Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

                                                                 Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга         Б.Номин

Гэрч                                       Ц.Цэндсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч        М.Гансүх

Шүүгдэгч                                  Ш.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Шинэбаярын Хосбаярт холбогдох эрүүгийн 2331001680168 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, геологич, Төмөр замын ашиглалт мэргэжилтэй, Сүхбаатар депод туслах машинч ажилтай, ам бүл 3, эхнэр, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэг 007 тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаяр, Регистрийн дугаар: МЭ91102118,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Хосбаяр нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Замбала" хүнсний дэлгүүрийн хажуу талд Д.Батболдтой уулзаж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү хэсгийг гараараа боож улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн няцралт бүхий хүний эрүүл мэндэд эдийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Хосбаяр мэдүүлэхдээ: ...Хамт ажилладаг Д.Батболд нь 2022 оны 6 дугаар сарын 09-нд 10 сая төгрөг, удаагүй дахин 5 сая төгрөг 3 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлийн хугацаа болсон боловч мөнгийг өгөхгүй гуйлгаж байж зээлсэн 15 сая төгрөгөө өгөөд хүүг нь өгөөгүй юм. Би  мөнгөнийхөө хүүг авъя гэж удаа дараа хэлж ярьж, гуйсан гэтэл шинэ жилээр өгнө, цагаан сараар өгнө, наадмаар өгнө гэсээр байгаад хугацаа алдсан. Үүнээс болж бид хоёр 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр маргаж ажлын газрын чатаар бие биенээ хатуу үг хэлж муудсан нь үнэн. Гэтэл Батболд нь Зүүнхараагаас Сэлэнгэ хүртэл явах хугацаандаа чат бичиж намайг элдвээр хэлж, завсаргүй залгаж үг хэлээр дарамтлаж чам шиг муу бацааныг ална, өглөө уулзая, очоод уулзана, эхнэрийн чинь бичлэгийг тараана гэх мэтээр хэлж 10 цагийн үед уулзая гэж хэлэхээр нь эхнэрийн ямар бичлэг байгаа асууя гэж бодоод очсон. Гэтэл Замбаалай дэлгүүрийн тэнд машинаасаа бууж тоосго бариад ирсэн. Бид хоёр барилцаж аваад  ноцолдож зууралдсан. Би Батболдыг тоосго барьж надруу дайрахаар нь өөрийгөө хамгаалж Батбаяртай зууралдаж ноцолдсон, сүүлдээ зугтаасан. Би Батболдыг цохиж зодоогүй, аргагүй байдалд хүрч цамцнаас нь зуурсан. Энэ үед л гэмтэл учирсан байх. Би мөнгөө зээлүүлж хохирчихоод дараа нь ялтан, яллагдагч болж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Цэндсүрэн мэдүүлэхдээ... Тэр өглөө  09 цагийн үед би гадаа хашаан дотор саравчандаа сууж байтал хашааны үүдэнд машин давхиж ирээд зогсоод хүн буугаад нэг хүнийг хөөгөөд гүйсэн хөөж байгаа хүнийг нь харахад манай тэндхийн Шинэбаярын хүү байна гэж би харсан. Тэгээд хөөж байсан хүнээ цохих шиг болсон. Би Шинэбаярт хэлдэг юм билүү гээд утсаа авахаар гэртээ ороод гарч ирэхэд Шинэбаярын хүү нилээн хол зугтсан, нөгөө танихгүй хүн  машиндаа суугаад явсан. Тухайн үед Хосбаярыг тас гээд цохих шиг л болсон. Би өөр зүйл хараагүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Батболдын 2023 оны 06 дугаар сарын 12-нд  өгсөн: "... 2023 оны 06 дугаар сарын 08-нд Зүүнхараа руу галт тэрэг жолоодон 10 цаг ажилладаг. Ажлын дараа 5 цаг амрах ёстой байтал энэ 5 цагт амраахгүй 00 цагаас эхэлж 04 цаг хүртэл амраахгүй шөнөжин доромжилсон тэгж байтал ажилд дуудлаганд гарч амрах цагтаа амарч чадахгүй явсан. Энэ 5 цагт Ш.Хосбаяр нь утсаар залган дарамталж, ажлын газрын цахим сүлжээнд миний нэр төрд халдахын зэрэгцээ намайг хар ал минь ална шулна, мөнгөндөө тааруулж зодно гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Ажлаас чинь ирэхэд чинь ална тавилцана чамтай, дээрээс нь мөнгө нэмж өг, өргөдлийн цаас болгоно гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь хурдан ирээд надтай уулж, ирэхгүй бол Artemis лоунжийг чи шатаана гэхээр нь би уг залуугийн гэрт нь учраа олох гэж очсон чинь гарж ирэнгүйтээ мөнгөндөө чамайг зодно, хаана тавилцах уу гэж хэлсэн. Тэгээд зууралдаад намайг боож ирэнгүйтлээ унагаасан би хэдэн секунд ухаан алдсан хажууд байсан тал тоосгоо бариад холдуулсан. Тэгээд би тоосгоо барьсан чигтээ түүний араас хөөсөн. Тэгээд би тоосгоо барьсан чигтээ тэр залууг хөөгөөд өөрөөсөө холдуулаад машиндаа суугаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Батболдын 2023 оны 06 дугаар сарын 27-нд  өгсөн: "... Би Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод машинч ажилтай бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шөнө надтай нэг албан байгууллагад ажилладаг Хосбаяр гэх залуу над руу согтуугаар 3-н удаа залгаад чамайг ална, хаана байна" гэж хэлэхээр нь би "ажилтай явна очиж байгаад уулзъя" гэж хэлсэн. Тэгтэл Хосбаяр манай байгууллагын 66-н гишүүнтэй фэйсбүүк групп чатанд "Хар Батболд ал минь, чамайг мөнгөнд чинь тааруулж зодно хоёулаа учирнаа хоёулаа сайхан тавилцая хар лагаа минь, мөнгөндөө тааруулаад зодчий, би чамайг аймар зодмоор байна" гэж чат бичхээр нь би өөдөөс нь юм бичээд хэрэлдсэн юм. Тэгээд хэрүүл хийж байтал Хосбаяр нь "маргааш надтай ирж уулз, чадахгүй бол чиний хувиараа ажиллуулдаг Артемис фаб дээр чинь очиж ална тална гэж хэлэхээр нь би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 10 цагт ажлаасаа буугаад Хосбаярыг хүрээд ир гэснийхэн дагуу Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах ягаан таван давхар орон сууцны гадна очсон чинь Хосбаяр ягаан таван давхрын гадаа хүлээж байсан ба би машинаасаа буусан чинь надад "хоёулаа хаана тавилцах юм /ерөнхийдөө шууд зодолдоё" гэж хэлэхээр нь би юу ч хэлэхгүй зогсож байсан чинь Хосбаяр над руу дөхөөд ирэхээр нь би өөрөөсөө холдуулах зорилгоор цааш түлхсэн чинь дахин миний өөдөөс 2-3 удаа дайрч байгаад намайг багалзуурдаад боогоод ухаан балартуулаад газарт унагаасан. Унахдаа би зүүн гарынхаа тохой хэсгийг язалчихсан. Тэгээд би газарт унаад хажууд байсан тоосгыг гартаа бариад Хосбаярыг холдуулахын тулд тоосгоор цохино шүү гэж хэлж байгаад тоосгоо барьсан чигтээ машиндаа суугаад тухайн газраас явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Маралмаагийн 2023 оны 06 дугаар сарын 29-нд  өгсөн: "... Батболд гэж хүн нь манай нөхөр Хосбаяраас 2022 онд хүүтэй мөнгө зээлж авч байсан боловч одоо болтол зээлсэн мөнгөнийхөө хүүг өгөхгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай нөхөр Хосбаяр мөнгөө нэхэж улмаар тэр хоёр үл ойлголцох болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Дарьсүрэнгийн 2023 оны 07 дугаар сарын 18-нд  өгсөн: "... Манай нөхөр Батболд нь 2022 оны 07 дугаар сард 15.000.000 төгргийг хамт ажилладаг. Хосбаяр гэж залуугаас хүүтэй мөнгө зээлж аваад 15.000.000 төгрөгийг нь 2022 оны 09 дүгээр сард буцааж өгсөн боловч хүүний асуудал нь дуусаагүй үлдчихсэн байсан юм. Манай нөхөр Батболд нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хосбаяртай холбогдоод "ах нь зээл хөөцөлдөж байгаад мөнгийг чинь удахгүй өгье чи хүлээж бай" гэж хэлээд утсаа тасалж байсан. Харин нөхрийг минь оройн ээлжинд гарсан ажилтай байгаа үед нь Хосбаяр согтуу залгаад ёс бусаар хэлээд, мөнгөө нэхээд байхаар нь гар утсаа тасалчихаад залгахаар нь утсаа авахгүй байсан чинь байгууллагынхан групп чатанд доромжилсон утгатай үгс бичиж эхэлсэн байна лээ манай нөхөр чатыг нь надруу скрийншот хийгээд явуулж байсан юм. Мөн "өглөө буугаад Хосбаяртай очиж уулзчихаад очье" гэж хэлж байсан. Үүнээс хойш өглөөний 08 цаг өнгөрч байхад надтай холбогдоод "депо дээр ирчихлээ ажлаа хүлээлцээд бууна ажлаасаа буугаад Хосоотой уулзчихаад очино" гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 11 цагийн үед гэртээ ирэхдээ хоолойгоо боолгуулсан байртай хоолой хэсэг нь улааж урагдсан, тохой шалбарсан цус гоожсон байдалтай орж ирэхээр нь "яасан юм бэ" гэж асуусан чинь надад "би Хосбаяр дээр очоод яаж байгаа юм бэ мөнгө төгрөгөө өгөхийн хооронд групп дээр янз бүрийн юм бичээд байх юм" гэж хэлсэн чинь учир зүггүй намайг зодно ална гээд хоолойг минь багалзуурдаад авсан, би ухаан алдаж унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Зүчибаатарын 2023 оны 07 дугаар сарын 18-нд  өгсөн: "...Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Д.Батболд гэж хүнтэй хамт ажилладаг юм. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн оройн ээлжинд Батболд ахтай хамт нэг ээлжинд гарсан ээлжинд гарч байх үед Батболд ах нь нэг байгууллагад ажилладаг Хосбаяр гэж залуутай утсаар болон мессенжерээр хэрүүл хийгээд байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 11 цагийн орчим ажлаасаа буугаад Батболд ах намайг гэрийн ойроцоо Стадион дээр буулгаад "Хосбаяртай уулзлаа" гэж хэлээд явсан. Угаасaa бид хоёрыг ажлаас бууж байх үед Хосбаяр залгаад уулзъя гэж хэлээд байсан юм. Тэгээд л би гэртээ ороод амарсан бөгөөд дараачийн ээлжинд Батболд ахтай хамт нэг ээлжинд гарахад Хосбаярт зодуулсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн “... Д.Батболдын биед хүзүүнд улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 45-48 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75-78 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 35-36, 42-43 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Баасансүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-нд  өгсөн: "...би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дэлгүүрээ нээгээд байж байтал гадна хүний чанга дуугарах чимээ сонсогдсон тэгэхээр нь би дэлгүүрийнхээ үүдэнд гараад харсан чинь манайхаар үйлчлүүлдэг Хосбаяр гэх залуу нэг төмөр замын ажилчны хувцастай залуугийн хамт байсан. Би яг харж байхад Хосбаяртай хамт байсан залуу нь гартаа нэг юм барьж байгаад Хосбаярыг цохих гээд далайсан чинь хойш үсрээд зугтаасан. Тэгээд би буцаад дэлгүүр лүү гээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Цэндсүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 14-нд  өгсөн: "... тус өдөр би гэрийнхээ хашаанд байж байтал үдээс өмнө 10 цагийн үед байх яг мэдэхгүй байна. Манай гэрийн хашааны гадна талд нэг машин ирж зогсоод машиныхаа хаалгыг хүчтэй хааж буугаад “замбаалай” дэлгүүрийн ард зогсож байсан. Өндөр шар Хосоо гээд зүс мэдэх хүүг очоод нэг удаа цохиод унагаасан. Тэгээд Хосоо босоод зугтаасан бөгөөд би тэр хоёрыг харахаа болиод гэртээ юм хумаа хийж байгаад харсан чинь Хосоо гээд залуугийн хацар хэсэгт нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-116 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 79-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.Хосбаяр нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Замбала" хүнсний дэлгүүрийн хажуу талд Д.Батболдтой уулзаж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү хэсгийг гараараа боож улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн няцралт бүхий хүний эрүүл мэндэд эдийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Батболдын 2023 оны 06 дугаар сарын 12-нд  өгсөн: "... 2023 оны 06 дугаар сарын 08-нд Зүүнхараа руу галт тэрэг жолоодон 10 цаг ажилладаг. Ажлын дараа 5 цаг амрах ёстой байтал энэ 5 цагт амраахгүй 00 цагаас эхэлж 04 цаг хүртэл амраахгүй шөнөжин доромжилсон тэгж байтал ажилд дуудлаганд гарч амрах цагтаа амарч чадахгүй явсан. Энэ 5 цагт Ш.Хосбаяр нь утсаар залган дарамталж, ажлын газрын цахим сүлжээнд миний нэр төрд халдахын зэрэгцээ намайг хар ал минь ална шулна, мөнгөндөө тааруулж зодно гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Ажлаас чинь ирэхэд чинь ална тавилцана чамтай, дээрээс нь мөнгө нэмж өг, өргөдлийн цаас болгоно гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь хурдан ирээд надтай уулж, ирэхгүй бол Artemis лоунжийг чи шатаана гэхээр нь би уг залуугийн гэрт нь учраа олох гэж очсон чинь гарж ирэнгүйтээ мөнгөндөө чамайг зодно, хаана тавилцах уу гэж хэлсэн. Тэгээд зууралдаад намайг боож ирэнгүйтлээ унагаасан би хэдэн секунд ухаан алдсан хажууд байсан тал тоосгоо бариад холдуулсан. Тэгээд би тоосгоо барьсан чигтээ түүний араас хөөсөн. Тэгээд би тоосгоо барьсан чигтээ тэр залууг хөөгөөд өөрөөсөө холдуулаад машиндаа суугаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Батболдын 2023 оны 06 дугаар сарын 27-нд  өгсөн: "... Тэгээд хэрүүл хийж байтал Хосбаяр нь "маргааш надтай ирж уулз, чадахгүй бол чиний хувиараа ажиллуулдаг Артемис фаб дээр чинь очиж ална тална гэж хэлэхээр нь би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 10 цагт ажлаасаа буугаад Хосбаярыг хүрээд ир гэснийхэн дагуу Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах ягаан таван давхар орон сууцны гадна очсон чинь Хосбаяр ягаан таван давхрын гадаа хүлээж байсан ба би машинаасаа буусан чинь надад "хоёулаа хаана тавилцах юм /ерөнхийдөө шууд зодолдоё" гэж хэлэхээр нь би юу ч хэлэхгүй зогсож байсан чинь Хосбаяр над руу дөхөөд ирэхээр нь би өөрөөсөө холдуулах зорилгоор цааш түлхсэн чинь дахин миний өөдөөс 2-3 удаа дайрч байгаад намайг багалзуурдаад боогоод ухаан балартуулаад газарт унагаасан. Унахдаа би зүүн гарынхаа тохой хэсгийг язалчихсан. Тэгээд би газарт унаад хажууд байсан тоосгыг гартаа бариад Хосбаярыг холдуулахын тулд тоосгоор цохино шүү гэж хэлж байгаад тоосгоо барьсан чигтээ машиндаа суугаад тухайн газраас явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Маралмаагийн 2023 оны 06 дугаар сарын 29-нд  өгсөн: "... Батболд гэж хүн нь манай нөхөр Хосбаяраас 2022 онд хүүтэй мөнгө зээлж авч байсан боловч одоо болтол зээлсэн мөнгөнийхөө хүүг өгөхгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай нөхөр Хосбаяр мөнгөө нэхэж улмаар тэр хоёр үл ойлголцох болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Дарьсүрэнгийн 2023 оны 07 дугаар сарын 18-нд  өгсөн: "... өглөө буугаад Хосбаяртай очиж уулзчихаад очье" гэж хэлж байсан. Үүнээс хойш өглөөний 08 цаг өнгөрч байхад надтай холбогдоод "депо дээр ирчихлээ ажлаа хүлээлцээд бууна ажлаасаа буугаад Хосоотой уулзчихаад очино" гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 11 цагийн үед гэртээ ирэхдээ хоолойгоо боолгуулсан байртай хоолой хэсэг нь улааж урагдсан, тохой шалбарсан цус гоожсон байдалтай орж ирэхээр нь "яасан юм бэ" гэж асуусан чинь надад "би Хосбаяр дээр очоод яаж байгаа юм бэ мөнгө төгрөгөө өгөхийн хооронд групп дээр янз бүрийн юм бичээд байх юм" гэж хэлсэн чинь учир зүггүй намайг зодно ална гээд хоолойг минь багалзуурдаад авсан, би ухаан алдаж унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Зүчибаатарын 2023 оны 07 дугаар сарын 18-нд  өгсөн... Батболд ах нь нэг байгууллагад ажилладаг Хосбаяр гэж залуутай утсаар болон мессенжерээр хэрүүл хийгээд байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 11 цагийн орчим ажлаасаа буугаад Батболд ах намайг гэрийн ойроцоо Стадион дээр буулгаад "Хосбаяртай уулзлаа" гэж хэлээд явсан. Угаасaa бид хоёрыг ажлаас бууж байх үед Хосбаяр залгаад уулзъя гэж хэлээд байсан юм. Тэгээд л би гэртээ ороод амарсан бөгөөд дараачийн ээлжинд Батболд ахтай хамт нэг ээлжинд гарахад Хосбаярт зодуулсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн “... Д.Батболдын биед хүзүүнд улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Хосбаяр нь хохирогч Д.Батболдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Хосбаяраас .... Д.Батболд нь Замбаалай дэлгүүрийн тэнд машинаасаа бууж тоосго бариад ирсэн. Бид хоёр барилцаж аваад  ноцолдож зууралдсан. Би Батболдыг тоосго барьж надруу дайрахаар нь өөрийгөө хамгаалж Батболдтой зууралдаж ноцолдсон, сүүлдээ зугтаасан. Би Батболдыг цохиж зодоогүй, аргагүй байдалд хүрч цамцнаас нь зуурсан.Энэ үед л гэмтэл учирсан байх. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

Өмгөөлөгч М.Гансүхээс ... Миний үйлчлүүлэгчийг хохирогч гэх Д.Батболд нь  тоосго барьж дайрч амь нас ,эрүүл мэндэд аюултай аргаар довтлох үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан ... аргагүй хамгаалалт хийж биеэ хамгаалсан. Энэ үед хохирогчид гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хэрэглэж биеэ хамгаалаагүй бол  өөрт нь хохирол, хор уршиг учрах байсан. Энэ нь гэрч Ц.Цэндсүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байна. Ер нь хохирогч хавтас хэрэгт 2 удаа мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгүүд зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч энэ талаар хүсэлт өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Ш.Хосбаяр холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Улсын яллагчаас ... Шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурь илэрхийлж байна. Шүүгдэгч, хохирогч нар мөнгөнөөс болж маргасан, бие биенээ үг хэлээр доромжилсон улмаар уулзаж маргаж харилцан зодолдсон. Хохирогч газар унасан, хоолойг нь боосон учир тоосго авч халдсан байдаг. Зодолдсон талаар шүүгдэгч, хохирогч нар 2-лаа мэдүүлсэн. Энэ нь Цэндсүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байна. Харин аргагүй хамгаалалт хийх ямар нөхцөл үүссэн талаар хэрэгт нотлогдон  тогтоогдоогүй ба шүүгдэгчийг аргагүй байдалд хүрсэн, хэргийг цагаатгах үндэслэл бүхий баримт нотлох баримт огт байдаггүй. Иймд шүүгдэгчийг гэм буруутай тооцуулах саналаа дэмжиж байна гэсэн хариу тайлбар гаргасан.

Шүүх нотлох баримтыг шинэчлэн судлаж.... хохирогч Д.Батболд нь шүүгдэгч Ш.Хосбаярыг аргагүй хамгаалалт хийх ямар нөхцөл байдалд хүргэсэн нь нотлогдон  тогтоогдохгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч болон хохирогч нар хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй 2023 оны 06 дугаар сарын 09-ний 01 цагаас эхлэн утсаар, мессенжерээр маргалдаж бие биенээ хэл амаар долромжилсон мөн өглөө уулзалдахаар болсон ба уулзах үедээ хохирогч Д.Батболд нь шүүгдэгч Ш.Хосбаярыг аргагүй хамгаалалт хийх ямар нөхцөл байдалд хүргэсэн, хууль бус ямар үйлдлийг таслан зогсоохоор довтолсон нь хавтас хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батболдын 2 удаагийн мэдүүлгээр ... Хосбаяр над руу дөхөөд ирэхээр нь би өөрөөсөө холдуулах зорилгоор цааш түлхсэн чинь дахин миний өөдөөс 2-3 удаа дайрч байгаад намайг багалзуурдаад боогоод ухаан балартуулаад газарт унагаасан. Унахдаа би зүүн гарынхаа тохой хэсгийг язалчихсан. Тэгээд би газарт унаад хажууд байсан тоосгыг гартаа бариад Хосбаярыг холдуулахын тулд тоосгоор цохино шүү гэж хэлж байгаад тоосгоо барьсан чигтээ машиндаа суугаад тухайн газраас явсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Хосбаяраас ...  10 цагийн үед уулзая гэж хэлэхээр нь эхнэрийн ямар бичлэг байгаа асууя гэж бодоод очсон. Гэтэл Замбаалай дэлгүүрийн тэнд машинаасаа бууж тоосго бариад ирсэн. Бид хоёр барилцаж аваад ноцолдож зууралдсан. Би Батболдыг тоосго барьж над руу дайрахаар нь өөрийгөө хамгаалж Батболдтой зууралдаж ноцолдсон, сүүлдээ зугтаасан. Би Батболдыг цохиж зодоогүй, аргагүй байдалд хүрч цамцнаас нь зуурсан. Энэ үед л гэмтэл учирсан байх гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд:

 Шүүгдэгч нь хохирогчтой маргаж өдөөн хатгасны улмаас таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж санаатай гэмтэл учруулсан байх тул аргагүй хамгаалалт гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хоорондоо харилцан зууралдсан, цохилцсон болох нь мөн гэрч Б.Баасансүх, Ц.Цэндсүрэн нарын мэдүүлгээр ... хохирогч Д.Батболд нь шүүгдэгч Ш.Хосбаярыг тоосго бариад хөөсөн, цохисон гэж мэдүүлж байгаа боловч аргагүй хамгаалалт хийх биеэ хамгаалах байдалд хүрсэн, хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хариу довтолсон үйлдэл нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ш.Хосбаяр нь маргааны улмаас ёс суртахуунгүй харилцаа үүсгэж үг хэлээр хохирогчийг өдөн доромжилж хохирогчийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх боломжгүй байдалд хүргэж, халдлага ирүүлэх суурь нөхцөл шалтгааныг бий болгосон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Хосбаярыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг зөрүүтэй, худал мэдүүлэг гэж дүгнэлтэндээ дурдсан боловч хохирогч Д.Батболдоос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг авахдаа Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг авсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хохирогчийн мэдүүлгийг хууль бус худал мэдүүлэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Хосбаярын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ш.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Д.Батболд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдолтой байгаа ч нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт ямар нэгэн нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч Ш.Хосбаярыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ш.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ш.Хосбаяр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ш.Хосбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ш.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Хосбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Хосбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ш.Хосбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Ш.Хосбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Ш.Хосбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ш.Хосбаярын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ