Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Т.Нансалмаа

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Хохирогч                               А.Итгэлмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Д.Ариунтуяа

Шүүгдэгч                                 А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,мөн хуулийн  11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.У холбогдох эрүүгийн 2431000330018 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 147 тоотод түр оршин суудаг гэх, албан ёсны бүртгэлтэй хаяг Сэлэнгэ аймгийн А******* сум Бүргэдэй 1 дүгээр баг 1 дүгээр гудамж 7 тоотод оршин суух хаягтай, урд Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Ш******* овогт А******* У, регистрийн дугаар *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн А******* сум 1-р баг 64-р байрны 2-7 тоотод, 2023 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өглөөний цайны газар", 2023 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 147 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.И******* биед халдан зодсон,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг "*******" ресторанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эхнэр А.И******* биед халдан толгой хэсэгт нь гараараа цохиж, үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт тус тус хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ: ...Би буруугаа ойлгож байна. Хойшид дахин ийм алдаа гаргахгүй, архины эмчилгээнд явна гэж бодож байгаа. Би хойшид сайн аав, сайн хань байж чадна... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Итгэлмаа мэдүүлэхдээ: ... Нөхөр маань архи уухаараа намайг зодож цохисон нь үнэн. Гэхдээ миний буруутай үйлдэл буюу ааш авираас л болж маргаан үүсэж намайг цохих зодох асуудал үүсдэг. Нөхөр маань сайн хань биш юм аа гэхэд хүүхдүүдийн сайн аав байж чаддаг. Би ажил ихтэй, нөхөр бүх арыг зохицуулдаг, хүүхдүүдээ харж ханддаг. Би энэ мэдүүлгийг нөхрөөс айж, үгүй бол хэн нэгэн хүний дарамт шахалтаас болж мэдүүлж байгаа юм биш, өөрөө л мэдүүлж байна. Манай 2 дүүг бага байхад л бид хоёр гэрлэж одоог хүртэл амьдарч байна. Дүү нарт маань нөхөр хэтэрхий дотно ханддаг учир буруу зөв ааш гаргаж болох юм аа. Бид одоо хамт амьдарч байгаа, манай нөхөр надаас уучлалт гуйсан. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Нөхөрт маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөсөй гэж хүсэж байна... гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.И******* 2024 оны 01 дүгээр сарын 11-нд  өгсөн: "... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө ажилдаа би 15 цагийн үед иртэл манай нөхөр У нь ажил дээр ганцаараа стакантай архи уугаад сууж байсан. Манай нөхөр намайг ресторандаа орж ирэх үед хараад надад хандан “чи суу даа” гээд өөрийн сууж байсан ширээндээ суулгаад писда гичий гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед нь манай ресторан хүмүүс гаднаас орж ирэх гээд байсан учир нөхөртөө хандан хоёулаа вип өрөө рүү орох уу гэтэл тэгье гээд зөвшөөрсөн юм. Тэгээд нөхрийн хамт вип өрөө рүү ортол мөн л манай нөхөр надад хандан чи угаасаа явдалтай, янхан писда гэх зэргээр хэл амаар доромжлоод чанга дуугаар орилж хашхираад байхаар нь зааланд хүмүүс орж ирээд хоол захиалах гээд байна аа чимээгүй байгаа ч гэж хэлтэл тэр ямар хамаатай юм бэ? гээд үргэлжлүүлээд орилж хашхираад байсан яг тухайн үед манай төрсөн дүү Б над руу залгаж таарсан бөгөөд манай ажлын гадаа байна гэхээр нь түүнийг ороод ир гэж хэлсэн. Улмаар Б нөхөр бид 2 байсан вип өрөөнд орж ирсэн бөгөөд тухайн үед нөхөр У, Бт хандан энэ өрөөнөөс гар, зааланд хоол идээд сууж бай гэж хэлсэн. У нь вип өрөөнд орохдоо стакантай архиа аваад орсон учир түүнийгээ уусан. Ууж байхдаа мөн л орилж хашхираад намайг писда, янхнаар нь дуудаад байхаар нь түүнийг чимээгүй байгаа ч зааланд хүмүүс хоол идэж байна шүү дээ! гэж хэлтэл У миний баруун шанаа хэсэг рүү 1 алгадсан тэгэхээр нь намайг дахиад цохиж магадгүй гэж бодоод зайгаа бариад өөрийн дүү болох Бийг дуудсан. Улмаар Б орж ирсэн бөгөөд тухайн үед нь би Уаас зайгаа бариад холдсон. Тэгсэн У нь гартаа барьсан байсан утсаа над руу шидсэн бөгөөд тухайн үед нь би бултаад оногдоогүй тэгсэн Б нь миний урдуур ороод У хандан болиоч дээ яагаад байгаа юм бэ? гэж хэлтэл У өрөөнд байсан сандал бариад авсан бөгөөд түүнийг Б болиултал сандлаа газар тавиад ширээн дээр байсан ууж стакан аваад над руу шидсэн бөгөөд гэхдээ тухайн стакан нь намайг биш миний төрсөн Бийн толгой хэсгийг оносон. Б нь тухайн үед уйлаад би Бийг аргадаад байж батал У мөн адил Бт хандан ахын дүү уучлаарай би чамайг цохино гэж огт бодоогүй гэхээр нь би У хандан чи одоо болиоч ээ миний дүү рүү хүртэл юм шидлээ хоёулаа салъя гэж хэлтэл У уурлаад над руу дайраад вип өрөөний үүдний хэсэгт намайг түлхээд хананд шахаж байгаад толгой хэсэгт 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон бөгөөд тухайн үед Б, зөөгч Бүрнээ нар У надаас холдуулсан. У нь вип өрөөнөөс гараад тогооч нар болон зөөгчид хандан та өнөөдөр амар би мэдэж байна гэж орилж хашхираад стаканд архи хийгээд түүнийг уугаад вип өрөө рүү ороод стаканаа хагалсан. Тухайн үед нь манай дүү Б У хандан “ахаа хоёулаа дүү нарт хоол аваад гэр рүү чинь явъя” гэж тайвшруулсан. Тэгээд У зааланд ширээ дэрлээд унтаад өгсөн. Хоол болоод У дуудаж сэрээгээд Б, У нарыг би хүргэж өгөхөөр болоод ресторанаас гарах гэхэд У надад хандан писдаа минь машины түлхүүрээ аваад ир би өөрөө машинаа барина гээд байхаар нь юу яриад байгаа юм бэ? чамаар машин бариулахгүй чи согтуу байгаа шүү дээ! гэж хэлтэл У мөн л уурлаад рестораны үүд хэсэгт миний толгой хэсэг рүү Гараа атгаж байгаад 7-8 удаа цохиод намайг үстэж газар унагаад чирсэн бөгөөд би тухайн үед нь доош харсан байсан бөгөөд намайг үстээд чирч байхдаа баруун хөлийнхөө хоншоор хэсгээр миний ам нэг удаа өшиглөсөн. Тухайн үед манай рестораны тогооч, зөөгч, Б нар У надаас холдуулаад зааланд суулгасан. Газраас босоод иртэл миний урд талын үүдэн шүд хугарсан.

Өмнө би нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байсан бөгөөд тухайн үед 2 ч удаа манай нөхөр намайг зодохоор би цагдаа дуудаад тэрээр баривчлагдаж байсан юм. Тухайн үед манай хамаатны эгч Э эгч цагдаа дуудаж байсан. Тэгээд нөхөр баривчлагдаж байсан. Баривчлагдаж гарч ирээд манай нөхөр хэсэг зүгээр байсан. Улмаас би нөхрийн хамт 2022 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд нүүж ирсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сараас хойш Сэлэнгийн цагдаагийн газрын баруун талд байрлах өглөөний цайны газрыг ажиллуулах болсон. 2023 оны 06 дугаар сарын дундаар У гэртээ архи уугаад агсам согтуу тавиад чи цагдаа дууддаг шүү дээ одоо цагдаагаа дуудаач гээд сүрдүүлээд байхаар нь айгаад Сэлэнгэ аймаг А******* суманд байрлах аавынхаа гэрт очсон. Тэгээд аавын гэрт унтаж байтал миний нуруу хэсэг рүү 1 хүн цохихоор нь босоод хартал манай У байсан бөгөөд тэрээр миний нүүр хэсэг рүү үгийн зөрүүгүй шууд алгадсан тэгсэн цаад өрөөнөөс манай эрэгтэй дүү Э миний өрөөнд орж ирээд У холд гэтэл У, Э нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиод автал Э түүнийг зуурч аваад тэр 2 зууралдаж эхэлсэн. Тэгээд байж байтал цаад талын өрөөнөөс аав орж ирээд Э, У нарыг болиулаад салгатал У аавын гэрээс гараад орилж хашхираад машинаа шатаана үгүй бол та нарыг шатаана галын наадам үзэх үү? гээд байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нар хүрч ирээд шууд л У аваад явсан. Тухайн үед би нөхрөө гайгүй болчих байх гэж бодоод гомдол гээд нөхрөө батлан даагаад аваад явсан. Гэмтэл учраагүй.

2023 оны 08 дугаар сард цагдаагийн газрын баруун талд байрлах өглөөний цайны газар ажил дээрээ байхад манай нөхөр гаднаас согтуу ирээд намайг писдаа гэх зэргээр хэл амаар доромжлоод би үхнэ гээд дээр давхар руу өөрийг уяагаар боогоод байхаар нь би тоолгүй хаясан. Тэгсэн удалгүй дээрээс бууж намайг гал тогооны хэсэгт байхад миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод, гарын булчин хэсэг рүү 1 удаа цохиод үстэж дараад байж байтал манай тогооч Болороо бид 2-ын дундуур ороод салгасан. Тэгсэн У нь заазуур бариад өөрийнхөө амийг хорлоно гээд байхаар нь цагдаа дуудлаа шүү гэсэн чинь гараад зугтаагаад явсан. Тэгээд зугтаагаад хот яваад өгсөн байсан. Хотод байхдаа над руу залгаад танай ах чинь Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга чи ахаараа намайг дарамтлуулж байна та нарыг ална гээд сүрдүүлээд байсан. Тэгж байгаад 7 хоногийн дараа ирээд би гэрээсээ юм аа аваад явна гэж байгаад тэгээд үлдсэн. Зодуулсны улмаас толгой хавдаад гар гуяа хөхөрсөн. 2023 оны 12 дугаар сарын дундуур манай нөхөр гэртээ 3 хоног архи уусан. Архи ууж байхдаа гэртээ агсам тавиад намайг писдаа, янхан гэх зэргээр доромжлоод чи намайг цагдаад барьж өгдөг гээд байсан. Тэгээд 3 дахь өдөр нь 23 цагийн үед У нь унтаж байхад утас нь дугараад байхаар нь би утсыг нь автал эмэгтэй хүн байсан бөгөөд би тухайн хүн нь Уай яриулаад өг гэхээр нь би утсыг нь тасалсан юм. Тэгсэн дахин дахин залгаад байхаар нь тэсэл алдаад У аваачиж өгөөд өөрөө унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Намайг унтаж байхад У орж ирээд танайхан хамаатан саднаараа намайг зодсон танай дүү Э намайг зодсон, Э эгч чинь цагдаад намайг барьж өгдөг одоо цагдаа дууд эсвэл би цагдаа дуудах болно гээд цагдаа руу залгаад би өөрийгөө эрүүлжүүлэх гэсэн юм намайг ирээд аваач гээд байсан. Тэгээд миний толгой хэсэг рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохиод, гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгсэн манай 10 настай охин аавдаа хандан одоо болиоч гэж хэлтэл У больсон. Тэгээд би охины хамт гэрээсээ гараад ******* буудал хоносон. Тухайн үед том охин, дунд хүү нар байсан бөгөөд бага охин А*******т байсан. Тухайн үед би зодуулсны улмаас толгой хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б 2024 оны 01 дүгээр сарын 11-нд  өгсөн: "...  Өнөөдөр буюу 2024 оны 01-р сарын 11-ний өдөр Сүхбаатар суманд байрлах гэртээ амраад байж байх үед манай ажлын газрын дүү Итгэлмаа над руу залгаад "Аниа та хүрээд ирээч Ууганаа агсам тавиад байна" гэж хэлсэн би Итгэлмааг яриснаас хойш 60 орчим минутын дараа иртэл Ууганаа заалны ширээ дэрлээд унтаж байсан, харин би цаад галт тогоонд байгаа хүмүүстээ мэнд мэдэх зорилгоор орчихоод гараад иртэл Ууганаа эхнэр болох Итгэлмаагын үснээс нь зулгаагаад чирээд байсан тул би тэнд байсан хүмүүсийн хамтаар салгатал, Ууганаа дахин И******* нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, үүний дараагаар Итгэлмаа тухайн газраас гүйж гараад цагдаагийн байгуулгад дуудлага мэдээлэл өгсөн, удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд Ууганааг цагдаагийн машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Б.Бийн 2024 оны 01 дүгээр сарын 11-нд  өгсөн: "... Би өнөөдөр буюу 2024 оны 01-р сарын 11-ний өдөр 09:00-10:40 цагийн хооронд ОБГ-ын урд байдаг спиннинг клуб-д бэлтгэлээ хийчихээд тараад явж байтал манай эгч Итгэлмаа залгаж хаана байгаа юм бэ манай ажил дээр ороод ир гэсэн тул би ******* буудлын ресторанд яваад ортол манай хүргэн ах У, төрсөн эгч Итгэлмаа нар рестораны вип ереенд сууж байсан удалгүй эгч Бээ гээд чангаар орилоод дуудхаар нь гүйгээд ортол ах архи уучихсан байдалтай, нилээн ууртайгаар Итгэлмаа эгч рүү хандаж "чи муу пизда, янхан" гэх зэрэг муухай үг хэллэгээр харааж байгаад өөрийнхөө барьж байсан гар утас болон стаканыг Итгэлмаа эгч рүү шидчихсэн, гэхдээ Итгэлмаа эгч доошоо суугаад бултсан тул оноогүй, харин сүүлд шидсэн стакан нь миний толгой хэсэгт оночихсон, Итгэлмаа эгч Ууганаа ах руу хандаж чи одоо бүр манай дүүд халдлаа, би чамаас сална гэж хэлтэл Ууганаа ах Итгэлмаа эгчийг сууж байсан сандал дээр нь дарж байгаад 5-6 удаа баруун гараа атгалттайгаар толгойн хэсэгт нь цохисон, харин би ганцаараа салгаж дийлэхгүй байсан тул зөөгч залууг дуудаад тухайн зодооныг салгаад ахыг тэр өрөөнөөс аваад гартал ах заалны ширээн дээр суугаад унтчихсан байсан, удалгүй би Ууганаа ахыг сэрээгээд хамт гэр рүүгээ харья гэж хэлтэл за гэж босоод ресторанаас гарах замдаа Итгэлмаа эгчтэй дахин маргаан үүсгэж дахин Итгэлмаа эгчийн толгой хэсэг рүү баруун гараа атгаж байгаад маш олон удаа цохисон би хамт байсан хүмүүсийн хамт нилээдгүй удаан зууралдаж салгатал дахин У ах дахин Итгэлмаа эгчийн үснээс зулгааж газарт унагаад 2 метр орчим чирж баруун хөлөөрөө нүүрэн хэсэгт нь 1 удаа өшиглөтөл Итгэлмаа гарж гүйгээд цагдаагийн байгуулгад дуудлага мэдээлэл өгсөн байсан, удалгүй 2 цагдаагийн алба хаагч нар орж ирээд У ахыг аваад явсан.

Ийм асуудал олон удаа болж байна, миний санаж байгаагаар 2023 оны 01-р сард би бэлтгэлээ хийж дуусчихаад аниагийн гэрт очих үед хүргэн ах согтуугаар эгчтэй маргалдаж хэрүүл хийгээд байсан тул Итгэлмаа эгч А******* сум руу 3 хүүхдээ надтай цуг аваад явсан, тухайн өдрийн шөнө буюу 01:00 цагийн орчимд Хүргэн ах У орж ирээд эгчийг зодоод байсан тул би, аав, ах нарын хамт салгаад Ууганаа ахыг гэрээс гаргатал, хэсэг хугацааны дараа дахин орж ирээд та нар галын наадам үзэх үү? Би галын наадам хийж машиныг чинь шатаана гэх зэргээр хараагаад байсан тул цагдаа дуудлаа гэхэд зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 13-21 дүгээр хуудас/,

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн “...1. А.И******* биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, уруул зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна ...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 69-76 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/

Урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-113 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн А******* сум 1-р баг 64-р байрны 2-7 тоотод, 2023 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өглөөний цайны газар", 2023 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 147 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.И******* биед халдан зодсон,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг "*******" ресторанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эхнэр А.И******* биед халдан толгой хэсэгт нь гараараа цохиж, үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааныд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн өгсөн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.И******* 2024 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б 2024 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Б.Бийн 2024 оны 01 дүгээр сарын 11-нд  өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 13-21 дүгээр хуудас/,

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн “...1. А.И******* биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, уруул зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна ...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч А.Уын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч А.У нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч А.Итгэлмаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”,

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч А.У гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч А.У эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэргүүдийн ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч А.У нь удаа дараа хохирогч А.Итгэлмааг зодож хүчирхийлэл үйлдсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтас хэрэгт мэдүүлэхдээ ... . Гэхдээ миний буруутай үйлдэл буюу ааш авираас л болж маргаан үүсэж намайг цохих зодох асуудал үүсдэг. Нөхөр маань сайн хань биш юм аа гэхэд хүүхдүүдийн сайн аав байж чаддаг. Би ажил ихтэй, нөхөр бүх арыг зохицуулдаг, хүүхдүүдээ харж ханддаг. Би энэ мэдүүлгийг нөхрөөс айж, үгүй бол хэн нэгэн хүний дарамт шахалтаас болж мэдүүлж байгаа юм биш, өөрөө л мэдүүлж байна.Нөхөрт маань хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлгийг мөн харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус  тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.У нь архийг зохисгүй хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх буюу гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д ...согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах эрхтэй гэж хуульчлан заасан байх тул шүүгдэгч А.У согтуурулах ундаа хэрэглэхийг хориглож 1 жилийн хугацаагаар хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д зааснаар шүүгдэгч А.У шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын  дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.У нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах, мөн оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, А.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.У нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс  02 дугаар сарын 05-ныг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй болохыг дурдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт А******* Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.   

 

3. Шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч А.У согтуурулах ундаа хэрэглэхийг хориглож 1 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д зааснаар шүүгдэгч А.У шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг  зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.У нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

7. Шүүгдэгч А.У оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, А.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч А.У нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ныг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

 

9. Шүүгдэгч А.Уын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ