| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
2024 01 09 2024/ШЦТ/12
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.А*******, Б.Д,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А*******, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2315000000---- дугаартай, 163/2024/0011/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А х******* овогт Б******* А*******, Булган аймгийн С******* суманд 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 51 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн С******* сумын С*******ы овоо * дугаар баг “Эрээний өвөр” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Монгол Улсын иргэн, А овогт Б Д, Булган аймгийн С******* суманд 1978 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн С******* сумын С*******ы овоо 6 дугаар баг “Эрээний өвөр” гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:ГЗ 78020218.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.А******* нь Б.Дтай бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 1.26 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, яллагдагч Б.Дгийн эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 607.158 төгрөгийн шууд хохирол учруулсан.
Яллагдагч Б.Д нь Б.А*******тай бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 1.71 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн ***-*** БУЛ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 824.002 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А*******, Б.Д нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн С******* сумын * дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газар ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 48 ширхэг буюу 2.97 м3 нойтон шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн, Б.Дгийн эзэмшлийн **-*** БУЛ улсын дугаартай “пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 1.431.160 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 4.293.480 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч С.Л: “...Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирол тодорхой гарсан байна. Байгаль Экологид учирсан хохирлыг тухайн модны бодит хэмжээг гаргаад, гарсан мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор Байгаль хамгаалах тухай хуульд тусгасан байдаг юм аа. Дээрх хоёр иргэний модны хохирлын хэмжээг гаргасан байгаа болохоор мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлж тооцон гарна гэсэн үг. Тухайн иргэд нь мод бэлтгэх зөвшөөрөл гүй босоо мод бэлтгэн, тээвэрлэсэн нь хууль бус үйлдэл нь тодорхой байна. Буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Манай суманд байгаль хамгаалагч байхгүй. Байгаль хамгаалагч авах гэхээр орсон хүн нь төрийн албаны шалгалтад тэнцдэггүй юм. Тэгээд С******* сумын *-р багийн “Нандын ам” гэх газраас тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэхээр Баян-агт сумын байгаль хамгаалагчид 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үед хэлсэн боловч ажил ихтэй байна ажлаа дуусгаад очиж болно гэж хэлсэн. Тэгсэн дээрх хүмүүс мод бэлтгэх эрхийн бичиггүй ой руу сайн дураараа орж хууль бусаар мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учирсан хохирлыг дээрх хоёр буруутай этгээдээс нэхэмжилж байна. Манай сумын 6-р багийн иргэн Б.А*******ийн хууль бусаар бэлтгэн, тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 607,158 төгрөг, Харин Б.Давгаагийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 824,002 төгрөг гарсан байна. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Гэрч Т.Б “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 6-р багийн “Нандын ам” гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж мэдээлэл ирээд иргэдийн хурлын төлөөлөгч О, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.И, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Д, иргэдийн хурлын төлөөлөгч М нарын хамт явсан. Тухайн газарт очиход иргэд хууль бусаар босоо мод бэлтгэсэн байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2023 оны 07 дугаар сард “Нандын ам” гэх газарт ойн цэвэрлэгээний ажлаар талбайн тусгаарлалт хийгдээд иргэд мод авсан. Тэгээд бид нар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад хувиараа бичилт хийж өгөх Засаг дарга захирамж гаргаж байх үед энэ хүмүүс ой руу дураараа орж хууль бусаар бэлтгэсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/
-Гэрч С.Л "... Би одоо С******* сумын С******* овоо 6-р багийн Засаг даргаар ажиллаад 2 жил болж байна. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс манай багийн иргэд над руу утасдаад цас бороо орохоос өмнө ойн цэвэрлэгээнд гаргах боломж байна уу, анхаарал хандуулж байна уу гэж асуугаад байсан.Тэгэхээр нь би сумын засаг дарга Д.Сансар-очир гэх хүн рүү яриад иргэдээс ийм санал хүсэлт гараад байна энэ талаар шийдвэртэй хариу өгөөч гэж хэлсэн.Тэгсэн засаг дарга Д.Са нь надад одоогийн байдлаар мод бэлтгэх эрхийн бичиг бичих хүн байхгүй байна. Гэхдээ иргэдийн санал хүсэлтийн дагуу хурдан шийдэж өгье гэж хэлсэн. Гэхдээ 2023 оны 07 дугаар сард “Нандын ам” гэх газарт ойн цэвэрлэгээний ажлаар талбайн цэвэрлэгээ хийгдээд иргэд мод авсан. Тэгээд нэг хэсэг мод авахаа больчихсон байсан. Яагаад гэвэл иргэд гүү малаа бариад завгүй байсан бас байгаль хамгаалагч манай суманд байхгүй учраас бичилт хийж өгөөгүй байсан. Тэгээд бид нар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад хувиараа бичилт хийж өгөхөөр засаг дарга захирамж гаргаж байх үед энэ хүмүүс ой руу дураараа орж хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Манай багийн иргэд над руу утасдаад асуугаад байсан.Тэгэхээр нь би засаг даргаас ойрын хугацаанд Баян-Агт сумын байгаль хамгаалагчаар мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд өгөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг сонссон болохоор иргэдийг унаа тэргээ бэлэн байдалтай байгаасай гэж бодоод зар тавьчихсан юм. Би энэ талаар ямар ч иргэнд хэлээгүй. Энэ хүмүүс өөрсдөө ороод мод авсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
-Гэрч Ц.Игийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед С******* сумын төв рүү орох гээд явж байхад С******* сумын 6 дугаар багийн иргэнээс “Нандын ам” гэх газарт босоо мод унагаад байна гэсэн мэдээлэл надад өгсөн. Тэгээд би уг иргэний өгсөн мэдээллийн дагуу С******* сумын *6-р багийн “Нандын ам” гэх газарт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед очиж үзэхэд иргэд ой руу орж өвлийн түлшний мод болох босоо мод унаган бэлтгэн, тээвэрлэсэн байсан. Тэгсэн араас сумын засаг даргын орлогч Т.Б, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг дарга Н.Д, иргэдийн хурлын төлөөлөгч М, О нар араас ирж үзсэн. Тэгээд би экологийн байцаагч О.А гомдол гаргаж өгсөн. Тухайн иргэд нь мод бэлтгэх зөвшөөрөл гүй босоо мод бэлтгэн, тээвэрлэсэн нь хууль бус үйлдэл нь тодорхой байна. Манай сумын ойн сангийн нөөц нь 6 дугаар баг, 4 дүгээр баг хоёрт байдаг. Тиймээс 6 дугаар багт “Нандын ам”, Бөөрийн орой”, 4 дүгээр багт “Бүлээн д”, “Урд ар”, “Хойд номгон” гэх газруудад талбайн тусгаарлалт хийгдсэн байгаа. 6 дугаар багт “Нандын ам”эх газарт 2023 онд 390 м.куб цэвэрлэгээний ажлаар түлээ хийж, Хутаг-өндөр сумын сум дундын ойн ангиар талбайн тусгаарлалт хийлгүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
-Гэрч Ш.Дхүүгийн “...Би одоо Хутаг-өндөр сум дахь сум дундын ойн ангийн инженерээр ажиллаад 13 жил болж байна. Энэ хүмүүсийг би сайн мэдэхгүй. Гэхдээ 2023 оны 10 дугаар сард экологийн мөрдөгч Анхтөмөрийн хамт С******* суманд очиж хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн асуудлын талаар 6 дугаар багийн “Нандын ам” болон тээвэрлэсэн модонд өвөлжөөн дээр нь үзлэг хийсэн. Тэр хүмүүс л юм шиг байна. С******* сумын 6 дугаар багийн иргэд байсан.Тухайн иргэд нь мод бэлтгэх зөвшөөрөл гүй босоо мод бэлтгэн, тээвэрлэсэн нь хууль бус үйлдэл нь тодорхой байсан. С******* сумын ойн сангийн нөөц нь 6 дугаар баг, 4 дүгээр баг хоёрт байдаг. Тиймээс 6 дугаар багт “Нандын ам”, Бөөрийн орой”, 4 дүгээр багт “Бүлээн д”, “Урд ар”, Хойд номгон гэх газруудад талбайн тусгаарлалт хийгдсэн байгаа. 6 дугаар багт “Нандын ам” гэх газарт 2023 онд 390 м.куб цэвэрлэгээний ажпаар бэлтгэх түлшний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн. С******* сумын 6 дугаар багийн “Нандын ам” гэх газарт унианги ихтэй бэлтгэлээс үлдсэн үзүүр торцоов ихтэй газар учир босоо модны огтлол байхгүйгээр цэвэрлэгээний ажлаар бэлтгэх хэрэглээ болон түлшний модны талбайн тусгаарлалт хийгдсэн. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 6-8 дахь тал/,
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 11-13 дахь тал/,
-Б.А*******ийн өвөлжөөний хашаан дахь модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-16, 17-19 дэх тал/,
-Б.Дгийн өвөлжөөний хашаан дахь модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-22, 23-25 дахь тал/,
-Эд хөрөнгө /23 ширхэг шинэс мод/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
-Эд хөрөнгө /25 ширхэг шинэс мод/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
- Эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
-Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3482 дугаартай “...Булган аймгийн С******* сумын С******* овоо 6 дугаар багийн “Нандын ам” гэх газраас бэлтгэсэн моднууд Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Моднууд нь шинэс мод болох нь тогтоогдов. Шинжлэгдэж буй моднууд 25.3 хувийн чийгтэй байх тул нойтон мод байна. 25 ширхэг модыг 1 метр 60 см-ээс 1 метр 45 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 824,002 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 76-78 дахь тал/,
-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3483 дугаартай “...Булган аймгийн С******* сумын С******* овоо 6 дугаар багийн “Нандын ам” гэх газраас бэлтгэсэн моднууд Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Моднууд нь шинэс мод болох нь тогтоогдов. Шинжлэгдэж буй моднууд 25.3 хувийн чийгтэй байх тул нойтон мод байна. 23 ширхэг модыг 1 метр 63 см-ээс 1 метр 47 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 607.158 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
-“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23/10/108 дугаартай “тээврийн хэрэгсэл, хөрөө”-ний үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 101-108 дахь тал/,
-Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 16, 17 дугаартай акт /хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
-Шүүгдэгч Б.А*******ийн :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газарт саахалт айлын залуу Дгийн хамт түүний пронтертой мод бэлтгэхээр очсон. Тэгээд “Нандын ам” гэх газарт ирэхэд модны гоожин бичдэг байцаагч нь байхгүй байсан. Тэгээд оройны 8 цаг болж байсан ба Д бид хоёр мод авах газраа нэгэнт ирсэн бас дээр нь гэрт мод байхгүй нялх хүүхэдтэй гал алдах гээд байсан болохоор модоо д явъя гэж хоорондоо ярилцаад ямар ч гишүүгүй хуурай босоо мод 2 ширхгийг унагааж бэлдээд Дгийн машинд ачаад өвөлжөөндөө буулгасан. Д бас 3 ширхэг хуурай мод унагааж хөрөөдөж бэлдээд бид хоёр мөн адил Дгийн пронтер дээр ачсан. Д өвөлжөөнд чиж буулгасан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа Д бид хоёрыг хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд улсын байцаагч И сумын төв дээр дуудсан. Тэгээд Хутаг-Өндөр сумаас Анхтөмөр байцаагч ирээд машин болон мод, хөрөө зэргийг маань битүүмжилсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-137 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Дтай адилхан. Мэдүүлгээ өмнө нь өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
-Шүүгдэгч Б.Дгийн:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газарт очиж саахалт айлын хүн болох А*******ийн хамт би 3 ширхэг босоо мод, А******* 2 ширхэг босоо мод унагааж түлшиндээ хэрэглэхээр хөрөөдөж бэлдээд А******* бид хоёр өөр өөрсдийн өвөлжөөндөө миний 64-29 БУЛ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр нэг нэг удаа ачиж буулгасан. Тэгээд хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд манай сумын улсын байцаагч сумын төв дээр ирж уулз гээд дуудсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа сумын төв орж улсын байцаагч Итой уулзсан. Тэгээд мод болон тээврийн хэрэгслээ битүүмжлүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-147 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь мэдүүлэг өгсөн. Хэргээ үнэн зөв гэж үзэж байна гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь өөрсдийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаан оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч Б.А*******, Б.Д нарын Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хууль тогтоогч тогтоосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, ” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А*******, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.А*******, Б.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.431.160 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3483 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 4.293.480 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан хохирол болох 4.293.480 төгрөгийг сайн дураараа тэнцүү хэмжээгээр нөхөн төлсөн байх тул Б.А*******, Б.Д нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдлаа.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “ Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, шүүгдэгч Б.А*******, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ял шийтгэл оногдуулахын тулд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-29 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мод зэргийг улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Япон улсад үйлдвэрлэгдсэн хөрөөг улсын төсөлт шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
-Шүүгдэгч нарын өмгөөлөгч “... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Зүйлчлэл дээр маргаан байхгүй, шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо төлөөд ороод ирсэн. ...Улсын яллагчийн саналтай адил байна. Иймд хохирол төлсөн тул тэнсэж өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн С******* сумын С******* овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 152 дахь тал/, Б.А*******ийн иргэний үнэмлхийн хуулбар /хавтас хэргийн 153 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 154 дахь тал/, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хавтас хэргийн 155-156 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 158 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 159 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 160 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.А*******ийн хувийн байдлыг тодорхойлов.
Булган аймгийн С******* сумын С*******-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 161 дахь тал/, Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтас хэргийн 162 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 163 дахь тал/, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хавтас хэргийн 164-166 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 167 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 169 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 170 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 171 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А******* нь Б.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.А*******, Б.Д нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.А*******, Б.Д нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх зааснаар “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Б.А*******, Б.Д нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 48 ширхэг буюу 2.97 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн өмчлөлийн ***-*** БУЛ улсын дугаартай Пронтер загварын 1.609.850 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, Япон улсад үйлдвэрлэгдсэн “YAMAHA” маркийн 122.500 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.А*******, Б.Д нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ар х******* овогт Б******* А*******, А овогт Б Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.А*******, Б.Д нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А*******, Б.Д нарт “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.А*******, Б.Д нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 48 ширхэг буюу 2.97 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн өмчлөлийн **-** БУЛ улсын дугаартай “Пронтер” маркийн 1.609.850 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Япон улсад үйлдвэрлэгдсэн “YAMAHA” маркийн 122.500 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйл буюу 23 ширхэг, 25 ширхэг шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугааргүй тогтоол, Б.Дгийн өмчлөлийн **-** БУЛ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугааргүй тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Б.А*******, Б.Д нар нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А*******, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ