Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00744

 

 

 

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00744

              Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ..........тоотод оршин суух, ....... овогт Э-ын Э //-ын  нэхэмжлэлтэй, Төрийн банк ХХК-ийн Ховд салбарт холбогдох, Зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,749,055 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  08 дугаар 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00733/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Э.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Иргэн Э.Э миний бие 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкны Ховд дахь салбараас өөрийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг Цамбагарав багийн 26 айлын орон сууцны 20 тоот орон сууцаа барьцаалан 50.000.000 /тавин сая/ төгрөгний зээл авсан билээ.

Тухайн зээлийг аваад 1 сарын дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр уг зээлийг голомт банкаас өөрийн харилцахын 111800004011 дугаарын дансанд 50 000 000 төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар буцаан төлсен. Дансны хуулга нь байж байгаа. Үндсэндээ тухайн авсан зээл болох 50 000 000 төгрөг төлсөн гэж ойлгож болно. 07 дугаар сарын 09-нээс 08 дугаар сарын 08 хүртэлх 1 сарын зээлийн хүү 1 019 178 төгрөгийг төлөөгүй дансны үлдэгдлээс 41 329 тегрөгийг банк суутгасан ба миний төлөх үлдэгдэл 977 849 төгрөг гэж үзэж байна.

Ингээд миний бие зээлээ төлж дуусгасан нэг сарын хүүгийн үлдэгдэл 977 849 төгрөг төлнө гэх ойлголттой явж байтал тус банкнаас над руу ярьж зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 7 749 055,85 төгрөгөө төл гэж шаардсан. Ингээд банкнаас лавлахад миний 2019 оны 08 сарын 14-ний өдрийн харилцахын 111800004011 тоот дансанд төлсөн зээлийн 50 000 000 төгрөгнөөс тус банк сар бүр зээл, зээлийн хүүг татан авч зээл бэлэн бусаар авч байсныг мэдсэн. Миний бие тухайн үед зээлээ төлөхдөө авсан зээл, зээлийн 1 сарын хүүгээ бүрэн төлж барагдуулсан гэх ойлголттой явсан гэдгээ тухайн банкны эдийн засагчид хэлэхэд би тэрнийг анзаараагүй зүгээр дансанд чинь бэлэн мөнгө ороод ирэхээр нь гэрээнд заасны дагуу татан авалт хийгээд явсан, шүүхдээ ханд гэж хэлсэн. Иймд миний бие банкны хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас болж зээлийн гэрээний эцсийн үлдэгдэл болох 7 749 088,85 төгрөгийг төлөх боломжгүй ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан банкны салбар байгууллага хариуцлага хүлээж иргэн намайг хохиролгүй болгоно гэж үзэж байна.Тухайн зээлийн гэрээний 2.2.5 дахь хэсэгт ...Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аас зээлийг урьдчилан төлж дуусгаж болох бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүг төлбөр гүйцэтгэсэн өдрөөр тооцно гэж заасан байна. Хэрвээ зээлдэгч миний харилцахын дансанд 50 000 000 төгрөг орсон байхад зээлдэгч надаас лавлаж тодруулж асуух боломж байсан. Банк эцсийн зорилгодоо мэдэн будилж надаас зээлийн хүүг төлүүлэх зорилготой байсан гэж миний бие үзэж байна.Одоо банкнаас зээлийн гэрээний үүргээ биелүүл гэсэн шаардлагыг дахин ирүүлж байна.

Иймд Төрийн банкны Ховд дахь салбараас тавьсан шаардлага зээлийн эцсийн үлдэгдэл болох 7 749 055,85 төгрөгийг төлүүлэхийг шаардсан шаардлагыг хүчингүй болгуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Эрдэнбаяр нь Төрийн банкны Ховд салбараас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулж зээл авсан байдаг. Авсан зээлийг ашиглаж байгаад тухайн зээлийг 1 сарын дараа буюу 2019 оны 8 сарын 14-ний өдөр өөрийн харилцах 111800004011 тоот данс руугаа хүүхдийн паркийн тоглоомын урьдчилгаа зээл төлөв гэсэн агуулгатай хийсэн байдаг. Гэтэл хариуцагч нь юу гэж тайлбар хийсэн бэ гэхээр Н.Эын дансанд мөнгө орсныг мэдээгүй гэдэг нь зээл хийсэн өдөр буюу 8 сарын 14-ний өдрөөс хойш сар бүр 2020 оны 5 сарын 9 хүртэл Н.Эын харилцах данснаас 1,590,000 төгрөг татаад байснаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдээд байгаа юм. Зээлийн гэрээний 2.2.5 дээр Зээлийн эргэн төлөлтийн хуваариас зээлийг урьдчилан төлж дуусгаж болох бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүг төлбөр гүйцэтгэсэн өдрөөр тооцно гэж заасан байгаа иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуагчийн төлөөлөгч А.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкны Ховд дахь салбараас Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг Цамбагарав багийн 26 айлын орон сууцны 20 тоот орон сууцаа барьцаалан 50.000.000 /тавин сая/ төгрөгний зээлийг 48 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй авсан. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр паркийн тоглоомын урьдчилгаа зээл төлөв гэсэн мөнгө харилцагч Н.Эын данс руу орсон байдаг. Зээл төлөв гэж хийсэн бол арай өөр утгаар хийх байсан. Мөн зээлийн эдийн засагчдаа хэлэх байсан юм. Манай банк олон харилцагчтай тэр болгон хүний данс руу ороод хараад байх боломжгүй сар бүрийн зээл автоматаар татагддаг. Манай банкны зүгээс маргахгүй. Бид хариуцлага алдсан байж болно гэж үзэж байгаа...гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 7749055 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинэжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Э нь Төрийн банкны Ховд салбараас 2019 оны 07 сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар 110000461951 дугаартай Зээлийн гэрээ байгуулан авчээ. Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна. /хэргийн материалын 8-10 дугаар хуудас/

Зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээний төлбөрт 2019 оны 08 сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг өөрийн зээл авсан тус банкны 11800004011 дугаартай дансанд ХҮҮХДИЙН ПАРКЫН ТОГЛООМЫН УРЬДЧИЛГАА ЗЭЭЛ ТӨЛӨВ үэсэн утгатайгаар хийжээ. /хэргийн материалын 6-р хуудас/ Ийнхүү зээлдэгч нь өөрийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байтал Төрийн банкны Ховд салбараас 2020 оны 06 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байна. /хэргийн материалын 13-р хуудас/ Ийнхүү зээлдэгч Э.Э өөрийн эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн байх тул шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянан шийдвэрлэв. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.5-д Зээлийн эргэн төлөлтийн хуваариас зээлийг урьдчилан төлж дуусгаж болох бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүг төлбөр гүйцэтгэсэн өдрөөр тооцно гэж талууд тохиролцсон байна. Ийнхүү талуудын тохиролцсоноор зээлдэгч Э.Э нь 50.000.000 төгрөгийг 2019 оны 08 сарын 14-ний өдөр төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлтэй холбогдуулан маргадаггүй, манай байгууллагын үйл ажиллагаанаас болж ийм доголдол үүссэнийг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарладаг болохыг дурьдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ өөрийгөө 977,849 төгрөгийн төлбөр төлөх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ба энэ талаар хариуцагч тодорхой тайлбар, хүсэлт гаргаагүй байх тул шүүх үүнд дүгнэлт өгсөнгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн төлбөрийн үлдэгдэл 7.749.055 төгрөг 85 мөнгөний төлбөрийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч улсын тэмдэгтийн хураамж нийт 139,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эт  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ОТГОНЖАРГАЛ