Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

 

 

                                 2024/ШЦТ/35

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: А.А     

Шүүгдэгч: Р.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Рийн Гт холбогдох эрүүгийн 2412.............. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .............. аймгийн ...............сумын ................ баг ................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Рийн Г /РД:.................../  

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                                                                                                                         Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох

баримтуудаар Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн Улаан буга гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.7м-ийн урттай 30 ширхэг шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 628.040 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.     

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                                                                                                                                       Шүүгдэгч Р.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн

Чулуут сумын Халуун ус багийн Улаан буга гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.7 метр хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 628,040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Э.Аын өгсөн:“......” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/, гэрч Ч.Гийн өгсөн: “...Би Архангай аймгийн Чулуут сумын засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай одоо 19 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-ны хооронд бэлтгэх, 30-наас 31-ний хооронд тээвэрлэх хугацааг нь бичиж өгсөн. Би амаар зааварчилгаа өгсөн. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй, Уг газарт мод бэлтгэж болохгүй. Уг газрын Улаан чулуу гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,  гэрч Т.Уын өгсөн: “... Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн Р.Гыг шалгахад эрхийн бичиг нь хугацаа дууссан 08 дугаар сарын 29-ний эрхийн бичиг үзүүлж эргэлзээтэй байсан болохоор шалгуулахаар саатуулсан. Тэгээд Р.Г надад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр саатуулсан модны эрхийн бичиг байгаль хамгаалагч Б.Моос нөхөж авсан модоо авъя гээд өгсөн. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг хугацаа дууссан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бичүүлсэн байгаль хамгаалагч Ч.Гээс авсан эрхийн бичиг үзүүлсэн дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгаль хамгаалагч Б.Моос саатуулсан модондоо нөхөж авсан гээд эрхийн бичиг өгөөд саатуулсан модоо авъя гэсэн. Унанги хуурай мод бэлтгэсэн байсан.  Иргэн Р.Г мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Тухайн үед тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл 70-37 УЕО улсын дугаартай Портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/, гэрч Б.Мын өгсөн:... Иргэний хүсэлтийн дагуу мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Надад галын түлээний модонд явах гэсэн юм гэж хэлсэн. Тэрнээс цагдаад баригдчихлаа мод бэлтгэх эрхийн бичиг бичээд өгөөч гэж надад хэлсэн зүйл байхгүй. Хэрэв тэгж хэлсэн бол би мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/, яллагдагч Р.Гын өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/, яллагдагч Р.Гын дахин  өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн дүү болох И гэдэг хүний нэр дээр байдаг. Тухайн хүний машин байгаа юм. Би дүүгээ 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос идэшээ идэх гээд ирэхэд нь машинаар тухайн модыг бэлтгэж тээвэрлэж явж байгаад цагдаад саатуулагдсан. Манай дүү Улаанбаатар хот руу буцах гээд машинаа аваад явсан. 11 дүгээр сард манай дүү Австрали улс руу явсан. Одоо тээврийн хэрэгсэл нь хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/,

 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-13, 33-41 дүгээр тал/

*Архангай аймгийн Ихтамир сум дахь Сум дундын ойн ангийн ашиглалт хариуцсан инженер А.Чын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай”...Иргэн Р.Гын бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод байна. Уг мод нь 1.5 метрийн урттай баг шинэс төрлийн түлээ /хуурай/ мод байна. Нийт тоо ширхэг 30, нийт шоометр 1.7 м3 шоометр модыг бэлтгэжээ.  1.7 м3 шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн Хоёрдугаар муж /шинэс нойтон мод/ шууд үр ашгийн 161 892 төгрөг, шууд бус үр ашгийн 207 544 төгрөг, нийт 369 436 төгрөг, мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж. Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 628040 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,

*Дамно ХХК-ийн АЦ-23-233 дугаартай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 4.920.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 54-62 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/

*Р.Гын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 100-108 дугаар тал/,

*Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 117-118 дугаар тал/,

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Гыг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Р.Гыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 628.040 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.  

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /628.040*3=1.884.120 /нэг сая найман зуун наян дөрөв мянга нэг зуун хорь/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.884.120 /нэг сая найман зуун наян дөрөв мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Р.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Гыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Р.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  70-37 УБО улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Б овогт Рийн Иын эзэмшлийнх болох нь Р.Гын яллагдагчаар өгсөн:“... Тухайн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн дүү болох И гэдэг хүний нэр дээр байдаг. Тухайн хүний машин байгаа юм...” гэх мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Гоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70-37 УБО улсын дугаартай Хюьндай Портер маркийн автомашины үнэ болох 4.650.000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.884.120 /нэг сая найман зуун наян дөрөв мянга нэг зуун хорь / төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.765.880 /хоёр сая долоон зуун жаран таван мянга найман зуун ная/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 268.040 /хоёр зуун жаран найман мянга дөч/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.7 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Р.Гт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, гэмт хэргийн шинж, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овгийн Рийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Р.Гоос  1.884.120 /нэг сая найман зуун наян дөрөв мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70-37 УБО улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Б овогт Рийн И /РД:............../-ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шүүгдэгч Р.Гоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70-37 УБО улсын дугаартай Хюьндай Портер маркийн автомашины үнэ болох 4.650.000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.884.120 /нэг сая найман зуун наян дөрөв мянга нэг зуун хорь / төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.765.880 /хоёр сая долоон зуун жаран таван мянга найман зуун ная/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 268.040 /хоёр зуун жаран найман мянга дөч/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.7 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

  

7. Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР