| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/84 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/84
2024 01 16 2024/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
хохирогч Ж.С,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 2306 02945 3683 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ял оногдуулсан,
Б.Т /РД: ХХ000000000/
Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3677 дугаартай шийтгэврээр "Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ХХ тоотод 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Стэй хэрүүл маргаан хийж, зодож, хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн" гэх зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдан, 7 хоног баривчлагдсан,
мөн шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1336 дугаартай шийтгэврээр "Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ХХ тоотод 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Стэй хэрүүл маргаан хийж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан" гэх зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдан, 7 хоног баривчлагдсан,
мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1527 дугаартай шийтгэврээр "Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ХХ тоотод 2023 оны 05 дугаар сарын 05-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү Бат-Оргилыг "гэрээ цэвэрлэсэнгүй" гэж орилж, хашхирч, зодох гэж дайрч айлган сүрдүүлж, төмөр түмпэн авч шидэн, ширээ сандлаа гараараа нүдэж бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан" зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан,
мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1993 дугаартай шийтгэврээр "Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ХХ тоотод 2023 оны 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Стэй хэрүүл маргаан хийж, гэдэс рүү өшиглөн зодсон" зөрчилдөө 10 цагийн албадан сургалтад хамрагдан, 7 хоног баривчлагдсан байх үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны үүрийн 04 цаг 15 минутад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ХХ тоотод 2022 оны 12 дугаар сарын 13-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Стэй хэрүүл маргаан хийж, хоолойг боож, зодсон зөрчил үйлдсэн,
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ХХ тоотод хүүхдийн эрх зөрчсөн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д зааснаар 0422358 дугаартай шийтгэврээр 300 нэгж буюу 300.000 төгрөгийн торгох шийтгэл хүлээж байсан зэрэг баримтуудаар яллагдагч Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.С, төрсөн хүү бага насны Н.Б нарыг зодох болон эрүүл аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж, харгис хэрцгий хандан тэднийг байнгын бие махбодын, мөн сэтгэл санааны хүчирхийлэлд байлган гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Хохирогч Ж.С өгсөн"...Миний нөхөр Б.Т нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны 21 цагийн үед найзууд дуудаад байна явчхаад ирье гээд гарсан. Тэгээд үүрээр орж ирчхээд зурагтын дууг 1000 хүргээд байхаар нь би уурлаад нөхөртөө дууг нь багасгаач, би унтаж амармаар байна гэхэд намайг тоохгүй зурагтын дуугаа дагаж дуулаад байсан. Тэгээд болохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Б.Т ганцаараа ажил хийдэг, тэгээд архи уухаараа л муухай ааш гаргадаг, уухгүй үедээ зүгээр байдаг..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-31 дэх тал/
Насанд хүрээгүй хохирогч Н.Бын өгсөн "...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад, аав Б.Т хөдөө байдаг ажлаасаа гэртээ ирсэн. Аав гадаа хашаандаа архи нуучихсан тэрийгээ гарч уугаад байсан бөгөөд өдөр 13 цагийн орчим аав надтай тоглож байгаад намайг гижигдээд байсан, тэгээд намайг сууж байхад миний хөлөөс татаад би толгойгоороо тогоо мөргөөд миний толгойноос цус гараад ээж тэгээд цагдаа дуудсан. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аав Б.Т гаднаас согтуу орж ирээд над руу хувцас угаадаг түмпэн авч шидээд байсан бөгөөд ээж Ж.Сэ цагдаа дуудсан. Аав ээж хоёр хооронд маргалдахаар нь би салгах гэхээр аав намайг салгах гэлээ гээд нүүр лүү rapaapaa цохидог, гэхдээ миний нүүр хөхөрч, хавдаж, цус гарч байгаагүй. Аав Б.Т архи уухаараа ээжтэй маргалдаж муудалцдаг, хааяа нэг ээжийгээ түлхэж унагаадаг. Аав бид нарын хажууд архи уудаг..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 61-63 дахь тал
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3677 дугаартай шүүхийн шийтгэвэр, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1336 дугаартай шүүхийн шийтгэвэр хавтаст хэргийн 57-58 дахь тал/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1527 дугаартай шүүхийн шийтгэвэр, /хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1993 дугаартай шүүхийн шийтгэвэр, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Зөрчлийн 0-8350 дугаартай гомдол мэдээллийн дагуу холбогдогч Б.Тыг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0422358 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн талаарх зөрчлийн хэргийн баримтууд, /хавтаст хэргийн 64-70 дахь тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хавтаст хэргийн 12 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 7 /долоо/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тыг 7 /долоо/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Тыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, хүүхдээ зодож, эрүүл аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж, харгис хэрцгий хандан тэднийг байнгын бие махбодын, мөн сэтгэл санааны хүчирхийлэлд байлган гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тыг 7 /долоо/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ