| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00827/и |
| Дугаар | 153/ШШ2020/00743 |
| Огноо | 2020-10-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00743
| 2020 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00743 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн ........ багт оршин суух, Ч овогт Д-ын А //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 153/2020/00827/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нэхэмжлэгч Д.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чойрд овогт Давгын А миний бие нь 1961 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд Дагвын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад 1971 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын найман жилийн сургуульд элсэн орж суралцаад, 1979 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд эцэг эхийнхээ туслах малчнаар гарч малчин болсон. Малчнаар ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанд татагдаад, цэргийн албаа 0129 дүгээр ангид хаагаад, 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан суманд слесарь нэртэй боловч туслах малчны ажил хийдэг байсан. Сумын төвд байх үедээ дарга нарын машинд засвар, тослогоо хийх үүрэгтэй бусад үед бүл цөөнтэй гэр бүл намын хуралдаа очиж чаддаггүй байсан тул тухайн үед бүл цөөнтэй айлд очиж малыг нь хариулж өгч намын хуралд нь явуулдаг байсан. Сарын 180,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Тэгээд 1984 онд би Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуульд сарын 450,000 төгрөгийн тогтмол цалинтай сургуулийн жолоочоор ажилласан. 1984-1987 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад 1987 оноосоо Мөнххайрхан сумын Оч нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Тэгээд миний тээвэр хийж байсан машины ашиглах хугацаа дуусаж актлагдсан тул Оч нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан. 1992 онд Оч нэгдэл Мөнх-Оргил бүрэн бус хариуцлагатай компани болоход би тус кампанид 1995 он хүртэл манаачаар ажилласан. 1995 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсонгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Аийг 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуульд жолоочоор, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд жолоочоор, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1777 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 64, мөн Оч нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 27, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаал мөн Алаг бригадын 1977-1980 он, үйлдвэр бригадын 1992 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-13 дугаар тал/
2.1986 оны 03 сарын 04-ний өдөр нээлгэсэн 143862 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 14-37 дугаар тал/
3.Ховд аймгийн Улсын бүртгэлийн газрын лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал /
4.Гэрч Д.Даваасамбуугийн ... Би 1979 оны 8 сарын 10-нд барилгын цэргийн 0166 дугаар ангид алба хааж халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад 1980-1990 он хүртэл тус нэгдэлд мужаанаар ажиллаж байсан. 1990-1993 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ХХК-д туслах ажилтанаар ажиллаж байсан. Т.А нь 1983 оны 06 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн жолоочоор ажилд орсон. 1984 он хүртэл ажиллаж байгаад Мөнххайрхан сумын сургуулийн жолоочоор үргэлжлүүлэн 1987 он хүртэл ажилласан. 1987-1990 он хүртэл Мөнххайрхан сумын Оч нэгдлийн жолоочоор ажилласан. Нэгдэл тараад Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ХХК-д сахиулаар ажилласан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/
5. Гэрч Ц.Тэрбишийн ... Би 1980-1988 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад дараа нь тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Т.А нь 1983 оны 06 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд слесиарар ажилд орж ажиллаж байгаад сургуулийн жолооч болсон. Сургуулийн жолоочоос гараад Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн жолоочоор ажилласан. Нэгдэл тараад Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ХХК-д сахиул, жолооч зэрэг ажлыг хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чойрт овогт Дагвын А //-ийг 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуульд жолоочоор, 1984 оны 05 сарын 03-ны өдрөөс 1987 оны 11 сарын 03-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд жолоочоор, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд жолоочоор, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Д.А нь 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ