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн анги 1995 оны 1 сараас Тээл компани болсон юм. С.Д нь 53 маркийн машин, сүүлд ЗИЛ-130 гэсэн машинуудыг барьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

6.Гэрч Т.Агиймаагийн... Би 1976-1996 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байсан. С.Д нь 1982-1996 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилаж байсан. Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн анги 1990 оноос хойш л тарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ зэргээр баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Дг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс Монгол улс даяар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон ба нэхэмжлэгч нь энэ хугацаанд мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх бөгөөд дэвтрээ нотариатаар баталгаажуулж хэрэгт ирүүлсэн байх тул шүүх үүнийг дахин тогтоохгүй. Иймд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зулаа овогт Сандагын Д //-г 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Тээл ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ