Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 124

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

          Улсын яллагч Ц.Алтанцэцэг,

          Хохирогч Б.Урантогос,

          Шүүгдэгч Н.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Даваадоржид холбогдох 2016 2501 0060 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1958 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, "Жижиг зээрд” ХХК-д малын эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эхийн 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 66б тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Бодонгууд овогт Нямбуугийн Даваадорж /ЖЖ58020814/,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Н.Даваадорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эхийн 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 66б тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Урантогосыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөдөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Даваадоржийн өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч шинэ жилээ тэмдэглэчихээд ирсэн. Маргааш нь хохирогчийн хоёр найз манай гэрт ирсэн. Тэгээд хохирогч болон хоёр найзтай нь гэртээ архи уусан. Архи ууж байхдаа би хохирогчтой маргалдсан зүйл байхгүй. Шөнө л ийм асуудал болчихсон байсан. Би өөрийнхөө үйлдлийг сайн санахгүй байгаа, миний санаж байгаагаар миний хөгшин ээжийн талаар ярьж байгаад хохирогчтой маргалдсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Урантогосын өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нутгийн зөвлөлийн шинэ жилд орсон. Би хамт шинэ жилд орсон найз, нөхөр хоёроор гэртээ хүргүүлж ирсэн. Тэгээд би гэртээ хоноод маргааш нь сэрэхэд хамт намайг хүргэж ирсэн Дариймаа гар утсаа манайд мартаад явсан байсан. Тэгээд Дариймаа утсаа авах гэж ирэхдээ нэг шил архитай, нөхөртэйгээ цуг ирсэн. Би нөхөртэйгээ ерөөсөө архи уудаггүй учир нь нөхрийнхөө архи уухаараа ямар авир гаргадгийг мэднэ. Нэг удаа хамт архи уугаад ийм асуудал болсон. Шүүгдэгч архи уусны маргааш нь хэрүүл хийж намайг зоддог. Би ямар учраас заавал зодуулах ёстой юм бэ энэ асуудал хэзээ дуусах юм бол, олон жил хамт амьдарчихаад шүүгдэгчид ял сонсуулах хэцүү байна. Би шүүгдэгчид гомдолтой байна бие сэтгэлээрээ хохирч байна. Цаашид шүүгдэгч яахыг би сайн ойлгохгүй байна. Шүүгдэгч үнэхээр чин санаанаасаа гэмшиж байгаа бол сайн байна. Одоо миний биеийн байдал эмчилгээ хийлгэсний үндсэн дээр гайгүй, миний гар одоог болтол эдгээгүй байгаа. Тухайн өдөр хамт архи уусан нь миний буруу байгаа, дахиж хэлэхэд намайг битгий дахин зодоорой гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Урантогосын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 2-р хэсэг 1-66б тоотод нөхрийн хамт амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овоо сумын шинэ жилийн арга хэмжээ болсон Би нутгийнхаа баярт ороод шөнө нь гэртээ ирсэн бөгөөд өглөө босохын өмнө найзууд болох Дарийм Батболд нар утсаар яриад манай руу 0,75 литрийн хэмжээтэй Улаанбаатар архи бариад ирсэн. Ингээд манай нөхөртэй нийлээд 4-лээ хувааж ууцгаасан ба нэмж архи аваад хоол унд идээд өдөржингөө болсон. Шөнө дундын үед бүгдээрээ согтсон ба нөхөр Даваадорж гэнэт л сандал аваад шидчихсэн. Яг ямар шалтгаантайг нь би санахгүй байна. Ямар нэгэн юм болоогүй. Нөхөр Даваадорж архи уухаараа угаасаа агсам зантай, намайг байнга зоддог. Уг нь нөхөртэйгээ цугтаа архи ууддаггүй, аль болох архи уусан үед нь зугтаадаг. Тэр өдөр л хамтдаа архи ууж цуг байж байгаад зодууллаа. Даваадорж намайг толгой болон зүүн гарын шуу, нүүр ам, бусад биеийн бүх хэсгээр л гараар болон сандал, аяга, архины шил гарт таарсан бүх юмаараа цохисон. Толгойноос цус гараад эхлэнгүүт толгой руу ус цацаж байгаад гадагшаа гараад явсан” гэх мэдүүлэг /хх.21-22/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батболдын өгсөн: “Би 0,75 литрийн Улаанбаатар архи авчираад тэрийгээ Урантогос, Даваадорж, эхнэр Дарийм бид 4 хувааж уусан. Уг архиа дуусахаар нь нэмж дахин 1 шил 0,75 мөн 0,5 хэмжээтэй архи авч ууцгаасан. Архи ууж суусаар байтал орой болсон бөгөөд би архиндаа согтоод гэрийнхэн хойд галд газар унтсан. Эхнэр Дарийм хойд орон дээр нь зүүн тйиш хараад унтаж байсан. Намайг хамгийн сүүлд хэвтэхэд Урантогос, Даваадорж нар хоол идээд байж байх шиг байсан. Би хэсэг хугацаанд унтаад сэрэхэд Даваадорж эхнэрлүүгээ ус цацаад байсан. Эхнэр нь баруун орон дээрээ айчихсан байдалтай сууж байсан. Тэгээд би босч чадахгүй эргээд унтсан. Ингээд хэсэг хугацаанд унтаж байгаад даараад сэрсэн чинь Урантогосийн нүд нүүр ам нь хөхөрчихсөн байсан Би Дариймаагаас юу болсон юм бэ гэсэн чинь Даваадоржийг зодоод явчихсан гэж хэлсэн... нэг ухаан ороод сэрэхэд Даваадорж эхнэр лүүгээ ус цацаад байсан. Хэрвээ нүдэн дээр зодоод байсан бол салгах байсан. Тэгэхдээ Даваадорж эхнэрээ зодсон нь үнэн. Өглөө сэрэхэд нүүр ам нь битүү хөхөрчихсөн, хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Дариймаагийн: “... Би архиндаа согтоод нэг сэрхэд л Урантогос орон дээрээ толгой нь бөөн цус болчихсон, зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Яасан юм бэ гэж Урантогосоос асуусан чинь Даваадоржийг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.28/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Оргилмаагийн өгсөн: “... Хамгийн анх харахад нүүр нь битүү хаван хөхрөлт няцралт, зүүн гараа даахгүй байсан. Юу нь өвдөж байна гэхээр нь толгой гар өвдөж байна гэсэн. Тэндээсээ шүүх эмнэлэг очисон чинь цагдаагийн бичигтэй үзнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд толгой гарны рентген зураг авахуулахад гар нь хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх.30/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Оргилболдын: “... Гэмтлийн эмнэлэг дээр очиход нүүр нь хаван хавдар болж хөхөрсөн, нүүрний хэв алдагдсан, тархиндаа язарсан... шархтай, гар хугарсан, биеийн байдал тун муу байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн:

          “1.2. Урантогосын биед тархи доргилт, зүүн богтос ясны далд хугарал, зүүн нүдний дээд доод зовхи хамрын нуруу зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээж баруун бугалга, хэвлийн цус хуралт, 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          З.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна

          5.6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвгэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.49/,

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.8-11/,

          Эд мөрийн баримтыг хураан авах тогтоол /хх.12/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.75/,

          Д.Батсүхийг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.41/,

          Хохирол төлсөн баримт зэрэг  болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

          Н.Даваадорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эхийн 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 66б тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Урантогосыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Н.Даваадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Урантогосын толгойны 2 ширхэг, гар сарвууны 1 ширхэг компьютерын зургийг хохирогчид буцаан олгож, эвдэрхий модон сандалыг устгах нь зүйтэй.

 

          Н.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бодонгууд овогт Нямбуугийн Даваадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даваадоржид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, Н.Даваадоржид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Н.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Урантогосын толгойны 2 ширхэг, гар сарвууны 1 ширхэг компьютерын зургийг хохирогчид буцаан олгож, эвдэрхий модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, Н.Даваадоржид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаааар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Н.Даваадоржид сануулсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Даваадоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР