| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00849/и |
| Дугаар | 153/ШШ2020/00736 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2020/00736
| 2020 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00736 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, Боржигин овогт Жанчивийн Г //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00849/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Ж.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1961 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 8-р анги төгссөн. Техник мэргэжлийн сургуульд хоёр жил сурсан. Гурван жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн эсгүүрийн цехэд ажилчинаар ажилд орсон. 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 он дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан. Манай үйлдвэрийн дарга Хишигт гэдэг хүн байсан. 1990 онд үйлдвэр тараад хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гийг 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай Шинээр ажилд авах тухай тушаалын хуулбар /хх-ийн 14 дүгээр тал/
2.003781 дугаартай мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/
3.1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр авсан Баярын бичиг-ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10 дугаар тал /
4.1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан Мэндчилгээ-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12 дугаар тал /
5.1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан Сайшаалын үнэмлэх-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13 дугаар тал /
6. Ж.Гийн Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан үеийн фото зураг /хх-ийн 4 дүгээр тал/
7.Гэрч С.Даваажавын ...1975-1995 он хүртэл Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрийн эсгүүрийн цехэд нормчин, бригадын дарга, чанар шалгагч, мастер зэрэг ажлуудыг хийж байлаа. Ж.Г нь 1983-1990 он хүртэл Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрийн эсгүүрийн цехэд нормчиноор ажиллаж байсан. Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэр 1990 оны үед л хувьчлагдсан санагдаж байна. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа зураг дээр урд талын эгнээний баруун гар талаас 3 дахь нь би, хойд эгнээний баруун гар талаас эхнийх нь Г байна. Манай эсгүүрийн цехийн зураг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
5.Гэрч В.Дагвасүрэнгийн ... 1983 оны 6 сард Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрийн эсгүүрийн бригадад суурь машинчаар ажилд орж 1990 он хүртэл ажилласан. Ж.Г нь 1983-1990 он хүртэл Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрийн эсгүүрийн цехэд нормчиноор ажиллаж байсан. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа зураг дээр хойд талын эгнээний зүүн гар талаас 1 дэх нь би, хойд эгнээний баруун гар талаас эхнийх нь Г байна. Манай эсгүүрийн цехийн зураг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Жанчивийн Г //-г 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ