| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00314/и |
| Дугаар | 153/ШШ2020/00748 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2020/00748
| 2020 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00748 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Мега ******* ******* *******йн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн .......... оршин суух Хошууд овогт Равжаагийн Б холбогдох, Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 94.854.430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Мега ******* ******* ХХК-н гүйцэтгэх захирал Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Равжаа овогтой Б нь 2014 оны 06-р сарын 09-ны өдөр Ховд Булган сумын төвд шатрын ордон барих дугаар 04 тоот барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг Мега Гоулден Тайр ХХК-тай байгуулан өөрийн компанийхаа дансаар 65.000.000 /жаран таван сая/ төгрөг, бэлнээр 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянган/ төгрөг, жолооч Х.Батцагаанаар дамжуулан 735.000 долоон зуун гучин таван мянган/ төгрөг нийт 78.535.000 /далан найман сая таван зуун гучин таван мянган/ төгрөг авсан байна. Гэрээгээр дүгнээгүй, гэрээний хугацаандаа ажлаа хийлгүй алга болсон. Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст мэхэлж залилсан гэх гомдолоор гомдол гаргасан боловч өршөөлийн зарлигаар уг үйлдэл холбогдлыг прокурор хэрэгсэхгүй болгосон.Иймд Равжаа овогтой Б гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүйгээс учирсан хохирол 11.302.440 /Ховд аймгийн прокурорын газарт 'Мега ******* ******* *******д нөхөн төлж өгөх хүсэлтийг өөрөө бичгээр гаргасан/- Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26 сар бөгөөд сард 250.000 төгрөгөөр цалинжуулдаг байсан ба нийт 6.500.000 төгрөг,-Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сар х 200.000 = 600.000 төгрөг, -Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар х 100.000= 1.000.000 төгрөг,-Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 16сар х 100.000 = 1.600.000 төгрөг, -Р.Б нь ажлаа хаяад явлаа гэсэн дуудлагаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган суманд ирсэн болон буцсан шатахууны зардал 1.367.230 төгрөг,-Р.Бтэй утсаар ярьж Булган суманд уулзахаар тохиролцож Булган суманд ирсэн бензиний зардал 1.487.300 төгрөг,-Р.Бтэй холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргахаар Ховд аймагт 2017 оны 06 дугаар сард ирсэн онгоцны зардал 324.900 төгрөг,- Холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргах хугацаанд Ховд аймагт зочид буудалд байрласан зардал 240.000 төгрөгний зардал гарсан бөгөөд нийт 24.421.960 төгрөгний хохиролыг гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байна. Равжаагийн Бгээс 24.421.960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 оны 4 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хэсгэсэн ба ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч миний бие хариуцагч Р.Бгээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.421.960 төгрөгийг гаргуулах тухай Иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд: Хариуцагч Р.Б Шатрын ордны барилга бариулахаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийж түүнд итгэж урьдчилгаа 2014.06.11-нд 30.000.000 төгрөг, 2014.06.25-нд 35.000.000 төгрөг, 2014.06.07-нд 12.800.000 төгрөг, 2014.07.16-нд 735.000 төгрөг нийт 78.535.000 төгрөгийг Андзол ХХК-ны Төрийн банкны 11000027558 тоот дансанд шилжүүлсэн ба үүнээс Ховд Булган суманд Шатрын ордны хашаанд буусан материал тооцоо 27.500.000 төгрөгийг баримтын хэмжээнд хасаж урьдах нэхэмжлэл дээрээ 37.915.480 төгрөгийг нэмж нийт 62.337.440 төгрөгийг хариуцагч Р.Бгээс гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2020 оны 09 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нэмэгдүүлсэн шаардлагатаа: Хариуцагч Р.Бгээс 62.337.440 төгрөг нэхэмжилсэн ба цаашид Шатрын ордны барилгын материалын үлдэгдлийг Мега Гоулден Тайр ХХК хариуцахгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчиж оргон зайлж хариуцлагагүй ажилласан Р.Б хариуцах ёстой. Одоо болтол манаач цалинжуулж ажиллуулсан хохирол төлбөр болон бусад бүх зардлыг Р.Бгээс төлүүлэх бүрэн үндэслэлтэй. Манай компани Р.Бгийн хариуцлагагүй үйлдлээс болж цаг хугацаа, эдийн засгийн асар их хохирол төлбөрт орж хохирч байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нийт 94.854.430 төгрөгийг Р.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Б гэдэг хүнд залилуулаад 5-6 жил болж байна. Анх 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж эхэлсэн цагаас л энэ хүн бид нарыг хууран мэхэлсэн байдаг. Анд зол ХХК-ийн захирал Р.Б гэж байгуулсан боловч захирал нь Сүрэн гэдэг хүн гарч ирсэн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. ... 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Р.Б алга болоод ирэхгүй байна гэхээр нь утсаар ярьсан боловч холбогдоогүй. Бид Ховд аймгийн төвд ирээд Р.Бтэй утсаар ярьж ажлаа яагаад хийхгүй байна уулзъя гэхэд та нар Булган сум явж бай би араас чинь гарлаа гэж хэлсэн. ...14,000,000 төгрөгийн материал үлдсэн байна гэж байгаа. Үлдсэн материалыг би Р.Бг өөрөө ав гэж хэлсэн. Надад үүнийг хариуцах үүрэг байхгүй. Энэ хүн өөрөө юмаа хаячихаад явсан. Би тэр материалуудыг нь хаялтай биш манаачаар мануулсан. Би өгсөн мөнгө болон зайлшгүй гарсан зардлаа нэмж авна. Олон жил энэ хүний хойноос цаг хугацаа заваа алдаж эрэн сурвалжлуулж, эрж хайж явсан. Р.Б анхнаасаа гэрээгээр халхавч хийж залилан хийж байсан хүн юм байна лээ. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэл болох 94,854,430 төгрөгийг хариуцагч Р.Бгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мега ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.421.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг хариуцагч Р.Б би гардаж авч дараах тайлбараа гаргаж байна. Нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн харъяалал зөрчин нэхэмжлэл гаргасан байна. Хошууд овогт Равжаагийн Б миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 6-р баг Жаргалан 2/80 айлын орон сууцны 6 тоотод оршин суудаг. Миний бие Ховд аймаг үйл ажиллагаагаа явуулдаг Андзол ХХК- ийг төлөөлөн Мегө ******* ******* ХХК-тай 2014 оны 06-р сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган сумын төвд шатрын ордон барих 04 дугаартай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж барилгын ажлын норм стандартын дагуу суурь, газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн байтал намайг санхүүжилтээр осон мөнгийг хувьдаа идэж ашигласан гэж Ховд аймгийн Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж хичнээн төгрөгийн зөрүү гарсан болохыг нотлох баримтаар тогтоосон. Уг хэрэг нь Ховд аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж байгаа. Гүйцэтгэгч биднийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ажлыг зогсоож цагдаагийн байгууллагад шалгуулж ажил тасалдуулж гэрээний үүргээ биелүүлээгүй захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бид хариуцахгүй. Нэхэмжлэлийн хариуг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл нь иргэний хэрэг зөрчиж шүүхийн харъяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул Тргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасны дагуу Мега ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын 6-р баг Жаргалан 2/80 айлын орон сууцны 6 тоотод оршин суух Р.Б надад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ховд аймгийн Булган суманд шатрын ордны барилгыг гүйцэтгэх гэрээнд Анд зол ХХК-ийг төлөөлж Р.Б инженерээр оролцсон. Анд зол ХХК болон Мега голде ******* ХХК хоёрын хооронд гэрээ байгуулан оролцсон. Өнөөдөр шүүх хуралдаанд Г.Эрдэнэцэцэг гэдэг хүн ямар нэгэн итгэмжлэлгүйгээр орж ирээд байгаа нь хуульд нийцэхгүй байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад яваад байгаа гэж үзэж байна. Г.Эрдэнэцэцэг гэдэг хүн Мега ******* ******* ХХК-ийг төлөөлөх албан тушаалтан гэдгээ батлаагүй. Гэрээ байгуулахад Мега ******* ******* ХХК-ийн захирал Гансүх, Андзол ХХК-ийн инженер Р.Б гэж бичсэн байгаа. Андзол ХХК-ийг төлөөлж инженер Р.Б гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Мега ******* ******* ХХК-ийг төлөөлж Гансүх гэдэг хүн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэгчээр оролцож байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг Г.Эрдэнэцэцэг гэдэг хүн гаргаад байгаа. Энэ нь хуулинд заасан нэхэмжлэх эрхгүй этгээд байгаа. 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган суманд баригдах шатрын ордныг барьж гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулаад 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр Р.Бг шалгуулах тухай гомдлыг Цагдаагийн газарт гаргасан. Гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр багтааж дуусгаж ашиглалтад оруулна гэсэн байгаа. Гэрээгээ дүгнэхгүйгээр 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цагдаад өргөдөл гаргаж Р.Бг шалгуулсан. Гэрээг дүгнээгүй учраас гэрээний үүрэг биелэгдсэн эсэх нь тодорхойгүй. Барилгын ажлын гүйцэтгэл хийгдэж дуусаагүй байхад цагдаад өгч шалгуулсан нь барилгын ажлыг цааш гүйцэтгэх боломжийг хаасан. Р.Б 2016 оны 9 сарыг хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдсан. Ингэж шалгагдаж байх хугацаанд барилгын гүйцэтгэл зогссон. Өнөөдөр барилгад оруулсан мөнгийг нэхэмжилж байна гэдэг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаас өмнө гэрээгээ дүгнээд гэрээний гүйцэтгэл дээр асуудлаа яриад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, хэдэн төгрөгийг барилгын гүйцэтгэл рүү хийсэн байна гэдэг асуудлаа ярьж асуудалд хандсан бол аль аль байгууллага нь өнөөдрийг хүртэл хохирохгүй байсан. Р.Б Г.Эрдэнэцэцэгээс 65,000,000 төгрөгийг аваад барилгын суурь, карказыг цутгаад орхисон байж байгаа. Ховд аймгийн Булган сумын төвд дутуу баригдсан барилга байгаа. Тухайн барилгад энэ хөрөнгө оруулалт ороод дуусчихсан гэдгийг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Гэрээгээ дүгнээд газар дээр нь очиж үзээд ямар үйл ажиллагаа явагдсан, ямар гүйцэтгэл хийгдсэн, гүйцэтгүүлж хийлгэхгүй гэвэл хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг дүгнэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад, ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Мега ******* ******* ХХК нь иргэн Р.Б холбогдуулан 94.854.430 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргана.
Нэхэмжлэгч Мега ******* ******* ХХК нь 2009 оны 09 сарын 08-ны өдрийн 9011206077 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй ба энэхүү гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 5 дугаарт Галсанжав овогтой Эрдэнэцэцэгийг гүйцэтгэх захиралаар томилсоныг 2009 оны 09 сарын 08-ний өдөр бүртгэсэн бүртгэл бүхий гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэлийг Мега ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Г.Эрдэнэцэцэг байх тул нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна. / 1-р хавтасны 151-р хуудас/
Нэхэмжлэгч Мега ******* ******* ХХК болон Андзол ХХК хоёрын хооронд 2014 оны 06 сарын 09-ны өдрийн 04 дугаартай Ховд аймгийн Булган суманд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Энэ нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Энэхүү гэрээг нэг талаас захиалагч буюу Мега ******* ******* ХХК-г төлөөлж Д.Гансүх, Гантөмөр нар, гүйцэтгэгчийг төлөөлж Андзол ХХК-ийн инженер Р.Б нар гарын үсэг зурж байгуулжээ. /1-р хавтаст хэргийн 25-26-р тал канондсан хувь/ Энэхүү гэрээгээр талууд уг ажлыг 270.000.000 төгрөгөөр, 2014.06.09-ны өдрөөс 2014.08.25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж иргэн Р.Бгээс 94.854.430 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Андзол ХХК-ийн дансаар Р.Б шилжин орсон дүн 78.535.000 төгрөг, барилгын суурь цутгаж байгаад үлдсэн барилгын материалыг одоо хүртэл сахиж байгаа манаачийн цалин 12.900.000 төгрөг, Р.Б ажлаа хаяад алга болоход бидний ирж очсон бензин, онгоц, зочид буудлын зардал 3.419.430 төгрөг нийт 94.854.430 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь хариуцагчаа нэрлэн зааж дурьдахдаа иргэн Р.Б гэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тайлбарлаж нэхэмжлэлийг гаргаж, мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч Мега ******* ******* ХХК нь захиалагч, Андзол ХХК нь ажил гүйцэтгэгч байжээ. Өөрөөр хэлбэл дээрх хоёр хуулийн этгээд нь энэхүү гэрээний хоёр тал байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролыг иргэн Р.Бгээс биш Андзол ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна.
Мөн энэхүү гэрээг Андзол ХХК-ийг төлөөлж Р.Б байгуулсан, мөн нэхэмжлэгч нь 30.000.000 төгрөгийг 2014 оны 06 сарын 11-ний өдөр, 35.000.000 төгрөгийг 2014 оны 06 сарын 25-ний өдөр Андзол ХХК-ийн Төрийн банкны 110000275586 тоот дансанд, Хавчаагийн Батцагааны Хаан банкин дахь 5019116191 тоот дансанд 2014.07.16-ны өдөр 735.000 төгрөгийг, 2014.07.07-ний өдөр 12.800.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /1р хавтаст хэргийн 153-154р тал/ Үүнээс үзэхэд анхны ажил гүйцэтгэх гэрээг Мега ******* ******* ХХК болон Андзол ХХК хоёр байгуулсан, мөн 30.000.000 төгрөг, 35.000.000 төгрөгийг Андзол ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. Дээрх үйл баримтаас дүгнэхэд гэрээний талууд Мега ******* ******* ХХК болон Андзол ХХК гэсэн хуулийн этгээдүүд байна. Харин Р.Б нь Андзол ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан болохоос гэрээний үүргийн биелэлт болон Андзол ХХК-г төлөөлөхгүй юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ 2014 оны 06 сарын 11-ний өдрийн гэрээтэй холбон тайлбарлаж байх боловч хэрэгт энэхүү гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь , хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх-өөр тус тус хуульчилсантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй Андзол ХХК-ийн дансаар Р.Б шилжин орсон дүн 78.535.000 төгрөг, барилгын суурь цутгаж байгаад үлдсэн барилгын материалыг одоо хүртэл сахиж байгаа манаачийн цалин 12.900.000 төгрөг, Р.Б ажлаа хаяад алга болоход бидний ирж очсон бензин, онгоц, зочид буудлын зардал 3.419.430 төгрөг нийт 94.854.430 төгрөгийг бүгдийг нь гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжилж байх тул мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэлэлээ.
Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч нь би өөрийн өгсөн бүх мөнгөө буцааж авна, үлдсэн бараа материал, хийлгэсэн ажлыг би хариуцахгүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өгсөн, авсанаа буцааж авах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж тайлбарладаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол уу, эсхүл гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдуулж учирсан хохирлоо нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байгааг дурьдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж хуульчилсан байгааг нэхэмжлэгч тал анхаарах нь зүйтэй байна.
Шинжээчдийн багаас шинжээчдийн зардалд 790000 төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлсэн байх ба энэхүү нэхэмжлэх дээр хэнд, ямар дансанд олгох нь тодорхойгүй байх тул энэ зардлыг шийдвэрлээгүй жич нэхэмжлэх боломжтойг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Мега ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Р.Б холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 94.854.430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 948.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ