Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00746

 

 

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00746

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, Ховд аймгийн ............. оршин суух Өөлд овогт Жамиадайн Б //-ийн нэхэмжлэлтэй, улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг С. Жамиадайн нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00723/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ж.Б, прокурор Э.У нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөлд Жамиадайн Б миний бие нь 1958 оны 04 сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд Баянсай Бөөрөг нуур гэх газарт малчин ард Санж овогтой Жамиадайн ганц хүүхэд болон мэндэлсэн.

Миний аав С.Жамиадай нь цөөвтөр малтай, тарни ном мэддэг, өвдсөн зовсон хүмүүст тусалдаг, тууль хайлдаг, домч хүн байсан. Мөн анчин хүн байсан юм. Миний ээжийг Норовын Енджав гэдэг Миний аав С.Жамиадай нь Ховд аймгийн шүүхийн 1954 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 жил, 137 дугаар зүйлд зааснаар 6 жил, 47 дугаар зүйлийг журамлан 10 жил хорьж, хувьд оногдох хөрөнгө болон барьцанд авсан зүйлийг хураахаар шийтгэсэн байдаг. Монгол улсын Дээд шүүхийн 2001 оны 05 сарын 17-ны өдрийн 198 дугаар Тогтоолоор С.Жамайдад холбогдох хэрэг нь улс төрийн хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр Ж.Б намайг С.Жамиадайн төрсөн ганц хүүхэд мөн гэж дүгнэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсэн аав С.Жамиадайн нөхөн олговор болох 1 сая төгрөгийг ганц хүү болох Ж.Б надад олгохоор шийдвэрлэсэн. Зууны мэдээ сонины 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 126 (6351) дугаарт 1 дүгээр нүүрт Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт-ын 15-д Ховд Жамиадайн Б Жамайдай Санжийн. Ховд.Хүүхэд.40 сая гэж нийтэд мэдээлсэн. Үндэсний төв архиваас гаргасан лавлагаагаар 1944 оны оны хүн амын тооллогоор Санжийн Жамайдаа эрэгтэй. 31 настай. Эхнэр Норовын Енджав 26 настай. Эх Шилдэнгийн Чийж 55 настай, дүү Санжийн Хартолгой эрэгтэй, 23 настай, охин Санжийн Шархүү 16 настай гэж бүртгэгджээ. Тэр үед би төрөөгүй байсан бөгөөд манай аав ээж 2 аавын ээж Ш.Чийж, дүү С.Хартолгой, С.Шархүү нарын хамт нэг өрх болон амьдарч байсан байдаг. Миний аав С.Жамиадай нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний улмаас манай мал хөрөнгө орон гэр бүх зүйлийг битүүмжилж улс хурааж авсан. Миний ээж бид 2 аав ээжийн ах дүүг бараадан өөрийн гэсэн орон гэр мал хөрөнгөгүй чадан ядан амь зогоож хүнд хэцүү амьдралыг туулсан. Би сумандаа 7 дугаар анги төгсөөд цааш суралцах гэсэн боловч улс төрийн хэрэгтний хүүхэд гэдэг үндэслэлээр намайг дэвшүүлэн суралцуулаагүй. Миний аав С.Жамиадай нь ял эдэлж шоронгоос суллагдаж гарч ирэхдээ элэг уушигны хүнд өвчтэй болж гарч ирсэн бөгөөд байнгын эмчилгээтэй байж байгаад элэгний хорт хавдраар нас барсан. Миний ээж Н.Енджав нь 1996 онд нас барсан. Миний аавын нэрийг тухайн үед Жамайдай гэж бичдэг байсан бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд ч С.Жамайдай гэдэг нэрээр гарсан. Монгол улс орон даяар Иргэний паспортыг шинэчилж Цахим үнэмлэхжүүлэхэд миний овгийг Иргэний бүртгэлийн ажилтнууд Монгол бичгийн шинэчилсэн зөв бичгийн дүрмээр бичих ёстой гэсэн тайлбарыг хэлж Миний овгийг Жамиадай болгож цахим үнэмлэхэнд бичсэн. Зууны мэдээ сонин. дээр мөн Жамиадайн Б. Жамайдай Санжийн гэж бичигдсэн байгаа. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Санж овогтой Жамайдайн нөхөн олговорт олгох 40 000 000 төгрөгийг С.Жамайдайн төрсөн ганц хүү Өөлд овоггт Жамиадайн Б /ПЙ58042470/ надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...гэв

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь цагаатгалын нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг цугларсан бичгийн баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, прокурорын дүгнэлт зэрэг дарах баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Монгол Улсын дээд шүүхийн 2001 оны 05 сарын 17-ны өдрийн 198 дугаартай тогтоол

2.    Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 сарын 20-ны өдрийн 180 дугаартай шүүхийн шийдвэр

3.    Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 05/7207 дугаартай архивын лавлагаа

4.    Үндэсний төв архивын 2018 оны 12 сарын 14-ны өдрийн 03-6/6252 дугаартай лавлагаа,

5.    Үндэсний төвархивын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 03-8/729 дугаартай лавлагаа

6.    2020 оны 06 сарын 30-ны өдрийн №126 дугаартай Зууны мэдээ сонин зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Өөлд овогт Жамиадайн Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Өөлд овогт Жамиадайн Б /ПЙ58042470/- -д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.ОТГОНЖАРГАЛ