Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00735

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00735

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, Цэцэг толхонод овогт Т-ийн Ш //-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00834/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ш миний бие 1965 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадад Түдэвийн 6 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын дунд сургуульд 1974 онд элсэн орж 1982 онд 8-р анги төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1982-1983 онд Улаанбаатар хотын Төмөр замын техник мэргэжлийн сургуульд сурч төгсөөд 1984-1987 онд Хилийн цэргийн 0229 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэрэгт явж ирээд эцэг, эхийн хамт нутагтаа мал маллаж байгаад 1989 оны 1 дүгээр сараас эцэг Түдэвийн туслах малчнаар 1995 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 1996 оны эхээр эхнэр авч өрх тусгаарлан малчнаар ажиллаж байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 55 насанд хүрч малчнаар тэтгэвэр тогтоолгох гэсэн тул Т.Ш намайг Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадад 1989 оны 1 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар хүртэл эцэг Түдэвийн туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Т.Ш нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1826 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадын 1989 оны 70 дугаар дансны хуулбар хуулбар /хх-ийн 5-6 дугаар тал/

2.1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлийн тогтоол /хх-ийн 9 дүгээр тал/

3.1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авсан Баярын бичиг /хх-ийн 12 дугаар тал /

4. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оны 06 сараас 2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 18 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Шын 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь 1992 оны 06 сараас 2000 оны 12 сарыг дуустал Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж энэ талаархи баримт болох Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас ирүүлсэн байх тул шүүхээс энэ хугацаанд ажилласан байдлыг тогтоохгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэцэг толхонод овогт Түдэвийн Ш //-ыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сар хүртэл байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ш нь  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ