Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00731

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00731

Жаргалант сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, Ховд аймгийн ......... оршин суух, Цагаан туг овогт Дархижавын Г // -ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох, малын тэжээлийн үнэ 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  153/2020/00731/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын Аж ахуйн албаны дарга Р надтай утсаар яриад Манай Цагдаагийн газрын малчинд малын тэжээл зээлээр өгчих. Байгууллагаас удахгүй мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлэхээр нь малчин Батнасан гэх хүнд 300,000 төгрөгийн малын тэжээл зээлээр өгсөн.

2019 оны 04 дүгээр сард тэжээлийн мөнгийг авахаар Ховд аймгийн Цагдаагийн газарт очиж аж ахуйн дарга Равданпүрэвтэй уулзахад Р нь тооцоо гаргаад Цагдаагийн газрын дарга дээр ороход манай мал их үхсэн. Тэжээлийн мөнгө өгөхгүй гээд цохолт хийж өгсөнгүй гэж даргынхаа өрөөнөөсөө гарч ирсэн. Тухайн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга байсан Батзаяатай миний бие өөрөө орж уулзахад Өөрийг чинь хохиролгүй болгож өгнө. Ярилцаж байгаад эргээд өөрийг чинь дуудна гээд миний гар утасны дугаар бичиж аваад үлдсэн. Би 2 сар гаруйн хугацаанд хүлээгээд дуудахгүй болохоор нь Цагдаагийн газрын даргатай уулзахаар ирэхэд Батзаяа дарга тэтгэвэрт гарсан гээд өөр хүн солигдсон байсан. Тэр даргатай нь уулзахад Өмнөх даргын асуудал надад хамаагүй гэж хэлсэн.

Миний бие нь Ховд аймгийн Цагдаагийн газрын малын тэжээлийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу зээлээр өгсөн болохоос байгууллагын малыг би үхүүлээгүй, мөн төрийн байгууллага байж дарга нь солигдохоор өмнөх асуудал нь дараагийн даргад хамаагүй болчихдог гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Ховд аймгийн Цагдаагийн газраас 2019 онд зээлээр олгосон малын тэжээлийн үнэ болох 300,000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Д.Гаас манай цагдаагийн газар 300,000 төгрөгийн тэжээл авсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан

300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох өвс тэжээлийн үнэ 300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 46-Б/1178 дугаартай албан бичгээр Н.Б  итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,825  төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Гад  олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох малын тэжээлийн үнэ 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,825  төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Гад  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ