Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00732

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00732

Жаргалант сум

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан 11-37 тоотод оршин суух, Моол хөөг овогт Буурлайн О //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00836/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Б.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 1965 оны 3 сарын 18-нд Ховд аймгийн Буянт сумын нутагт айлын 4 дэх хүүхэд болон төрсөн. 1973 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1981 онд Улаанбаатар хотын тээврийн техник мэргэжлийн сургуулиа төгсөөд 1983 онд авто засварын заводод токарьчнаар орж ажилласан. 1983 онд тээврийн техник мэргэжлийн сургууль төгсөөд Ховд аймгийн авто засварын газарт токарчиноор томилогдоод 1994 он хүртэл ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1983 оны ажилд орсон тушаал байгаад ажлаас гарсан тушаал байхгүй байгаа. Иймд намайг 1983-1994 онд хүртэл Ховд аймгийн авто засварын заводод токарчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оийг 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Автозасварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газарт токарчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1804 дугаартай албан бичгээр ирүүлсэн Автозасварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай Ажилчин ажилд авах тухай, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарууд хавсралтын хамт , Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөхүүлэх тухай тушаалын хуулбар /хх-ийн 8-12 дугаар тал/

2.1985 оны 7 сарын 20-ны өдөр авсан Баярын бичиг /хх-ийн 16-17 дугаар тал/

3.1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан Диплом /хх-ийн 18 дугаар тал /

4.Гэрч А.Батсүхийн ... Би 1970 онд Улаанбаатар хотод тээврийн техникумын сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн авто засварын үйлдвэрт цехийн даргаар ажилд орж 36 жил тасратлгүй ажиллаад тэтгэвэрт гарсан. Ховд аймгийн авто засварын үйлдвэрийн газар хувьчлал явагдах үеэр Дөл компани болсон. Б.О 1983 оны хавар тээврийн техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн авто засварын үйлвэрийн газарт токарчиноор ажилд орж 1994 он хүртэл ажилласан. Б.О болохоор 1997 он хүртэл ажилласан гээд байдаг юм би Оийг 1997 онд ажиллаж байсныг нь мэдэхгүй байгаа юм. Хувьчлал явагдаад ажилчид өөрсдөө гараад явцгаасан. Ховд аймгийн авто засварын газар дотроо 3 цехтэй 50 гаран ажилтантай газар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

5. Гэрч Ү.Ганхуягийн ... 1971 онд Ховд аймгийн засварын газарт тоног төхөөрөмжийн цахилгаанчинаар ажилд орж ажиллаж байгаад 1973 онд цэргийн албанд татагдаж 1976 он халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн авто засварын газарт өнгөлгөөчинөөр ажилд орж 1994 он хүртэл ажилласанн. Б.О нь техник мэргэжлийн сургуулийг 1983 онд төгсөж ирээд Ховд аймгийн авто засварын газарт токарчиноор ажилд орж байсан. Бид хоёр 1994 он хүртэл хамт ажилласан. Ховд аймгийн авто засварын газар дотроо 3 цехтэй 50 гаран ажилтантай газар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Моол хөөг овогт Буурлайн О //-г 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Автозасварын үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газарт токарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ