Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Энхтуул,

шүүгдэгч  нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл ҮД:00-86,

шүүгдэгч Ш.Булгантамир, Г.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотд  1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36-р гудамжны 477 тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор  эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Мандал овогт Шагдарсүмбэрэлийн Булгантамир /РД:ХЖ88020314/,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Улиастай хотод 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 9 дүгээр гудамжны 279 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлж байсан. бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Гэндэнжамцын Ганбаатар   /РД:ФМ90022279/ нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3701 дугаартай 105/2017/0173/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Г.Ганбаатар, Ш.Булгантамир нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Г.Хасбаатарыг өөрийнх нь унаж явсан “Тоёота-Хайлюкс” маркийн 14-17 УБЭ улсын дугаартай автомашинаар Сүхбаатар  дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Монгол” пабын автомашины зогсоол дээрээс Баянзүрх дүүргийн 14-р хороо, 69-р байранд хүргэж өгөх замдаа, түүний машины урд хайрцагт байсан 2.500.000 төгрөгийг хулгайлан иргэн Г.Хасбаатарт бага бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Булгантамир мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн дахин  хэргийнхээ талаар ярихгүй гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганбаатар мэдүүлэхдээ:Хэргийн  талаар дахин ярихгүй гэв.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Хасбаатарын: ... 00 цаг өнгөрч байхад “Их Монгол” пабаас гарахад гадаа үүдэнд унааа авах уу, жопооч авах уу гэж жопооч нар асуугаад байж байсан. ... Тэгээд ... “Их Монгол” пабын гаднаас хөдлөөд эхлээд Хан-Уул дуургийн нутаг дэвсгэрт байрлах Хурд нэртэй хороололд ирээд нагац эгч С.Оюунцэцэг болон түүний найз Ганбаа нарыг буулгасан юм. Тэгээд тэндээсээ хөдлөөд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвийн гадаа ирж зогсоод шөнийн зах дотор байрлах АТМ орж мөнгө авах гэсэн боловч чадаагүй юм. Тухайн үед миний автомашиныг барьж байсан жолооч ганцаараа 5 орчим минут болсон байх гэж бодож байна. Тэгээд би Шөнийн зах худалдааны төвөөс гараад ирэхэд миний машины ар талд “Тоёота Ист” маркийн автомашин зогсож байсан бөгөөд жолооч нь миний автомашин дотор сууж байсан жолоочтой юм яриад зогсож байсан юм. Тэгээд би автомашиндаа суухад миний автомашиныг барьж байсан жолооч залуу миний машины гадна талд зогсож байсан залууд хандан хөдлөх үү гэж хэлэхэд нөгөө залуу автомашиндаа суугаад миний автомашины араас дагаад явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадаа ирээд өөрийн эхнэр Алтантуулын гар утас руу залгаад 10,000 төгрөг аваад гараад ир гэж хэлсэн. ... Тэгээд гэртээ орж амраад 2016 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад автомашин дээрээ ирэхэд миний машины баруун хойд хаалганы жижиг гурвалжин шил хагарсан байсан. Тэгээд автомашины урд талын урд хайрцаг дотор байсан 20.000 төгрөгний боодолтой, 500.000 төгрөгийг үзэхэд хулгайд алдагдсан байсан.... Харх нэртэй салхины шил сольдог газар ажлын хөлс нь нийлээд 100.000 төгрөгөөр солиулсан байгаа. Би хохирлын 2.500.000 төгрөгийг авсан байгаа. Тийм учир салхины шил солиулсан 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, Би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн санал гомдолгүй, шүүх хуралд суухгүй.  гэх мэдүүлэг /хх-ийн 19, 127-р тал/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 4-5-р тал/

-гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р тал/

-эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-н 106-р тал/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 107-108-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүдээс дүгнэхэд хохирогч Г.Хасбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул Г.Ганбаатар, Ш.Булгантамир нараар  өөрийн автомашинаа  жолоодуулж  гэртээ хүргүүлэх үед түүний автомашинд  байсан  2.500.000 төгрөгийг  Г.Ганбаатар, Ш.Булгантамир нар нь бүлэглэн хулгайлж өөрийн эзэмшилд авч  захиран зарцуулсан үйл баримт болсон  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2... хоёр буюу түүнээс дээш  этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаа нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж  хуульчилжээ.

Шүүгдэгч  Г.Ганбаатар, Ш.Булгантамир нар   бусдын эд зүйлийг  хулгайлан аваад   мөнгийг хуваан авч  захиран зарцуулсан  үйлдлийг  бүлэглэн үйлдсэн  гэж  үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч нарын  хохирогч  Г.Хасбаатарт учруулсан хохирол нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  29 дүгээр зүйлд зааснаар  бага бус хэмжээний  хохиролд хамаарна.

Иймд Г.Ганбаатар, Ш.Булгантамир нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Г.Хасбаатарыг өөрийнх нь унаж явсан “Тоёота-Хайлюкс” маркийн 14-17 УБЭ улсын дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Монгол” пабын автомашины зогсоол дээрээс Баянзүрх дүүргийн 14-р хороо, 69-р байранд хүргэж өгөх замдаа, түүний машины урд хайрцагт байсан 2.500.000 төгрөгийг хулгайлан иргэн Г.Хасбаатарт бага бус хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Ш.Булгантамир, Г.Ганбаатар нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зүйлчилсэн хуулийн зүйл ангийг тохирсон гэж үзэв.

-Шүүгдэгч Ш.Булгантамир нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байсан нь тэдгээрийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-ийн 64, 67-69, 71-74-р тал/

 Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн  78.2.3-т зааснаар хүндэвтэр  гэмт хэрэгт ял шийтгүүлсэн  этгээд үндсэн  ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас хойш таван  жилийн дотор  гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор  хуульчилжээ. Ш.Булгантамир  нь хүндэвтэр  гэмт Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба энэ хугацаанд гэмт  хэрэг  үйлдээгүй тул  түүнийг ялгүйд тооцохоор  байна.

-Шүүгдэгч Г.Ганбаатар Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлж байсан нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 63, 78-94-р тал/

Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн  78.2.4-т зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор  гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилжээ. Г.Ганбаатар  нь энэ хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул  түүнийг ялгүйд тооцохоор байна.

Шүүгдэгч Ш.Булгантамир, Г.Ганбаатар нар нь хохирогч Г.Хасбаатарт   учруулсан 2.500.000 төгргийн хохирлоо өгсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. / хх-н 107-108-р  тал/

Шүүгдэгч Ш.Булгантамир, Г.Ганбаатар нар нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй тул тэдэнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх  үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мандал овогт Шагдарсүмбэрэлийн Булгантамир, Боржигон овогт Гэндэнжамцын Ганбаатар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  Шагдарсүмбэрэлийн Булгантамирыг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр  6 /зургаан/  сарын хугацаагаар баривчлах ялаар, Гэндэнжамцын Ганбаатарыг эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Ш.Булгантамир, Г.Ганбаатар нарт оногдуулсан  6  /зургаан/  сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий  байранд  ганцаарчлан эдлүүлсүгэй.

           

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ш.Булгантамир, Г.Ганбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай

           

            5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж  Ш.Булгантамир, Г.Ганбаатар нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан  хорьж   баривчлах ялыг  энэ өдрөөс  эхлэн  тоолсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Булгантамир, Г.Ганбаатар нарт  цагдан  хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч. АЛТАНЦЭЦЭГ