| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2023-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* ******* гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын , Регистрийн дугаар: ЗМ81**************39
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны ******* дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн сумын 9 дүгээр багийн 5-14 тоот хашаанаас зүс таних Э.гийн эзэмшил өмчлөлийн хар өнгөтэй нэртэй хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт ын нь 2023 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд иргэн амьдран суух ******* аймгийн сумын 9 дүгээр баг 5-14 тоот хашаанд палк мод /зүсэж бэлтгэсэн мод/ буулгаж өгөх үедээ түүний 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн үнэ бүхий гартаам хөөргөөр хөөрөглөж улмаар дээрх хөөргийг авч явсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч Э.гийн “... Би 2023 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед ******* аймгийн сум 9 дүгээр баг 5-14 тоотод байх өөрийн гэртээ аймгийн төвийн барилгын материалын дэлгүүрээс 5-н ширхэг палкан мод аваад барилгын материалын хүн болох цагаан өнгийн ачааны машинаар манай гэрт авчирч буулгаж өгсөн. Тэгээд би мод буулгах хүн хайгаад явж байгаад гэх айлын гаднаас зүс таних нэг хүнийг мод буулгаад өгөөч гээд гуйсан ба тэр хүн манай гэрт очоод мод буулгаж өгсөн. Тэгээд яваад өгсөн мод буулгаж өгсөн зүс таних хүн надад нэг шил архи аваад өгөөч гэхээр би дэлгүүрээс 1 шил “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авч өгсөн чинь надад аяганд хийгээд өгөхөөр нь би архи уудаггүй гэсэн. Тэгээд би тэр хүнд “Их баярлалаа” гэж хэлээд өөрийн хар өнгөтэй “” хөөргөөрөө тамхилсан юм. Тэгээд “Чи наад архиа аваад яв би архи уудаггүй” гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Тэр үед би хөөргөө авахаа мартсан байсан юм. Би одоо 87 настай их мартамхай болоод байгаа юм. Намайг гэрт орчихоод ирэхэд нөгөө мод буулгаж өгсөн хүн алга болчихсон байсан. Тэгээд би хөөргөө хайгаад олоогүй тухайн өдөр манай хүүхдүүд байхгүй байсан юм. Манай хашаанд мод буулгаж өгсөн зүс таних хүн авсан гэж бодож байна. Би тэр хүнтэй хамгийн сүүлд хөөрөглөж байгаад гэр рүүгээ орчхоод гараад ирсэн чинь нөгөө хүн алга болсон байсан... Тухайн өдөр надтай хамт гэрт хүү хүүхэд болох 7 настай хажууд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-р хуудас/
Гэрч өгсөн “2023 оны ******* дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн барилгын материалын дэлгүүрт байж байхад 16 цагийн үед сумын 9 дүгээр багийн иргэн гэх хүн манай дэлгүүрт ирээд 5 ширхэг палкан мод авсан юм. Тэгээд гэх хүн надад хандаж авсан модоо хүргээд өгөөч гээд гуйхаар нь би гэрт нь буюу сум 9 дүгээр баг 5-14 тоотод очиж авсан модыг нь гэх хүнтэй хамт явсан зүс таних хүний хамт буулгаж өгсөн. Модыг нь буулгаж өгчихөөд би явсан. Намайг явахад , зүс таних хүнтэй хамт дэлгүүрээс авсан гэх 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уух гээд үлдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/
Гэрч өгсөн “... Манай хадам аав зүс танихгүй хүнтэй 1 шил архи хуваагаад уугаад сууж байсан. Хадам аав гэрт орж ирээд байж байгаад хөөргөө хайж эхэлсэн. Тэгээд би хөөргийг нь хамт эрээд олоогүй. Гэрт болон хашаанд хайсан юм. Тэгээд бид нар хөөрөг олдохгүй байхаар нь цагдаад маргааш нь өргөдөл гаргасан юм. Хадам аав Ж.д дунд гарын хар өнгөтэй гартааман хөөрөг байдгийг би мэднэ. Энэ жил буюу 2023 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ө.ий “... Манай өвөө тай хамт ирсэн хүн өвөөтэй мод буулгачихаад хашаан дотор тэр танихгүй хүнтэй 1 шилтэй архи хуваагаад ууж байсан. Тэгээд өвөө тэр танихгүй хүнтэй хөөргөөрөө хөөрөглөсөн чинь тэр хүн өвөөгийн хөөргийг авчихаад өгөхгүй суугаад байсан. Тэгээд өвөөгийн хөөргийг өвөө д өгөхгүй хашаанаас аваад гараад яваад өгсөн. Тэр танихгүй хүнээс өөр хүн байгаагүй. Би тэгээд өвөөд хэлсэн чинь өвөө сайн сонсдоггүй миний хэлснийг ойлгохгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 19-24 дүгээр хуудас/ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаж байх боловч дээрх гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны ******* дугаар сарын 14-ний өдөр хохирогч гуйлтаар түүний гэр байрлах газарт буюу ******* аймгийн сумын 9 дүгээр баг 5-14 тоот хашаанд мод буулгаж өгсөн байна.
Уг мод буулгаж өгсөн үйлдэлд хохирогчийн зүгээс талархаж түүний хариуд 1 шил архи авч өгсөн ба улмаар монгол ёс заншлын дагуу өөрийн гэрээс гартааман /Даваа той дунд гарын гартааман/ хөөргөө гаргаж ирж хөөрөглөжээ.
Гэвч хохирогч хувьд 1936 онд төрсөн, 87 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг этгээд бөгөөд хөөрөглөсөн гартаам хөөргөө шүүгдэгчээс авахаа мартсан ба дээрх нөхцөл байдлаар шүүгдэгчийн эзэмшилд ирэхэд нь завших сэдэл төрж шамшигдуулсан байна.
Шүүгдэгч ийнхүү хөөргийг авч явахдаа бусдад хүч хэрэглээгүй, нууц далд аргаар аваагүй гагцхүү хохирогчийн эд зүйлээ мартсан байдлыг нь далимдуулсан буюу хохирогч хөөргөө буцаан авахаа мартах тэр агшинд уг эд зүйл нь гээгдэл эд хөрөнгө болон хувирчээ.
Дээрх байдлаар хохирогч нь хөөрөг зөрүүлэх ёс заншлын дагуу хөөргөө өгсөн боловч буцааж авахаа мартсан нөхцөлийг далимдуулан шүүгдэгч авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэргийн шинжгүй үйлдэл болно.
Харин бусдын өмчлөлийн эд зүйлийг авахын тулд шүүгдэгч нь идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний эзэмшилд шилжин ирсний дараа завших сэдэл төрж, шамшигдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-023/7602 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 28-31 дугаар хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч алдагдсан хөөргөний оронд өөрийн өмчлөлийн үнэ дүйцэхүйц хөөргийг өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хохирогч нь уг хөөргийг хүлээн авсан гомдол саналгүй талаараа хүсэлт бичиж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт зааснаар “... хохирлоо нөхөн төлсөн...” байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулалгүйгээр түүнд 450 нэгжээр буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД