| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0184/З |
| Дугаар | 221/МА2026/0591 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0591
Н.Цын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/514 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Ц
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд: Б.М
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Гуравдагч этгээд Б.М
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0184/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/514 дүгээр шийдвэрээр “... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.4, 43.6-т заасныг тус тус баримтлан Н.Цоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.11-т “Нэхэмжлэгч Н.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалтыг өгөх зохицуулалтыг зөрчиж, дээрх албан тушаалд томилогдсон байх тул Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө" гэж заасны дагуу өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд гаргасан байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд дараах байдлаар холбогдох хуультай зөрчилдөж байна.
Нэхэмжлэгч Н.Цыг ажлаас чөлөөлсөн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг, 42, 43 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.5 дахь хэсгийг үндэслэсэн байхад шүүх анх томилсон тушаал нь холбогдох хуулийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж, маргаагүй асуудлыг дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 буюу “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчиж байгаа төдийгүй хууль зөрчиж гаргасан дээрх дүгнэлт нь ч хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийг анх томилохдоо, тухайн албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт өгөөгүй байхад түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь буруу гэж хариуцагч шүүхэд тайлбарлаж байгаа ч тухайн үедээ, уг томилгоог хууль бус болох талаар хэн ч маргаагүй, түүнчлэн Төрийн албаны төв зөвлөл болон яамны дэргэдэх салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийг ажилд томилсон сайдын тушаалыг хууль бус болохыг тогтоосон, эсхүл хууль бус болох талаар шийдвэр гаргасан албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн, хүчингүй болгохыг зөвлөсөн, даалгасан шийдвэр огт гарч байгаагүй гэдгийг онцолж дурдмаар байна.
Нэхэмжлэгчийг анх түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалын хууль үндэслэлийг хянуулах шаардлага гаргаагүй, харин 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01, Б/02 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэхийг хянуулах агуулгаар шаардлага гаргасан байхад шүүхээс, Н.Ц нь хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны албан тушаалд томилогдсон тул Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй талаар дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийг ажилд томилсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалын нэг үндэслэл нь "Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" томилохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг хангаж байсан учраас томилогдсон байдаг. Үүнд:
- Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 405 дугаар “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай" дугаар тогтоолуудаар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн;
- Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага", 23 дугаар зүйлийн 23.2.3 ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт"-д заасан ерөнхий болон тусгай шаардлагыг тус тус бүрэн хангасан.
2.2. Н.Ц нь мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн, сертификаттай байх шаардлагыг хангасан бөгөөд хэрэгт баримтыг хавсаргасан байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь тухайн ажлын байран дээр 2024 оны 10 дугаар сараас 2026 оны 5 дугаар хүртэлх хугацаанд нэг л удаа буюу 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 20-ны хооронд сонгон шалгаруулалт зарлаж, 6 дугаар сарын 25-ны өдөр шалгалт авахаар товлосон байдаг боловч МУ-ын сайд, ЗГХЭГ-ын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/1759 дугаар албан бичгээр шалгалтыг зогсоосон. Энэ сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч бүртгүүлсэн байсан. Төрийн захиргааны төв байгууллагаас ажлын байрны сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл мэтээр шүүгч дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хэрэв тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан боловч нэхэмжлэгч ороогүй, эсхүл шалгаруулалтад ороод тэнцээгүй, эсхүл тавигдах тусгай шаардлагыг хангаагүй байсан бол шүүх ийм дүгнэлтэд хүрч болох юм.
2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.12-т “Түүнчлэн, хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон Н.Ц Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 буюу "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэнтэй нийцэхгүй байна.
Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлага болох ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй, зөвхөн төрийн албаны түр орлон гүйцэтгэгчид төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь тодорхойгүй байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус захиргааны акт мөн боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үү. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 40.2.3 захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.3 Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана; 40.4 Захиргааны актад тухайн захиргааны акт аргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэснийг зөрчсөн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгчийг яг ямар хууль тогтоомж зөрчсөн учраас ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажилд томилогдох үеийн нөхцөл байдлаас чөлөөлөгдөх хүртэлх 1.4 жилийн хугацаанд ямар нөхцөл байдал шинээр бий болсныг тодорхойлох ёстой байсан ч энэ нөхцөл байдал тодорхойгүй, харин ч энэ ажилласан хугацаанд нэхэмжлэгчийн ажлын үр дүнг яам үнэлж, 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/895 дугаар тушаалаар ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг 93 хувьтайгаар бүрэн хангалттай үнэлсэн байдаг.
2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.15-т “хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгч 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэлтэй танилцаж, тайлбарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлсэн байх төдийгүй дээрх нөхцөлд сонсох ажиллагааг дахин хийсэн ч анх түүнийг хууль зөрчиж томилсон үндэслэл зөвтгөгдөхгүй тул нэхэмжлэгчийн “Сонсох ажиллагаа явуулаагүй. Өмнөх сонсох ажиллагааны үйлчлэл дууссан” гэх тайлбарыг хүлээн авахааргүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болсон.
Учир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр ирүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариу хүргүүлсэн ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн хариу тайлбарыг хүлээн авсан гэж үзсэн.
Хэрэв шүүхийн шийдвэрт дурдсанчлан сонсох ажиллагаа явуулсан гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн “27.6 Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна, 27.7 Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэх заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа бөгөөд хуульд заасан энэ ажиллагаа хийгдээгүй, захиргааны актын үндэслэлд ч байхгүй юм.
2.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.16-т Түүнчлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Мийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/02 дугаар тушаалаар... Б-н М-г Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн томилжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.17-д Шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх сайдын тушаалаар гуравдагч этгээдийг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шалгалтыг өгөх зохицуулалтыг зөрчиж, дээрх албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлтэй боловч уг тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бол хууль бус захиргааны акт гаргаж болно гэсэн дүгнэлт гаргасантай адил ойлгогдож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.7-д заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан буюу 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Б.Мийг Төрийн албаны тухай хуулийн 27.1.3 төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөх гэсэн зохицуулалтыг үндэслэл болгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Б/02 тоот тушаалаар Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Гэвч тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 27.2-д заасны дагуу сонгон шалгаруулалт болоогүй, иргэн Б.М төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад өгөөгүй, төрийн албаны нөөцөд байхгүй, ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх зэрэг шаардлагыг тус тус хангаагүй атал түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь уг тушаал хууль бус буюу Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчсөн байхад нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэдэг үндэслэлээр тухайн хууль бус захиргааны актыг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, хуульд заасан шаардлагад нийцээгүй, уг томилгоо нь хууль бус үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож байгаа тохиолдолд, дараагийн томилгоо нь Төрийн албаны хуульд нийцсэн байж, өмнөх хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлсэн, зөвтгөсөн гэж үзэх үндэслэл болно. Гэтэл уг албан тушаалд тавигдах хуульд заасан шаардлагуудаас нэг ч шаардлагыг хангаагүй, төрийн албанд огт ажиллаж байгаагүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Монгол улсын иргэний төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхийг хязгаарласан, илт ялгаварлан гадуурхсан, албан тушаалтны дур зоргын шийдвэр үзэж байна. Албан тушаалтны ийм дур зоргын шийдвэрийг шүүх хязгаарлах ёстой атал дэмжиж, зөвтгөж байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Н.Цыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэж буруутгасан атлаа төрийн жинхэнэ албанд томилогдох хуульд заасан болзол, шаардлагаас нэгийг нь ч хангаагүй Б.Мийг томилсон хууль бус шийдвэрийг зөвтгөж, хэвээр үлдээж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй төдийгүй шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүх “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
2.6. Хариуцагч тал Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийн заалтыг баримтлан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж буй үндэслэл, үйл баримтын талаар тодорхой тусгасан, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж, сул орон тоог мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхсөн буюу Төрийн албаны хуульд заасан журмын дагуу томилгоо хийсэн бол бид маргах боломжгүй юм. Хариуцагчийн тайлбарт дурдсан буюу шүүхийн шийдвэрийн 4.6-т дурдсан, шүүхийн жишиг тогтоосон гэх шийдвэрүүдэд тусгасан маргааны үйл баримтууд өөр өөр байгаа. Мэдээж маргаан бүрийн цаана өөр өөр үйл баримт, нөхцөл байдал байдаг, шүүх хэрэг тус бүрт цугларсан нотлох баримтуудад үндэслэн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлтийг хийж шийдвэрээ гаргадаг.
Гэтэл анхан шатны шүүх энэ хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй, цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, нягт, нямбай шинжлэн судалж, харьцуулан дүгнэхгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, шүүхийн хэлэлцүүлгийн төгсгөлд, шүүгч хариуцагч талаас асуулт асуухдаа, энэ маргаантай ижил төстэй, танайх хариуцагчаар оролцож байгаа маргаанууд давж заалдах шатны шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулж асууж байсан, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа, “хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон этгээдэд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэх шүүхийн жишиг тогтсон, энэ талаар захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд жишиг тогтоосон шийдвэрүүд гарсан байгаа учраас энэ хэргийг өөрөөр шийдвэрлэх боломжгүй гэх агуулгатай тайлбар хийсэн байдлаас харагдаж байна. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч Н.Цоос “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын холбогдох заалтыг тус тус зөрчиж, уг албан тушаалд томилсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбараар тус тус нотлогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн маргаан бүхий тушаалын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
5.Маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 42, 43 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, 110 дугаар зүйлийн 110.3-д заасныг тус тус үндэслэн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарган албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цыг 2026 оны 01 дүгээр сарны 09-ний өдрөөс эхлэн эрхэлж буй ажлаас нь чөлөөлсөн.
6.Захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас аливаа шийдвэрийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг зааж, түүнд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
6.1.Гэтэл нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас чөлөөлөх болсон бодит нөхцөл байдал, түүнд холбогдох хууль зүйн үндэслэл, тухайн албан тушаалыг үргэлжлүүлэн эрхлүүлэх боломжгүй болсон талаарх үндэслэл тодорхойгүй буюу чөлөөлөх болсон хууль зүйн болон бодит үндэслэл нь чухам юу болохыг маргаан бүхий Б/01 дүгээр тушаалд тодорхой тусгаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг тодорхой заасан байхад чухам аль үндэслэл нь хэрхэн бүрдсэн гэж үзэж чөлөөлөх болсон нь ойлгомжгүй байна.
6.2.Тодруулбал, маргаан бүхий Б/01 дүгээр тушаалаас үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-42.1.10-д заасан төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэх тохиолдлуудыг нэрлэн заасан болон түр орлон гүйцэтгэх журамтай холбоотой хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь тухайн түр орлон гүйцэтгэх тохиолдол арилаагүй буюу нэхэмжлэгчийг чөлөөлсөн ч тухайн байгууллагад ажилладаггүй этгээдийг маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон байх, хуульд үндэслэх талаарх захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй байна.
6.3.Энэ утгаараа нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэхээр байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх төдийгүй түүнийг тухайн албан тушаалаас чөлөөлж, гуравдагч этгээдийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шалгалтыг өгөх зохицуулалтыг мөн зөрчсөн болох нь тогтоогдож байна.
6.4.Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчийг яг ямар хууль тогтоомж зөрчсөн учраас чөлөөлсөн нь тодорхойгүй, ажлаас чөлөөлсөн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, 40.4-д заасныг тус тус зөрчсөн ... ” гэх гомдол үндэслэлтэй байна.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн аль нь холбогдох хууль журамд заасан болзол шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байгаа болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Цоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Н.Цыг урьд эрхэлж байсан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож Н.Цт олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА