Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00733

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00733

Жаргалант сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ......... тоотод оршин суух, Олхонууд овогт Гаалайн С //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00835/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1978 онд 8-р анги төгсөж Увс аймагт ХААТМС-ийн малчин-малын сентарчийн ангид элсэн суралцаж, 1980 оны 6-р сард төгссөн.

1980 оны 7 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт асрагчийн ажилд орж асрагчаар ажиллаж байгаад сувилагчийн курст суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн.

1984 оны 10 дугаар сард сувилагчийн курс төгсөж, Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт хувиарлагдан ирж 1985 оны 2-р сараас 1994 оны 4-р сарыг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт сувилагч, цэцэрлэг яслийн бүлэгт сувилагч, туслах багш, багшаар ажиллаж байгаад 1994 оны 4-р сард нийгэм өөрчлөгдөж ясли цэцэрлэг татан буугдахад ажлаас чөлөөлөгдсөн.

Социализмын үед хүүхдийн цэцэрлэг ясли хүн эмнэлгийн салбарт харъалагддаг байсан тул тухайн үед хүн эмнэлэгт сувилагч, ясли цэцэрлэгт сувилагч, бүлгийн туслах багш, багшаар ажиллаж байсан юм.

Миний тухайн үед бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, тушаалуудын он сар зөрүүтэй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Надад байгаа баримтуудыг үндэслэн намайг 1980 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт асрагчаар,

1985 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарт эмнэлгийн сувилагч, хүүхдийн цэцэрлэг яслийн сувилагч, бүлгийн туслах багш, багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1978 онд 8-р анги төгсөж Увс аймагт ХААТМС-ийн малчин, малын сентарчийн ангид элсэн суралцаж, 1980 оны 6 сард төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаагүй юм билээ.

1980 оны 7 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт асрагчийн ажилд орж асрагчаар ажиллаж байгаад 1983 оны 12 сард сувилагчийн курст явсан байдаг. 1985 оны 02 сард төгсөж ирээд Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт ажилласан юм билээ. Шүүхэд хандсан гол учир шалтгаан нь хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалын он сар өдөр өөрт нь гаргаж өгсөн тушаалын он сар өдөр зөрүүтэй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ясли нь эмнэлэгийн харъяанд байсан. 1980 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгийн тасагт арсагчаар ,1985 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгийн салбарт сувилагч, яслийн сувилагч, бүлгийн багш, багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Сг 1980 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгийн тасагт арсагчаар ,1985 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарт сувилагч, яслийн сувилагч, бүлгийн багш, тогоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 7 дугаар тушаал, /хх-ийн 4 дүгээр тал/

2.Г.Сгийн 1980-1986 онуудын цалингийн тодорхойлолтууд /хх-ийн 5 дугаар тал/

3. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 6 дугаар тал/

4. Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 8 дугаар тал/

4. Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 9 дүгээр тал/

5. Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 10 дугаар тал/

6. Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал /хх-ийн 11 дүгээр тал/

7. Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 12 дугаар тал/

8.Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 13 дугаар тал/

9. Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал /хх-ийн 14 дүгээр тал/

10. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаартай Чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 15 дугаар тал/

11. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай Түр ажиллуулах тухай тушаал /хх-ийн 16 дугаар тал/

12. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 17 дугаар тал/

13. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал /хх-ийн 18 дугаар тал/

14.Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 19 дүгээр тал/

15. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай Чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 20 дугаар тал/

16. Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээртэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 21 дүгээр тал/

17. Ховд аймгийн Чандмань сумын яслийн эрхлэгчийн 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал /хх-ийн 22 дугаар тал/

18. Ховд аймгийн Чандмань сумын яслийн эрхлэгчийн 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээртэй Ажилд түр томилох тухай тушаал /хх-ийн 23 дугаар тал/

19.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1994 оны 04 дүгээр сараас 2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 24 дүгээр тал/

 

20.Гэрч З.Цоожийн ... 1986 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт их эмчээр томилогдон очиж 1989 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн. Намайг Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт томилогдон ажиллахад Г.С нь Чандмань сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан.Би Чандманьд ажиллаж байхдаа Сгийн амьдарч байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал /

21. Гэрч Б.Амаржаргалын ... Би 1988-1999 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан. 2005-2012 онуудад Чандмань сумын хүн эмнэлэгийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн. Г.Сэржаа нь намайг 1988 онд төгсөж ирээд ажилд ороход Г.С нь манай эмнэлэгт сувилагч хийж байсан. Мөн эмнэлэгийн харъяа яслид сувилагч хийж байсан. Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт сувилагч хийж байсан нь үнэн....гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал

22.1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Олхонууд овогт Гаалайн С //-г 1980 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарт арсагчаар ,1985 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүний их эмчийн салбарт сувилагч, яслийн сувилагч, бүлгийн багш, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч г.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ