| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00666/и |
| Дугаар | 153/ШШ2020/00521 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2020/00521
| 2020 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2020/00521 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ......... Д // -ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00666/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Э.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лхамжав овогт Эрхэмбаярын Даваажаргал миний бие 1970 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1978 онд Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1986 онд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, 1988 онд Ховд аймгийн Манхан сумын арван жилийн 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд тус сумынхаа Баясгалант амьдрал нэгдэлд илгээлтээр ногоочноор ажиллаж эхэлсэн. Ногоочноор 1990 оныг хүртэл ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд регистрийн дугаартай, Лхамжав овогт Эрхэмбаярын Д намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Дын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1411 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай тушаал, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай тушаал, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дугаартай тушаалуудын архивын хуулбар үнэн дарсан хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Үйлдвэр бригадын 1988 оны 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 4-9 дүгээр тал/
2.Нэхэмжлэгчид 1989 онд олгосон диплом /хх-ийн 14 дүгээр тал/
3.Нэхэмжлэгчид 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын ХЗЭ-ийн хорооноос олгосон гэрчилгээ /хх-ийн 15 дугаар тал/
4.Нэхэмжлэгчид 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Ургацын аварга цол олгосон диплом /хх-ийн 16 дугаар тал/
5.Гэрч Г.Чулуундолгорын:... Би 1983 онд Ховд аймгийн Манхан сумын арван жилийн дунд сургуулийн аравдугаар ангийг төгсөөд эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор ажиллаж эхэлсэн. Ногоочноор 1992 оныг хүртэл ажилласан. Э.Д нь 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор ажиллаж эхэлсэн. Тухайн үед Э.Дын эцэг эх болон манай эцэг эх хоёр хамт ногоочноор ажилладаг байсан учраас сайн мэдэж байна. Э.Д нь 1990 оны дунд үе хүртэл ногоочноор ажилласан. Э.Д нь ажиллаж байх хугацаандаа аварга ногоочин болж байсан. Төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн гээд баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан. Ажилдаа сайн хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
6.Гэрч Ж.Баттулгын:... Би 1975 онд цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1983 онд Улаанбаатар хотын Тээврийн яамны харъяа Авто сургуульд суралцаж жолооч болсон. Жолооч болчихоод тус ондоо буцаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд автын слесэрь, газар тариаланд ногоочноор ажилласан. Би 1990 он хүртэл ажилласан. Өвөл нь автын слесэрь, хавар, намар, зун нь ногоочноор ажилладаг байсан. Э.Д нь 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор ажиллаж эхэлсэн. 1988-1991 он хүртэл ногоочноор ажилласан. 1991-1993 оны хооронд тус нэгдлийнхээ Баянгол бригадад малчнаар ажилласан. Э.Д нь аймгийн аварга ногоочин болж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Ажилдаа сайн хүн байсан. Их ажилсаг. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргаар Үржингийн Цэдэнбал гэж хүн ажиллаж байсан. Ү.Цэдэнбал гуай бараг 20-д жил нэгдлийн даргаар ажиллаж байсан. Агрономичоор Ж.Наранцэцэг гэдэг хүн ажиллаж байсан. Нягтлан бодогчоор Энхтөр гэж хүн ажиллаж байсан. Энэ хүмүүс бүгдээрээ 10-20 жил ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л овогт Э-ын Д / /-ыг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ