Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00745

 

 

 

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00745

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, Ховд аймгийн ............оршин суух О  овогт С-ийн Г / /, Ховд аймгийн .......... оршин суух Д овогт С-ийн Ц / / нарын нэхэмжлэлтэй, хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00645/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г, С.Ц нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г С.Ц бид 1995 оны 8 дугаар сард гэр бүл болсон. Гэр бүл болох үед С.Ц нь 2-13 насны 5 хүүхэдтэй байсан. Бидний дундаас хүүхэд төрөөгүй. С.Г, С.Ц бид урьд нь гэр бүлтэй байсан тул бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. 1995 оны 8 дугаар сараас одоог хүртэл Ховд аймгийн Дарви сумын 3-р баг Мөрөнд мал маллан амьдарч байна. С.Г, С.Ц биднийг 1995 оны 8 дугаар сараас одоог хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух Олход овогт Сэрээтэрийн Г нь 1995 оны 8 сараас өнөөдрийг хүртэл Соононхүүгийн Цтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох  тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. С.Г 1990 онд Жаргалсүрэн гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Боловч зан харилцаа муудаж таарч тохирохгүй байсан учраас 1994 оны сүүлчээр Жаргалсүрэн хүүхдээ аваад аймгийн төвд орж ирсэн. С.Г Ховд аймгийн Цэцэг сумандаа амьдарсан. 1994 оны сүүлээр С.Г С.Цтай гэр бүлийн харилцаатай болж тэр цагаас хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. С.Г, Жаргалсүрэн хоёр 1994 онд салж 1997 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг. С.Цгийн 5 хүүхэд  С.Гыг аав гэдэг. Иймээс  С.Гыг 1995 оноос өнөөдрийг хүртэл С.Цтай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч нарын ирүүлсэн бичгийн баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

С.Г, С.Ц нар нь 1995 оны 08 сараас одоог хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоолгохыг хүссэн хүсэлт, нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

С.Г нь Бодонч овогт Пагамын Жаргалсүрэнтэй 1991 оны 03 сарын 14-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ 1992 оны 02 сарын 06-ны өдөр бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Мөн С.Г болон П.Жаргалсүрэн нарын гэрлэлтийг Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр 1998 оны 07 сарын 08-ний өдрийн 353 дугаартай шүүхийн шийдвэрээр цуцалсан байна. Харин энэхүү гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр нь Улсын бүртгэлийн хэлтэст очоогүй, энэ талаар бүртгүүлээгүй байгаа боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр С.Г, П.Жаргалсүрэн нарын гэрлэлт цуцалсан байх тул нэхэмжлэгч С.Г, С.Цогцолмаа нарыг гэрлэлт цуцалсан өдрөөс хойш буюу 1998 оны 07 сарын 08-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоох боломжтой байна.

Мөн нэхэмжлэгч нарын хамтын амьдралтай байсан нь Үндэсний төв архивын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 03-1/4224 дугаартай Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 151-р хуудсанд өрхийн тэргүүн Соононгийн Ц эмэгтэй, Сэрээтэрийн Г эрэгтэй гэж бүртгэгдсэн бүртгэл лавлагаа, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 1/121 дугаартай албан бичиг, хамт авахуулсан фото зургууд зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж хуульчилсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 08 сараас 1998 оны 07 сарын 08-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсаныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Олохон овогт Сэрээтэрийн Г / /, Дооромбо овогт Соононхүүгийн Ц / / нарыг 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 08 сараас 1998 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсаныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ