Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00741

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00741

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Я.Ө нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалаар үндсэн цалингаас суутгасан 2020 оны 5 болон 6 дугаар сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн олгуулах, 2020 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа нягтлан бодогчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон дээрх ур чадварын нэмэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сахилгын шийтгэл оногдуулсан болон дутуу олгосон ур чадварын нэмэгдлийг олгосон цалин хөлсний зөрүүг нэмж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00582/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Я.Ө, хариуцагч Е.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч Я.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Е.У нь шинээр ирээд надтай байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээг шинэчлэхээр хөдөлмөрийн гэрээний төсөл надад хүргүүлсэн. Тус хөдөлмөрийн гэрээний төсөл нь өмнөх хөдөлмөрийн гэрээний заалтыг дордуулсан байсан бөгөөд төслийн 8.2.2 дахь хэсэг болон зарим заалтууд нь ажил олгогчид давуу байдал олгосон, тодорхой бус байна гэж миний бие үзсэн учир харилцан зөвшилцөж, хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах зарчмыг баримтлахыг хүссэн боловч энэ боломжийг олголгүйгээр шууд тус гэрээний төсөлд гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг шаардсан тул би харилцан зөвшилцөхийг санал болгоход хүлээж аваагүйгээс бидний хооронд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй болно. БСШУЯ-ны сайдын А/692 дугаар тушаалын 2-т зааснаар хавсралтаар баталсан нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэгт нийцүүлэн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан батлаагүй байж шинээр хөдөлмөрийн гэрээг дур мэдэн байгуулах боломжгүй. Ажил олгогчийн зүгээс дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй явдалд зөвхөн намайг буруутган өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б 31 дүгээр тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл би захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн бэлтгэсэн хөдөлмөрийн гэрээний төсөлд ямар ч санал хүсэлтээ илэрхийлэлгүйгээр заавал гарын үсэг зурах үүрэгтэй байсан юм байна л даа. Мөн тус сургуулийн захирлын тушаалаар 2020 оны 01 дүгээр сараас эхлэн 05 дугаар сар хүртэл сар бүр үндсэн цалингийн 25 хувиар бодож ур чадварын нэмэгдэл олгох ёстой байхад тус сургуулийн нягтлан бодогч надад бодож олгоогүй юм. Ажил олгогчийн сахилгын шийтгзл оногдуулсан шийдвэр болон нягтлан бодогчийн ур -адварын нэмэгдэл хөлсийг олгоогүй нь Үндсэц хууль Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийг илтэд зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ховд сумын Ерөнхий соловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус тушаалаар 2020 оны 05 болон 06 дугаар сарын цалингаас суутгасан 20 хувийг, ур чадварын нэмэгдлийг нөхөн олгож Нийгмийн эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн сар бүрийн тушаал гаргаж ур чадварын нэмэгдлийг багш нарт олгодог. Тус тушаалуудаар Я.Ө надад ч бас ур чадварын нэмэгдэл олгохоор заасан билээ. Гэтэл 2020 оны 01 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд захирлын тушаалд заагдсан ур чадварын нэмэгдпийг тус сургуулийн нягтлан бодогч Х.Бүлдиршин надад ямар нэгэн шалтгаангүйгээр нэг ч удаа бодож олгоогүй болно. Энэ талаар удаа дараа сургуулийн захиралд гомдол гаргахад би ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалаа гаргасан. Одоо нягтлан бодогч л цалинг олгох байх гэдэг. Иймд 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа нягтлан бодогчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон дээрх ур чадварын нэмэгдлийг нөхөн олгуулж өгнө үү. Миний нэхэмжлэлийн гол агууллага нь Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах 5,6 дугаар саруудад цалингаас хасагдсан нэмэгдэл болох 20,40 хувийг буцааж авах. Мөн сахилгын зөрчилтэй байгаа үед үр дүнгийн урамшуулал авдаггүй бөгөөд би үр дүнгийн урамшуулал аваагүй байгаа талаараа баримт гаргаж өгсөн. Мөн 1,2,3,4,5,6 дугаар саруудын ур чадварын нэмэгдлийг нэхэмжилсэн. Уг нэмэгдлийг сургуулийн захирал сар бүр олгоно гэж заасан байгаа учир би үүнийг нэхэмжилж байсан. Би 2020 оны 1-3 сарын ур чадварын нэмэгдлийг авна. Тэрнээс хойшхийг авахгүй гээд би нягтланд өөрөө бичиж өгсөн гэв.

Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух,  регистрийн дугаартай Харахас назар овогт Ягмус овогтой Ө нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын дагуу нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхөөс татгалзаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний бие Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байна. Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер Я.Ө гаргасан нэхэмжлэлд "... хөдөлмөрийн гэрээг харилцан зөвшилцөж. хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах зарчмыг баримтлахыг хүссэн боловч энэ боломжийг олголгүйгээр шууд тус гэрээний төсөлд гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг шаардсан тул би харилцан зөвшөлцөхийг санал болгоход хүлээж аваагүйгээс бидний хооронд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно.... гэж бичсэн үндэслэлгүй бөгөөд дараах албан бичиг, хүргүүлсэн гэрээний төсөл, санал ирүүлэх хугацаагаар нотлогдож байна.

Шинээр байгуулах хөдөлмөрийн гэрээтэй холбоотой Боловсрол, Соёл шинжпэх ухаан. спортын сайдын тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бичиг хэргийн ажилтнаар, хөдөлмөрийн гэрээний төслийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр баримт хүлээлцэх дэвтрээр хүргүүлсэн. Гэтэл уг хөдөлмөрийн гэрээний төслийг хүлээн авсан тухай гарын үсэг зуралгүй хүлээж авсан. Боловсрол, Соёл шинжлэх ухан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай" А/692 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн үндсэн чиг үүрэг, албан тушаалд тавигдах шаардлагыг баталж мөрдүүлсэн. Энэхүү тушаалын 2 дугаар заалтад ...Хавсралтдар баталсан нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэгт нийцүүлэн албан тушаалын тодорхойлолт боловсруулах, батлах, албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалд томилох, хөдөлмөрийн гэрээг байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, ажлын үр дүнг үнэлэхэд баримтлан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт даалгасуугай..." гэж үүрэг болгосоны дагуу бага, дунд ангийн хоёр сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлтыг шинэчлэн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан. Бага ангийн сургалтын менежер Я.Өд тантай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэрээний төслийг хүргүүлсэн, мөн сайдын А/692 тушаал, 2 дугаар хавсралтыг хүргүүлсэн. Та танилцсан уу?, таны ажпын байрны тодорхойлтыг шинэчлэн боловсруулж баталсан. Та хөдөлмөрийн гэрээний төсөлд санал яагаад ирүүлэхгүй байна вэ? гэж асуухад тэрээр би хуучин хөдөлмөрийн гэрээгээр хэвээр ажиллана гэсэн хариулт өгч үл хүндэтгэсэн. Хөдөлмөрийн гэрээний төсөлд харилцан зөвшилцөж, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл өрөөнд орж ирээгүй. Е.У миний бие 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар бүхий албан бичгээр хөдөлмөрийн төсөлд саналаа ирүүлэхгүй байгаа болон татгалзаж байгаа үндэслэлээ бичгээр 2020 оны 05 дугаар сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлхийг мэдэгдсэн. Энэхүү албан бичгийн хариуг бичиг хэргийн ажилтан Я.Өд хүлээлгэн өгөхөд бүтгэлийн дэвтэрт авсан тухай гарын үсэг зуралгүй авсан. Дээрх хоёр бичгийн хариуг ирүүлээгүй , удирдлагыг үл тоомсорлосон, төрийн албан хаагчийн хувьд байж боломгүй эс үйлдэхүй, тэр дундаа удирдах албан тушаалтны хувьд ёс зүйн зөрчил гаргаж, ажил хийлгэх боломжгүй болгож байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар харилцан зөвшилцөх саналыг захирал миний бие санал болгосон. Харин Я.Ө гэрээ байгуулах огт дургүй байсан.

Бага ангийн сургалтын менежер Я.Ө сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Өмнөх захирал Д.Манат нь 2019 онд бага ангийн сургалтын менежер Я.Өд ур чадварын нэмэгдлийг 5 сараас эхлэн сар бүр олгох тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхөн гаргасан ба 2019 оны санхүүгийн жил дуустал олгосон. Би Манат захирлаас 2020 оны 3 сард энэ ажлыг авсан. Энэ хугацаанд хэрэв ур чадварын нэмэгдэл олгох байсан бол өмнөх захирал олгох байсан байх. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар оаталсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд заасны дагуу шалгуур үзүүлэлт батлагдаагүй сар бүр олгох боломжгүй гэв.

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад,   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Ө нь Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалаар үндсэн цалингаас суутгасан 2020 оны 5 болон 6 дугаар сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн олгуулах, 2020 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа нягтлан бодогчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон дээрх ур чадварын нэмэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сахилгын шийтгэл оногдуулсан болон дутуу олгосон ур чадварын нэмэгдлийг олгосон цалин хөлсний зөрүүг нэмж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалаар үндсэн цалингаас суутгасан 2020 оны 5 болон 6 дугаар сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн олгуулах, 2020 оны 1, 2, 3 сарын хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сахилгын шийтгэл оногдуулсан болон дутуу олгосон ур чадварын нэмэгдлийг олгосон цалин хөлсний зөрүүг нэмж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гэж өөрчилж, тодруулсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж маргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан тул шүүх харъяаллын дагуу хүлээн авч дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалаар үндсэн цалингаас суутгасан 2020 оны 5 болон 6 дугаар сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн олгуулах шаардлагын тухайд:

Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч Е.У нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг гаргажээ. Энэхүү тушаалаар Монгол улсын бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Я.Ө үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж хуульчилсан ба хөдөлмөрийн гэрээ эсхүл хөдөлмөрийн дотоод журманд сахилгын шийтгэлийг нарийвчлан зохицуулсан байхыг шаардсан байна. Нэхэмжлэгч Я.Ө нь Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургалтын менежерээр ажилладаг ба 2017 оны 11 сарын 08-ны өдөр ажил олгогч болох Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Манаттай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хэргийн материалын 21-23р хуудас/ Энэхүү хөдөлмөрийн гэрээний Гурав дугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу ноцтой зөрчлийн талаар тусгайлан зааж талууд тохиролцож гэрээг байгуулжээ. Нэхэмжлэгч нь би ямар нэгэн зөрчил гаргаагүй, надад хувийн сонирхлоор арга хэмжээ авсан, намайг хөдөлмөрийн гэрээ байгуулахыг тулган шаардсанд гомдолтой байна гэж, хариуцагч нь Ө нь Хөдөлмөрийн гэрээний 3.7-д заас Ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа мэдэгдэж байхад намайг үл тоож гэрээ байгуулаагүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул энэхүү арга хэмжээг авах болсон гэж тус тус маргадаг.

Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 сарын 29-ны өдрийн А/692 дугаарт тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүргийг шинэчлэн баталсан ба энэ тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, батлах, албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг бодит нөхцөл байдал үүссэн байна. Үүний дагуу ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Я.Өд Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа мэдэгдсэн байна. / хэргийн материалын ... сургалтын менежер Я.Өд гэсэн мэдэгдэх хуудас 2020.05.01, тус сургуулийн 2020.05.04-ний өдрийн 33 тоот албан бичиг, 2020.05.26-ны Сонсох ажиллагаатай холбоотой санал/ Гэтэл нэхэмжлэгч Я.Ө нь өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллана гэж хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Гэсэн хэдий ч 2017 оны 11 сарын 08-ны өдөр ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.7-д Ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, тэр нь сургуулийн үйл ажиллагаанд саад учруулсан энэ талаар 3 ба түүнээс дээш удаа сануулга авсан бол сахилгын ноцтой зөрчил гэж үзнэ гэж талууд харилцан тохиролцсон ба талуудын хооронд үүссэн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, энэ талаар 3 удаа сануулсан нь тогтоогдож байгаа боловч энэ нь сургуулийн үйл ажиллагаанд хэрхэн саад учруулсан талаар нотлогдохгүй байна. Иймд Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь энэхүү тушаалын дагуу 2020 оны 5 болон 6 сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн гаргуулах тухай шаардлага гаргасан. Шүүх хуралдаан дээр шаардлагаа тодруулж сарын 186980 төгрөгийн суутгал хийгдсэн ба 2020 оны 5, 6 дугар саруудад буюу 2 сарын хугацаанд 373960 төгрөгийг суутгасан, иймд энэхүү 373960 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн. Энэ шаардлагын зарим хэсэг болох 2020 оны 5 сард суутгасан 186980 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгосон тул энэхүү тушаалын дагуу суутгасан суутгалыг олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирээгүй, өөрөөр хэлбэл хэдэн төгрөгний цалин авдаг байсан, үүнээс хэдэн төгрөгний цалин суутгасан талаархи баримт болох 2020 оны 5-р сар 2-р хагас Цалин олгох хүснэгт /хэргийн материалын 38-р талд авагдсан/ -ээс үзэхэд нэхэмжлэгч Я.Ө нь 2020 оны 5 сард 186980 төгрөгийг сахилгын шийтгэлд суутгуулсан байх ба аваагүй байна. Иймд 2020 оны 05 сард суутгасан 186980 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Харин 2020 оны 6 сард сахилгын шийтгэлд суутгасан гэх 186980 төгрөгийн талаар баримт хэрэгт ирээгүй байх тул энэ хэсгийг хангах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт сахилгын шийтгэл ногдуулсанаас дутуу олгосон цалин хөлсний зөрүүг нэмж нөхөн бичилт хийлгэхийг хүссэн ба энэ шаардлага нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болсон тул хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2020 оны 05 сард сахилгын шийтгэлд суутгуулсан 186980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байх тул үүнд ногдох Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд төлөх шимтгэлийг зохих журмаар нь бодож нөхөн бичилт хийх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр 2020 оны 1,2,3 саруудад авах байсан ур чадварын нэмэгдэл сар бүр 20 хувь буюу 1 сарын ур чадварын нэмэгдэлд 186980 төгрөг, нийт 560940 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ дутуу олгосон дээрх ур чадварын нэмэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нөхөн олгуулахыг хүссэн. Харин шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагын зарим хэсгийг багасгаж, тодруулахдаа 2020 оны 1,2,3 дугаар саруудад сар бүр 20 хувийн ур чадварын нэмэгдэл буюу сард 186980 төгрөг, нийт 560940 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон. Шүүхээс энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч нь энэхүү ур чадварын нэмэгдлийг тус сургуулийн захирлын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/52 дугаартай тушаалын дагуу тогтмол авах эрхтэй гэж үзэж тайлбарлан нэхэмжилдэг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын 2-т Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ гэж, мөн журмын 3-т ... энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно гэж заажээ. Үүнээс дүгнэхэд ур чадварын нэмэгдэл олгох нь тодорхой шалгуур үзүүлэлтийг харгалзан олгох нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн асуудалд байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2020 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа нягтлан бодогчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч Х.Бүлдиршинийг хариуцагчаар оролцуулахаас мөн татгалзсан болохыг дурьдаж байна.

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь гомдлоор үүсэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлд 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж, 186980 төгрөгт ногдох 6259 төгрөг нийт 76459 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Өд сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 05 сард
ажилтны үндсэн цалингаас суутгасан 186980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүнд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 06 сард суутгасан гэх 186980 төгрөг , 2020 оны 1,2,3 саруудад авах ур чадварын нэмэгдэл болох 560940 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 76459 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ