Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/21

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: П.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Пгийн Мад холбогдох 2412....................... дугаартай эрүүгийн хэргийг 2024оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт ................... аймгийн ................... сумын................ багийн. гэх газар оршин суух.........................., улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Пгийн М /РД:.................../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн үед ............ аймгийн ........ сумын .......... багийн ........................ гэх газарт оршин суух хохирогч Н.Дгийн гэрийн гадна байсан түүний эзэмшлийн эд хөрөнгө болох 78-89 АРА улсын дугаартай Хюндай портер маркийн бага оврын ачааны машин, 58-19 АРА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн суудлын автомашин, Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль зэрэг тээврийн хэрэгслийн эд ангийг бууны гол төмрөөр цохиж, гэмтээсний улмаас хохирогчид бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн үед ........ аймгийн .......... сумын ........ багийн .................. гэх газарт оршин суух хохирогч Н.Дгийн гэрийн гадна байсан түүний эзэмшлийн эд хөрөнгө болох 78-89 АРА улсын дугаартай Хюндай портер маркийн бага оврын ачааны машин, 58-19 АРА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн суудлын автомашин, Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль зэрэг тээврийн хэрэгслийн эд ангийг бууны гол төмрөөр цохиж, гэмтээсний улмаас хохирогчид бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

 

Хохирогч Н.Дгийн мэдүүлсэн “...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Баян-Өндөр хайрханы үзүүр гэх газар оршин суух малчин айл. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01-02 цагийн хооронд манай гэрийн гадаа байсан миний эзэмшлийн 58-19 АРА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус маркийн  автомашин, мөн гэрийн гадна байсан 78-89 АРА улсын дугаартай хөх өнгийн Хюндай портер маркийн автомашин, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун 150 маркийн мотоцикл зэрэг тээврийн хэрэгслийг манай нутгийн иргэн П.М гэх хүн ирж эвдэж гэмтээсэн. Тухайн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай эхнэр О Архангай аймгийн төв рүү сургуулийн хүүхэд хүргэж өгөхөөр яваад намайг гэртээ ганцаараа байхад гэрийн гадаа байсан миний эзэмшлийн хөх өнгийн портер, мөнгөлөг саарал өнгийн приус-20, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун-150 маркийн мотоциклуудыг хүн ирээд ямар нэгэн төмөр зүйлээр цохиж, нүдээд түс тас хийсэн хүчтэй чимээ гараад нүдээд байсан. Ийм л зүйл болохоор нь би гэртээ ганцаараа байсан учир айгаад гарч чадахгүй сонсоод байж байсан. Учир нь тэр хүн миний машин, тээврийн хэрэгслүүдийг цохиж, эвдэж байхдаа “ална аа, та нарыг гэртэй чинь шатаана, та нарыг буудна” гэх мэтээр орилж чарлаад байхаар нь намайг гарвал яаж ч магадгүй гэж бодоод би гараагүй. Миний машинуудыг нүдэж, гэмтээсэн хугацаа 10-20 минут орчим болоод тухайн хүнийг чимээгүй болоод явчих шиг болохоор нь гарч ирээд харахад манай нутгийн П гэх хүний хүүхэд М явж байсан. Би согтуу хүнтэй маргалдаад хэрэггүй байх гэж бодоод очиж уулзаагүй. Эргэж ирээд гэрийн гадаа байсан тээврийн хэрэгслүүдээ шалгаж үзэхэд миний эзэмшлийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр импортлогдсон, 58-19 АРА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, NHW207754232 арлын дугаартай, Тоёота Приус 20 авто машины арын тээшний хэсгийн хаалга, хоёр цонхны шил, арын гупр хагарсан, зурагдсан, арын хоёр гэрэл хосоороо хагарсан, хоёр хажуу талын хаалганы цонх урд, хойд хосоороо нийт 4 ширхэг хагарсан, дөрвөн талын хаалга сэв гарч гэмтсэн, зурагдсан, хоёр талын толь хагарсан, гэмтсэн, суурьтайгаа, урд салхины шил хагарсан, копут урд хэсгийн буландаа сэв гарч гэмтсэн, урд талын их гэрэл хосоороо хагарсан, жолооч талын хойд карлан хэсгийг нүхэлж гэмтээсэн, юмаар цохиж нүх гарсан байдалтай байсан мөн, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр импортлогдсон, 78-89 АРА улсын дугаартай, цэнхэр өнгийн, КМFХКS7ВРҮU402249 арлын дугаартай, хюьндай портер авто машины урд салхины шилийг цохиж хагалсан байсан, намайг харахад жижиг жижиг нүх гарсан байсан, 2022 онд худалдаж авсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун 150 маркийн мотоциклийн эвдэрч гэмтсэн эд ангиуд хойд гэрэл хагарсан, гэрлийн суурь нь мөн адил хагарч гэмтсэн, шатахууны банк хонхойж, цоорсон байдалтай байсан ийм зүйл болсон учраас би цагдаагийн байгууллагад хандсан. М нь манай гэртээ ойрхон 3-4 км орчим зайтай нутагладаг нэг нутгийн хүн учраас би хараад танисан, М мөн байсан. Үгүй өмнө нь ямар гэмтэл байгаагүй, би өөрийн тээврийн хэрэгслүүдээ хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20:00 цаг хүртэл малдаа унаад хэвийн байдалтай гэрийн гадаа байрлуулсан байсан, ингэхдээ приус 20 болон мотоцикль хоёроо гэр тойрсон жижиг хашаан дотор оруулсан байсан, портер машинаа тухайн жижиг хашааны гадаа гэрийн баруун талд байрлуулсан байсан. Би Мыг ямар шалтгаанаар ийм зүйл хийсэн талаар мэдэхгүй байна.Би тухайн өдөр мал хараад явж байхдаа П гэх хүнтэй тааралдаад өмнө нь манай дүүтэй Пгийн охин гэр бүл болоод салж байсан шалтгаанаар маргалдаж, хэрэлдээд П намайг нэг удаа цохихоор нь би түүнийг гараараа алгадаж байсан нь үнэн. Энэ зүйлийн талаар Птэй тааралдаад “П ахаа бид нар уг нь өмнө нь сайхан харилцаатай байсан, ялимгүй зүйлээс болж маргалдаад хоорондоо харилцаа муудлаа” гэж ярьсан өөр зүйл яриагүй юм. Приус маркийн тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр импортлогдсон, 58-19 АРА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, NHW207754232 арлын дугаартай автомашин, портер нь бол 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр импортлогдсон, 78-89 АРА улсын дугаартай, цэнхэр өнгийн, . арлын дугаартай,.................... хюьндай портер автомашин, мотоцикль нь бол миний 2022 оны 03 дугаар сарын үед худалдаж авсан миний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун 150 маркийн мотоцикль байсан. Би тухайн эвдэрсэн эд ангиудыг мэдэхгүй, үнэлгээний газраар гаргуулах хүсэлтэй байна. Хүүхэд наснаасаа л хамт байсан хүмүүс, нэг нутаглаж нэгнийгээ таньж мэддэг байсан. Тухайн хэрэг явдал гарах үед гэртээ би ганцаараа байсан, манай эхнэр О 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн төв явсан байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/, 

 

Хохирогч Н.Дгийн дахин мэдүүлсэн “...миний тээврийн хэрэгслүүдийн сэлбэгт 3.415.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Одоо 841.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тээврийн хэрэгслүүдийн ачааны хөлс, засварын хөлсийг нэхэмжилнэ. Хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Би М гэх залууг дахин ийм үйлдэл, хэрүүл маргаан үүсгэхгүй байх, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн  77-78 хуу/, 

 

Гэрч Ц.Огийн мэдүүлсэн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ байгаагүй. Архангай аймгийн төвд сургуулийн хүүхэд хүргэж өгөөд явж байсан. Би гэрээсээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэдтэй гараад аймгийн төв орсон. Гэтэл 11 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Д над руу утсаар залгаад манай гэрийн гадаа байсан
Приус-20, портер машинуудыг нутгийн залуу М ирээд эвдэж гэмтээгээд явчихлаа гэхээр нь би шөнө аймгийн төвөөс гараад гэртээ 04 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд гэрийн гадаа байсан манай Приус-20 маркийн машиныг бүх шил, цонхыг нь юмаар нүдэж хагалсан, урд хойд гэрэл, гупер зэргийг хагалж эвдэлсэн, портер машины урд салхины шилийг юмаар хагалж нүхэлсэн, гэрийн гадна байсан мотоциклийн банкийг нүдэж цоолоод, мотоцикль газар байдалтай манай нөхөр гэртээ ганцаараа байж байсан...
гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

 

Гэрч С.Пгийн мэдүүлсэн “...тухайн өдөр манай нутгийн Д гэх залуу надтай уулзаад Д намайг 2020 онд цохиж зодож гэмтээж байсан юм. Тэгээд энэ үйлдлийнхээ хариуд 1.000.000 төгрөг надад өгсөн. Гэтэл Д надтай тухайн өдөр уулзахдаа энэ асуудлаа сөхөж “Би чамайг зодоод төлбөр мөнгийг чинь хангалттай төлсөн, харин ч илүү төлсөн байх аа, одоо чамтай архи ууна” гэхээр нь би тоохгүй яваад өгсөн. Дараа нь болсон явдлын талаар Д намайг ингэж хэлсэн гэж өөрийн хүү Мад хэлсэн. Гэтэл үүнийг сонсоод М гэрээсээ уурлаад гараад явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн бууг манай нутагт малын хулгай их гардаг, дээр нь чоно нохой их явж мал барьдаг учраас хэрэг болж магадгүй гээд байлгаж байсан юм. Буу өөрөө бичиг барихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,

 

П.Мын мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Баян-Өндөрийн үзүүр гэх газарт байх гэртээ очиход манай аавыг нутгийн ах болох Д согтуу ирээд хэл амаар доромжилсон байхаар нь уур хүрээд Д ахтай уулзахаар гэрийнх нь гадаа очоод Д ахыг дуудсан чинь гарч ирэхгүй байсан. Тухайн үед нохой нь над руу дайраад байхаар машины ард байсан нэрийг нь мэдэхгүй байна ан агнах зориулалт бүхий буу /галт зэвсэг/-аа аваад гэрт нь орох гэсэн чинь нохой нь боргоогоод байхаар нь газарт хий цохисны улмаас буу дундуураа хугарсан, Д ахыг дуудахад гарч ирэхгүй болохоор нь гэрийнх нь гадаа байсан Портер, Приус-20, мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүдийн цонх, шилийг нь цохиж хагалаад Д ахыг ахин дуудахад гарч ирэхгүй байсан болохоор нь буцаад гэр рүүгээ явсан. Шөнө байсан учраас шил, толь тас нис гээд хагарч бутраад байсан. Тэгсэн Д ах маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Энэ буу манай аавын галт зэвсэг байгаа юм. Аавд өв уламжлагдан ирсэн. Хэзээнээс өвлөгдөж ирснийг нь мэдэхгүй байна. Цаашдаа би өв залгамжлан авах байсан. Манайд ашигладаггүй байсан. Тухайн үед уг буу машины ард багажинд байсан. Д ахын гэрийн гадаа зогсоод орох гэсэн нохой нь боргоогоод оруулахгүй байсан, Д ахыг хэд хэдэн удаа дуудахад гарч ирэхгүй байсан болохоор машины ар хэсэгтээ эд зүйл хайсан чинь буу байхаар нь аваад нохой руу цохих гэхэд газарт савагдаж дундуураа хугарсан. Би тухайн үед Д гэх ахтай уулзаж, ярилцъя гээд гэрт нь очиход гарч ирээгүй юм. Манай аавыг хэл, амаар доромжилсон байсан. Портер маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 3 удаа, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 5 удаа, урд 2 их гэрэл, толь, машины хажуу талын хаалга, 4 талын хаалганы шил, арын салхины шил, урд кобуд, мотоциклийн хойд их гэрэл болон бензиний банк зэргийг бууны хугархай гол төмрөөр тус тус олон удаа цохиж гэмтээсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үед уур, уцаар маш их хүрсэн байсан. Өөрийн биеэ барьж дийлээгүй. Манай аав 70 хүрч байгаа хөгшин хүн байдаг учир манайд согтуу ирээд аавыг хэл амаар доромжилсон байсан. Одоогоос 3 жилийн өмнө санагдаж байна манай аавыг Д ах зодоод цагдаагийн байгууллагаар шалгагдаад хохирол төлбөрийг нь төлж байсан. Тэр асуудлаа яриад аавыг доромжилсон байхаар нь миний уур хүрч гэрт нь уулзахаар очсон юм. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би Д гэх хүний тээврийн хэрэгслүүдийг гэмтээсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал, хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн хуулийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/,  
 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-11 хуу/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15 хуу, 81-82 хуу/

*Хохирлын үнэлгээ тогтоосон 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/,

*Урьд ял шийтгэгдэж байсан эсэх тодорхойлолт /хх-ийн 86 хуу/

*Хохирогч Н.Дгийн хүсэлт /хх-ийн 115 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч П.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч П.М хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

  Иймд шүүгдэгч П.Мад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн бууны хуйгаараа хугарсан ар хэсэг болон замаг, гол төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д овогт Пгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн бууны хуйгаараа хугарсан ар хэсэг болон замаг, гол төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ