| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00525/и |
| Дугаар | 153/ШШ2020/00418 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00418
| 2020 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00418 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн ........... тоотод оршин суух, Х овогт Б-ын Б / /-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ........ оршин суух, Бэйл овогт Н-ын С / /- д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00525/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Н.Стэй 2018 оны эхээр үерхэж байгаад 2018 оны 5 сард жирэмсэн болж 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр охин С.Сэргэлэнцэцэгийг төрүүлсэн. Охин маань миний асрамжинд эрүүл бойжиж байна. Одоо охин маань 1 нас 3 сартай. Охин бид хоёр манай ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдарч байна. Төрөөс олгодог хүүхдийн мөнгийг эцэг болох Н.С нь авдаг бөгөөд би авч чадахгүй уг мөнгө хүүхдийн хэрэгцээнд зориулагдаж чадахгүй байгаа тул уг мөнгийг авах эрхийг эх миний нэр дээр шилжүүлэн өгч охиныг би өөрөө асарч байгаа тул асрамжинд авахаар нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч би хүүхдийн мөнгө авах эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Охин миний асрамжинд байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. Б нь хариуцагч Н.С-д холбогдулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч хүүхдийн мөнгө авах эрхийг шилжүүлсэн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийн тал хувь болох 52,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 52,020 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Сээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,020 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Бт олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б. Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.С-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийн тал хувь болох 52,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 52,020 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Сээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,020 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ